Наадам хэсээд найрлаад л байхаас даа

Өнөө хүн бүрийн яриад, шуугиад байгаа олон тэгш ой тохиосон улсын наадам болох өдөр нэг нэгээрээ өнгөрөөд л байна. Хэдхэн хоногийн дараа хэний хүү цол нэмж, хэний морь магнайдаа тоосгүй ирэхийг харна. Тэр өдөр аз нь гийсэн сайн хүний үр, сүүт гүүний унага л олон тэгш ой тохиосон наадмын хийморь нь болох биз. Наадам ч яах вэ, болдгоороо болно. Харин түүний хажуугаар 10 гаруй аймгийн ой тохиож, улсын наадмаас зөрж наадах юм билээ. Аймгуудын ой гэхэд долдугаар сарын 28, 29, 30-нд болно. Түүнээс гадна хэд хэдэн даншиг байгаа. Бас л улсын баяраас зөрөх байх. Бөхчүүдийн хувьд ингэж олон наадам зөрж таарч байгаа нь завшаан.

Улсын баярт хүч үзчихээд аймгуудын ой, даншигт барилдаж, бяр хүчээ шавхана. Уяачид ч ялгаагүй. Гэхдээ л ингэж их наадамлах нь буруу юм шиг санагдаад байгаа юм. Өнөөдөр манайд шатахууны асуудал толгой өвтгөж байна. Шатахуун импортлогчид нь үгсэн хуйвалдаж, хомсдоогүй байхад үнэ нэмж байгаа тухай ч яригдаж л байгаа. Төр ч гэсэн түүний эсрэг арга хэмжээ авч, зохиомлоор үнэ нэмсэн компаниудын орлогыг улсын орлого болгоно гээд үзэж тарж байна. Ийн худлаа үнэн ярьж, эвлэж, эвдэрч байгаа нь мэдэгдэхгүй дунших зуур иргэд өндөр үнэтэй шатахуунд дарлуулж гүйцлээ. Ийм байхад тэр олон наадмыг зөрүүлж хийх шаардлага байгаа юм уу.

Ямар зорилготой, учиртай ингэж зөрүүлж байгааг ойлгохгүй байна. Мэдээж өнөөх хэдэн төрийн түшээд, сайд дарга нар нь том жийпээ хөлөглөөд, аймаг аймгийн наадам хэсээд л найрлана биз. Даншиг ч алгасахгүй дээ, цаадуул чинь. Тэгээд ганц машинтай явахгүй. Дор хаяж гурав, тэгээд цуваа болно. Тэгээд дандаа 100 км-т 40 литр түлш зарцуулдаг том жийптэй давхина. Мэдээж төрийнхөн талон, картаар түлш авах гээд дугаарлана гэж юу байх вэ дээ. Дайрч ороод л дүүргэж аваад гардаг юм байгаа биз дээ. Тэгээд ч зогсохгүй том саваар нөөцөлнө. Ингээд ховордсон тодотголтой түлшээ шавхах байлгүй. Одоо олдохгүй байгаа түлш нь тэр үеэр улам ховордоод, ядарсан иргэд нь явган таваргахдаа тулах вий дээ.

Зөвхөн гишүүд, сайд дарга нар гэлтгүй мөнгөтэй гэсэн болгон тэр наадмууд руу чинь том машинаа унаад зүтгэж л таарна. Ер нь улсын наадамтайгаа нэг өдөр л хийчихвэл яасан юм. Баярладаг өдрөөр л наадамдана биз. Тэглээ гээд муудах юу байна. Улсын наадмаа үзэх нь үзээд, аймаг орон нутгаа зорих нь явахад болохгүй юмгүй. Шатахуун, түлшинд ч хэмнэлттэй. Дарга нар наадам хэсч явахаар хойшоо, урагшаа явж шатахуун “гуйх” ажлаа ч амжуулна биз. Улсын төсвийн мөнгө үрж бай шагнал өгөхгүй бол иргэдэд л хэрэгтэй. Ядаад л гишүүн ирлээ гэж аймгийн Засаг дарга нь орон нутгийнхаа хамаг хөрөнгөөр дайлахгүй гээд сайн тал бас байгаа шүү. Бөхчүүд ч гэсэн улсын наадамдаа зодоглох гээд үзэж байх хойгуур гайгүйхэн барилддаг залуу үнэн хүчээрээ аймгийн арслан болно биз. Хамгийн гол нь ховордсон түлш шатахуун түгээх газартаа үлдэж, ядарсан иргэд арай хямдхан үнээр худалдаж авбал бүр л сайн.

Н.Пунцагболд

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих