Микроавтобус тасалбартай болчихсон юм байна шүү дээ

Нийслэлчүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг микроавтобуснууд “соёлгүй”, “үнээ дураараа нэмдэг” гэгддэг ч ганц нэг зуун төгрөг татуу төлж болдог болохоор ойрхон газар зорчих хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг.

Өчигдөр Баянбүрдийн тойргоос олны нэрлэж заншсанаар “Ардын эрх”-ийн буудал хүрэхээр микро автобусанд сууж 200 төгрөг өгтөл кондуктор авгай 300 төгрөг нэхдэг юм байна. Төлсөн мөнгөө нэг буудал явахад хангалттай гэж үзээд татгалзтал харин нөгөө кондуктор чинь Тэгвэл тасалбараа авахгуй юу” гээд 400,500 төгрөгийн үнэтэй хоёр янзын тасалбар гаргаад ирдэг байгаа.

Мэргэжлийн өвчин хөдлөөд хэзээнээс эхлээд тасалбартай болсон, өөрөө ямар компанийн ажилчин болох зэрэг ойр зуурын асуулт асуутал “Наймдугаар сарын 1-нээс ийм болчихсон шүү дээ. Бид шугам хулгай хийдэггүй.

Нийслэлийн тээврийн газарт татварыг нь өгөөд үйлчилгээ эрхэлж байгаа юм шүү” гэх зэргээр ухуулж гарлаа. “Нэг буудал явбал 400 төгрөгний тасалбар авна. Цаашаа бол 500 төгрөг. Тасалбараа ав” гэж шахлаа. Бүр дэндээд “Тасалбараа авч чадахгүй байж битгий олон юм ярьж бай” гэснийг яана.

Автобусанд явж байсан хүмүүсээс тасалбараа авсан эсэхийг асуухад бүгд аваагүй гэлцэн толгой сэгсэрч байлаа. Одоо миний ээлж ирсэн тул “Хүн болгонд тасалбарыг нь өгчихөөд олон юм ярь. Татвараас зугтсан луйварчингууд” гээд аваад хаячихав.

Ашгүй энэ үед зорих газраа хүрсэн тул хэрүүлийг даамжруулалгүй буулаа. Эндээс нэг зүйлийг ойлгож авав. Нийтийн тээврийн газар микро автобуснуудад тасалбар тасалж байх үүрэг өгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн байна.

Энэ нь микроавтобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд, тэдний жолооч нар орлогоо нуун дарагдуулж, их хэмжээний татвараас зуттдаг гэдгийн баталгаа юм. Нөгөө талаар микроавтобуснууд тасалбар таслахгүй яваад байхад дуугүй хараад суудаг Нийслэлийн Нийтийн тээврийн газар үүнд буруутай.

Магадгүй, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зах замбараагүй олгож өөрсдөдөө ашиг унагадаг болохоор ингэсэн байх ч магадлалтай юм. Ямартай ч микроавтобуснууд бүгд тасалбар түгээх ёстой ч үүнийг иргэд мэдэхгүй байна.

“Микроавтобус тасалбартай болчихсон юм байна шүү дээ. Та мэдсэн үү” гэсэн асуултад бүгд “үгүй” гэж хариулж байна. Тасалбар бол орлого хянах хэрэгсэл, дээрээс нь албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг мэдэх боломж олгодог хэрэгсэл билээ.

Энэ хэрэгслийг ашиглахгүй байгаагаас болж иргэд баталгаагүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж амь насаараа дэнчин тавьсаар байна. Гэхдээ тэднийг ингэж дураар нь дургиулахгүй байх бололцоо бий.

Бүгдээрээ өнөөдрөөс эхлээд микроавтобусаар үйлчлүүлэхдээ тасалбараа нэхэж авцгаая. Байхгүй бол дугаарыг нь тэмдэглэж аваад Нийтийн тээврийн газарт мэдэгдэе. Эхний мэдээллийг би өөрөө өгье. Миний сууж явсан микроавтобус “Дулаан тойром” гэдэг компанийн УБТ 87-41 улсын дугаартай байсан шүү.

Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих