“Нийслэлийн ачиж журамлах төв” байгуулах талаар хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Үүнээс онцлох хэдэн зүйл байв. Тодруулбал “Нийслэлийн ачиж, журамлах төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, дүрэм батлах тухай байсан юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын, Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр уншиж танилцууллаа. “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тээврийн хэрэгслийг тусгай хашаа талбайд зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Ирэх сарын 1-нээс замын аюулгүй байдлын тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиуд шинэчлэгдэн зохион байгуулагдсанаар хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Авто замын газар шинэчлэгдэж байгаа. Бид нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлэхэд төлөвлөн ажиллаж байна. Иймд Замын хөдөлгөөний удирдлагын төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харъяа ачиж журамлах албыг “Нийслэлийн ачиж журамлах төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах санлыг хүргүүлж байна” гэв. Одоогийн байдлаар ачиж журамлах алба нь 37 хүний орон тоотой, нийт 14 тусгай зориулалтын авто машиныг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус алба нь өнгөрсөн оны байдлаар 700 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлж ажилласан аж. Түүнчлэн энэ онд тээврийн хэрэгслийн зөөн шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгжүүд байгаа юм байна. Зөөн шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг дээрх аж ахуйн нэгжийн дийлэнх нь хувийн компани тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай. Мөн үндсэн ачиж буулгах журмаа эргэн харж, шинэчлэх хэрэгтэй гэж хурлын гишүүд үзэж байсан юм. Хурлын гишүүдийн дийлэнхийн санлаар уг асуудлыг буцаасан бөгөөд журмаа шинэчилж дахин хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Хурлаар мөн “Усан спорт сургалтын төв”-ийг хязгаарлагдмал хувьцаат компани болгон өөрчлөх тухай хэлэлцсэн юм. Усан спорт сургалтын төв нь 1986 онд баригдсан. Залуучуудын байгууллагын харьяанд байсан бөгөөд 2005 оноос хойш нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөгдөн байгуулагдсан аж. Хувьчлах асуудлыг өмнө нь хэлэлцэж байсан бөгөөд 100 хувь өмчлөх талаар хэлэлцэж байгаад 40 хувийг нь өмчлөх шийдвэр гарч байжээ. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг бүтцийн өөрчлөлт  хийхгүйгээр шууд шилжүүлэх боломжгүй. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийж байгаад 40 хувийн шилжүүлэх боломж үүснэ гэв.Бүтцийн өөрчлөлт хийсний дараа тэргүүлэгчдийн хурал 60 хувийг төлөөлөх хүмүүсийг тогтооно. Харин үлдсэн 40 хувийг зарахдаа өмч хувьчлалын үнэт цаас зардаг журмын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар зарах юм байна. Харин ИТХ-ын зарим гишүүд процесс дараалал нь буруу байна. Хууль дүрмийн дагуу явуулахгүй бол улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй. Ингэж өмчлөх нь нэг талаар ашгийн байгууллага болно гэж үзэж байлаа. Хэлэлцээрийн эцэст хязгаарлагдмал хувьцаат компани болгох дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзээд тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.


URL:

Нэр: dd Огноо: 27 August 2015

хаана л идчихмээр юм бна гэсэн цөөвөр чононууд

Сэтгэгдэл бичих