Ургац хураалтад 1000 гаруй цэрэг оролцож байна

ургац хураалт

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.

 

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан байна.

 

Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тарианы хураалт 9 дүгээр сарын 08-наас эхэлсэн, цаг агаарын байдалтай холбоотойгоор үр тарианы хураалт бүрэн жигдэрч чадаагүй байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар 26.6 мянган га-г ангилан хадаж, 16.8 мянган га-г цайруулж, 46.0 мянган га-г шууд хурааж, нийтдээ 63.1 мянган га-гаас 52.5 мянган тонн үр тариа, 4.6 мянган га-гаас 51.2 мянган тонн төмс, 2.9 мянган га-гаас 31.9 мянган тонн хүнсний ногоо, 6.5 мянган га-гаас 10.8 мянган  тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 21.2 хувьтай, төмсний хураалт 38.1 хувьтай, хүнсний ногооны хураалт 46.1 хувьтай байна. Энэ нь нэг га талбайгаагаас 8.3 цн буудай, 110.5 цн төмс, 107.4 цн хүнсний ногоо, 17.0 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч байгаа үзүүлэлт юм.

 

Өнгөрсөн оны мөн үед үр тарианы хураалт 31.9 хувь, төмс, хүнсний ногооны хураалт  47.0 хувь,  тэжээлийн таримлын хураалт  31.7 хувьтай явагдаж байсан бол энэ жилийн хувьд улаанбуудайн хураалт харьцангуй орой эхэлж явц нь удаашралтай  байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ашиглаж байгаагаас гадна 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна.

 

Энэ намрын ургацын төлөв байдал, ургац хураалтын ажилтай холбогдуулан хураан авсан буудайн борлуулалтыг дэмжих, хүн амын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, хангамжийг тогтвортой хадгалах улмаар 2016 оны тариалалтад зориулан чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн “Хүнсний болон үрийн буудайн нөөц” бүрдүүлэхэд 80.0 тэрбум, “Тэжээлд шилжүүлсэн үр тарианы талбайгаас ногоон тэжээл” бэлтгэхэд 8.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг тус тус шийдвэрлүүлжээ.

 

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 24-25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орох урьдчилсан төлөв ирүүлээд байна. Тиймээс ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, төмс, хүнсний ногоог хөлдөж хайрагдахаас сэргийлэх, ангилан хадсан талбайн хураалтыг шуурхайлах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.

Чухал.мн


URL:

Сэтгэгдэл бичих