БИД Ч БАС НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАХ БИЙ ДЭЭ

content_photoАргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би… гэж бахархан дуулж уншиж, хүүхэд наснаасаа эх нутаг, Монгол орноороо омогшиж өссөн бид өнөөдөр харин “утаа” гэх энэ зүйлээс айж түгших болжээ. Хүн төрөлхтөн анх гал гаргаж, гэрэл  асааж, гарц  хөгжлөө олсны баталгаа болж ирсэн утаагаараа бахархаж бүжиг наадмаа хийдэг байлаа шүү дээ. Эрт дээр үед хүн утаа хараад баярладаг байв. Галаа  тойрон бүжиж, галын бурханд мөргөж, галын дөл утаагаар дамжуулан өвгөдийнхөө сүнсэнд үгээ дайдаг байсан тухай түүх домог олон. ХХ зуунд тухайн үеийн агуу гэгдэх яруу найрагчид үйлдвэрийн яндангийн утаагаа нэлээн хэдэн удаа магтан дуулсныг бид мэднэ. Тэр утгаараа яндан болон түүнээс гарах утаа нь нэг хэсэг хөгжлийг илэрхийлэгч нэгэн байв. Гэтэл ХХI зууны нэг  л өглөө утаандаа хайртай байсан Монголчууд түүнийг үзэн ядаж сэрлээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод утаа гамшгийн байдалд хүрч үүнээс болж хүүхдээ, ач зээгээ алдсан, жирэмсний үед хүүхэд нь эндсэн, амьсгалын замын өвчнөөс салахаа байсан, тахир дутуу, оюуны хомсдолтой төрсөн хүүхдүүдийн аав ээж, эмээ өвөө, ах эгч нар төв талбайд жагсаж эхэлсэн. Тэд Засгийн газарт доорх шаардлагуудыг тавьж байгаа гэнэ. Үүнд:
1.Засгийн газар утаа гамшгийн хэмжээнд  хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлах хэрэгтэй
2.Гамшгийн тухай хуульдаа “Утаа бол гамшиг” гэдгийг нэмж оруулан онцгой байдал зарлах
3.Онцгой байдал зарлахад авдаг бүх арга хэмжээг авах
4.Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэх
5. Агаарын бохирдолтой тэмцэх үр дүнгүй хуучин аргуудаа өөрчилж дорвитой ажиллах гэсэн үндсэн шаардлага тавьсан байна.
Эндээс харахад энэ тулгамдсан асуудал аюулд хүрч байгааг төр засгийн эрхэмүүд маань нэн даруй анхааралдаа авч ажиллах хэрэгтэй болоод байгаа юм бус уу. Энэ талаар Ерөнхий сайд өнгөрсөн 12 сард л дөнгөж “ОДОО ЯАХ ВЭ”  гэж эрдэмтдээсээ асуусан гэх. Энэ  бол дэндүү хожимдсон ухаарал, хариуцлагагүй байдал юм. Гэтэл сүүлийн 15 жилд агаарын бохирдлын эсрэг зарцуулсан мөнгө 130 гаруй тэрбум төгрөг гэнэ. Тэгвэл энэ мөнгөөр утааг багадуулдаггүй юмаа гэхэд энэ гамшгийн байдалд хүргэхгүй байж, барьж болоогүй гэж үү. Агаарын бохирдлоос болж өвдсөн, эмнэлгийн туслалцаа авахаар очих хүүхэд болон хүмүүст манай улсын эмнэлгийн хүрэлцээ муу, ор байхгүй байхад төр засаг нь өнөөх л “утаагүй зуухаа” ярьсаар. Түүнийхээ оронд ядаж эмнэлэгт хэдэн ор нэмэрлэвэл илүү олон хүүхдийн амь аварч болох шүү дээ. Нэг жилд л гэхэд 0-1 насны 500 гаруй хүүхэд нас барж байгаа тоо баримт байна. Ирэх жилээс энэ тоо 25% нэмэгдэх хандлагатай уушгины өвчлөл, сүрьеэтэй хүний тоо хэдэн жилийн дараа бүтэн үеэрээ гарч ирэх магадлалтай тухай эмч эмнэлгийн ажилтнууд ярьж байна.
-Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.
Агаарын бохирдлын улмаас дэлхий нийтэд жилд 7 сая гаруй хүн амиа алддаг гэсэн судалгаа байна.
Утааны гол буруутан нь гэр хороолол гэх. Гэтэл Монголчууд бид уламжлал болсон гэрээ тийм амархан орхихгүй, тийм боломж ч бараг байхгүй. Харин манайх шиг нар салхины сэргээгдэх эрчим хүчний нөөц сайтай оронд өрхийн хэрэглээг хангах хэмжээний боломж олон байдаг юм байна. Адаглаад нарны эрчим хүчээр халдаг цонх, дулааны алдагдлыг бууруулдаг будаг, салхины хүч ашиглаад халдаг халаагуур, газрын гүний дулаан, богино долгион, яндангийн утааны хортой нэгдлийг шүүдэг шүүлтүүр гээд энэ бүхнийг санаачлагч олон байх ба тэднийг төр засаг дэмжээд жаахан мөнгө төсөвлөөд судалгаа хөгжүүлэлтэд нь дэмжлэг өгвөл гэр хорооллын утааны асуудлыг шийдэж болох мэт. Утааны 80 гаруй хувийг түүхий нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа гэдэг нь тодорхой болсон. Үлдсэн хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй байна.
Өнгөрсөн ХХ зууны 1952 оны өвөл утааны гамшгаас болж хоёрхон долоо хоногт 4000, хэдхэн долоо хоногт 12 мянган хүн амь насаа алдсан гашуун түүхийг өнөөдөр Лондон хотынхон төдийгүй дэлхий нийт мэднэ. Харин өнөөдөр энэ гашуун түүх Монголд давтагдахгүй гэх баталгаа алга байна. “Үхлийн утаат хөшиг” буусан энэ өдрүүдэд шувуу хүртэл нисэх зүгээ олохгүй байшин барилга мөргөж үхэж байсан гэдэг. Түүхэнд тэмдэглэгдсэн энэ хар өдрүүдийн дараа л Английн Засгийн газар арга хэмжээ авч эхэлсэн байна. Тэд “Цэвэр агаар” хууль баталж дээр дурьдсан арга хэмжээг дэс дараатай авч,  хуулиа хэрэгжүүлсэнээр дөрөвхөн жилийн дараа агаарын бохирдлоос ангижирч чаджээ.
Энэ мэт арга хэмжээг зөв зохистой авч хэрэгжүүлж төр засаг маань бодлоготой, хүн бүр оролцоотой хамтран ажиллаж чадвал бидэнд гарц байж болох юм шиг ээ. Монгол улс гурван сая гаруй хүн амтай, өргөн уудам газар нутагтай орны хувьд утаа, агаарын бохирдлоос иргэд нь эрүүл мэндээр хохирч, амь насаа алдахад хүрч байгаа нь жинхэнэ эмгэнэл гэхээс өөр аргагүй юм. Агаарын бохирдол хэмээх энэ гамшиг Улаанбаатар төдийгүй аймаг орон нутагт ч асуудал болж эхэлж байна. Жишээ нь: Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад одоогоор хамгийн их хэмжээтэй байгаа юм байна. Алтай хотод маань ч агаарын бохирдол “утаа” гэх энэ асуудал жил ирэх тусам нэмэгдсээр л байна.  Энэ талаар аймгийн УЦУОША-ны лабораторийн эрхлэгч н.Сарантуяагаас тодруулахад: –“Манай аймгийн тухайд одоогийн байдлаар агаарын бохирдол хэвийн байгаа. Бид сар бүрийн  1,2,3-р  арав хоногийн дундаж байдлаар шинжилж судалгаа гаргадаг. 2017 оны 1 дүгээр  сарын 1-р арав хоногийн байдлаар агаар дээрх SO, NO гэсэн хоёр хэмжилтийг хийж  үзэхэд SO2-нь 0023, NO2-нь 0034-тэй гарсан. Энэ хоёр хэмжилтийн хүлцэх агууламжийн дээд хэмжээ нь SO2 нь 0450, NO2 нь 0200 байдгаас үзэхэд манай аймгийн агаарын бохирдлын хэмжээ хүлцэх агууламжинд хүрээгүй хэвийн байдалтай гэж үзэж байна. Ард иргэд хэрэглэгчид маань энэ талаарх мэдээллийг www.Govi-Altai.gov.mn гэсэн вэб сайтаас харах боломжтой. Одоо бид аймгийнхаа багууд дээр агаарын бохирдол их байдаг өглөөний 8-н цаг, оройн  20-н цагийн үед явуулын судалгаа, хэмжилт хийж аль баг дээр илүү утаа тортогжилт их байгааг  мэдээлнэ. Энэ мэдээгээ  tsagagaar.mn, govi-altai.gov.mn гэсэн вэб сайт дээр тавих болно” гэсэн юм.  Мөн аймгийн Эрүүл мэндийн газраас агаарын бохирдолтой холбоотой өвчлөл хэр байгаа талаар лавлахад одоогийн байдлаар хэвийн байгаа бөгөөд хүйтний эрч чангарсан, мөн шинэ жилийн баяр давхцсан өдрүүдэд баг өрхийн эмнэлгүүдээ амралтгүй ажиллуулж хүндрэл багатай ажилласан талаар дурьдаж байна. Тэгвэл “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр заавал Улаанбаатар хотынх шиг гамшгийн байдалд хүргэлгүй нүдэнд харагдах төдий хэвийн хэмжээнд байгаа дээр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч агаарын бохирдлоос өөрийгөө болон Алтай хотоо хамгаалах ажлыг дэс дараатай, үе шаттай хэрэгжүүлвэл бид цаашдаа  “агаарын бохирдол, утаа” хэмээх энэ аюулд өртөхгүй байж болох л юм. Үүнийг аймаг орны удирдлагууд, ард иргэд бид бүхэн хариуцлагатайгаар ухамсарлаж сэтгэл зүтгэл гаргаж чадвал агаарын бохирдол гэх гамшгаас Алтай хотоо хамгаалж чадахнээ. Аргалын утаа нь  суунагласан атар сайхан нутгаа “нүүрсний утаанд нүүгэлтсэн” эмгэнэлт хувь заяанаас  хамгаалахсан даа. Дээрх УЦУОША-ны ажилтны хэлсэнчлэн багууд дээр авсан хэмжилт, судалгааны тухай болон аймгийн Засаг даргаар батлуулсан “агаарын бохирдлыг бууруулах 2016 оны төлөвлөгөөг”  БОАЖГ-ын мэргэжилтнээс эргэн сурвалжилж уншигч та бүхэндээ мэдээлэх болно.
Сурвалжлагч: Н.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих