Гамшиг тохиолдвол монголчууд бэлэн үү

“Монголд хэрвээ Японд болсон шиг 8 баллын газар хөдлөлт болвол би өнөөдөр байхгүй байсан байхаа. Өнөөдөр түрүүлээд мэдээлдэг, эрж хайх аврах тогтолцоо сул байгаа нөхцөлд би амьд явах баталгаа алга” хэмээн ТК гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн блогдоо бичжээ. Үнэхээр бид ямарваа нэгэн гамшиг тохиолдлоо гэхэд олон улсын төвшинд нийцсэн гамшгийн хяналтын систем, мэдээллийн технологид суурилсан аврах ажиллагаа явуулж чадах уу? Албаныхан нь үүнд “Үгүй” гэж хариулж байна. Ямар нэгэн гамшиг тохиолдлоо гэхэд түүнийг урьдчилж мэдээлэх хяналтын систем, харилцаа холбооны технологи нь манайд алга. Яг манайхтай адилхан байсан Гаити улсад одоогоос жилийн тэртээ хүчтэй газар хөдлөлт болж олон мянган хүн нас барсан билээ. Гамшиг болсны дараа эрж хайх ажил дутуу явагдсанаас нэмж олон арван зуун хүн нас барсан юм. Гамшгийн өмнөх сэрэмжлүүлэг, гамшгийн дараах эрж хайх систем манайхтай адил хөгжөөгүй байснаас тэр.

Тэгвэл энэ аюулыг таягдан хаяхын төлөө “Монгол Улсыг гамшгаас хамгаалахад мэдээлэл харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинараар мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагуудаар дамжуулан гамшгийн талаарх мэдээллийг хэрхэн хүргэх вэ, Цаг уурын мэдээллийг хэрхэн хүргэх ёстой вэ? Монгол дахь гамшгийн талаарх мэдээллийн өнөөгийн байдал зэрэг олон арван сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм. Хамгийн гол нь бидэнд шинэ байж болох гамшгийг мэдээлэх техник, тоног төхөөрөмж, арга хэрэгсэлийн талаар Монгол улс анх удаа салбарынхаа олон эрдэмтэдийг хамран зохион байгуулсанд оршиж байна. “Монгол Улс гадаадад байдаг техникүүдийг оруулж ирэх, туршлагыг нь судалвал гамшгаас үүдэх эрсдэл харьцангуй буурах болно” гэж Р.Отгонтулга илтгэлдээ дурьдаж байсан юм. Энэхүү семинарт оролцож байсан Хятадын “Huawei ECV” компанийн гүйцэтгэх захирал Шоун Шү “Танай улс хэрвээ энэ хэлэлцээд байгаа асуудлыг хэрэгжүүлэх юм бол бүс нутгийнхаа хэмжээнд гамшгийн эрсдэл хамгийн багатай улс болох боломжтой. Ийм семинар зохион байгуулж байгаад баяртай байна” гэж хэлж байлаа.

Манайд өнөөдөр л яригдаж байгаа энэ асуудал дэлхийн улс гүрнүүдэд шинэ зүйл огт биш. Дэлхийн ихэнх улс гүрнүүд 1970-аад оны эхнээс гамшгийн эрсдэлийг бууруулах талаар анхааралдаа авч бодлого боловсруулж байжээ. Тухайн үед шинэхэн хэрэгсэл байсан компьютерийг ашиглан тэд нэгдсэн удирдлагын систем, сансрын холбоо зэргийг ашиглан олон нийтэд мэдээлэх, гамшгийн дараа эрж хайх ажлыг зохион байгуулж эхэлсэн юм. Өдгөө дэлхийн ихэнх улсууд “GAP” хэмээх системийг хэрэглэж байна. Энэ систем нь компьютер дээр суурилсан үйлчилгээнүүд болон гар утсыг ашиглан олон нийтэд мэдээлэл хүргэх арга юм. Тухайлбал, газар хөдлөлтийн тухай мэдээлэл гар утас хэрэглэдэг бүх хүнийн утсанд мессежээр ирнэ. Хэрвээ тухайн хүн ямар нэгэн осолд өртөж, нурангид даруулсан бол түүний хаана байгааг илрүүлэх хяналтын төв ч бий. Мөн хаана байгаагаа хэлэх тусгай дугаар ч хүртэл байдаг аж. Тухайн хүн аврах дуудлага, мессеж хяналтын төв рүү хүргэсэн бол энэхүү мэдээлэл хэдхэн хормын дотор интернетэд тавигдан ойр дотных нь хүмүүс мэдэж болох боломжтой. Яг ийм технологи өнгөрсөн зууны сүүлээр бүх дэлхий даяар тархсан байдаг. Харин Монгол Улс дөнгөж өнөөдөр мэдэж байна. Гэхдээ хараахан оройтчихоогүй байгаа юм.

Одоогоос яг жилийн өмнө болсон газар хөдлөлтөд их хэмжээний хохирол амссан Гаити улсад одоо л энэ системийг нэвтрүүлж байна. Утасгүй интернэтийг ашиглан гамшигт өртөгсдийг хайх системийг одоо л суурилуулж байгаа бөгөөд гамшгийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, хяналтын төв байгуулах ажилдаа оржээ.

Бидний амьдарч байгаа энэ зууныг ихэнх хүмүүс мэдээллийн эрин зуун гэж яриад байгаа. Тэгвэл энэ зууны хамгийн гол хэрэгсэл болсон компьютерийг ашиглан гамшгаас учрах нөлөөллийг багасгах арга дэлхийн практикт нэвтрээд чамгүй хугацааг үджээ. Харин Монгол улс дөнгөж саяхан л энэ тухай мэдээд семинар зохион байгуулж байна. Бас ч гэж мэдээд хуралдаж байгаа нь сайн хэрэг харин бодит ажил хэрэг болоосой хэмээн найдах л үлдлээ.

Б.Болорсүх /сурвалжлагч/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих