Э.Цасчихэрийг төрөх эмнэлэг барихдаа алдаа гаргасан үйлдлийг нь шалгаж өгөхийг хүсч байна гэв

Увс нутгийхан Засаг дарга Э.Цасчихэрийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргаж улмаар тус газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж байсан аж.

Гэвч Увс аймгийн прокурорын газраас уг хэргийг  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хяналтын шатанд хэрэгсэхгүй болгосон юм. Харин Улсын ерөнхий прокурор уг хэргийг дахин шалгах үүргийг АТГ-т өгсөн юм. Түүнийг гүүр барих тендерийн ажлаас гадна төрийн албан хаагчийн таван давхар орон сууцны нэг давхрыг хасч дөрвөн давхар болгож барьсан үндэслэлд нь хуулийн байгууллагаас тайлбар хүсч буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр  тус аймагт   төрөх эмнэлгийг 480 сая төгрөгийн өртөгтэй өөрийн эзэмшлийн компаниараа бариулсан ч төд удалгүй буюу найман сарын дараа шинэ төрөх эмнэлэгт нуралт үүсч эхчүүдээ хүлээн авах боломжгүй болсон тул 60 сая төгрөгийг засвар хийсэн гэнэ. Эл хэргийг нь АТГ  шалгаагүй тул нэмж шалгаж өгөхийг тус нутгийн иргэд хүсч байгаа гэнэ.

Одоогоор түүнийг АТГ-т Увс аймгийн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м гүүрийн барилгын ажлыг өөрийн  эзэмшлийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьж зөрүү мөнгийг нь шамшигдуулсан гэсэн мэдээллийн мөрөөр ийн шалгуулах болсон юм.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих