”Барс” дээр бүртгэлгүй архи зарж байжээ

arhi
БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвд цагдаагийн албан хаагчид гэнэтийн шалгалт хийхэд манай улсад ямар ч бүртгэлгүй согтууруулах ундаа худалдаалж байжээ. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл нь дууссан байхад үйл ажиллагаа явуулж байсныг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийнхэн илрүүлсэн байна. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгаж эхэлжээ.“Барс” худалдааны төвд бөөний үнээр согтууруулах ундаа худалдаалдаг 10 төв байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн барааны дэлгүүрийн ихэнх нь эндээс бараагаа татдаг ажээ.

Гэнэтийн шалгалтын үеэр манай улсад ямар ч бүртгэлгүй, татвар төлсөн баримт байхгүй 50 гаруй согтууруулах ундаа худалдаалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлж, хурааж авсан байна.

Мөн хоёр аж ахуйн нэгж согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрлөө сунгахгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.

Дашрамд дурдахад, согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгжүүд үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, архины шинжилгээний бичиг, татвар төлсөн баримтыг бүрдүүлсэн байх ёстой. Эдгээр бичиг баримтын аль нэг нь байхгүй тохиолдолд тухай аж ахуйн нэгжийг 250 мянга хүртэлх төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог. Энэ хуулийн дагуу дээрх аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авахаар боллоо.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих