Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоов

gatsuurt1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”   УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

 

Энэ хуулийн төсөлд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан байлаа. Завсарлагааны хугацаа дуусч, хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн  61.1 хувь нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

 

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.

 

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хийсэн ажлын хэсгийн хэлэлцээний дагуу үйл ажиллагаа нь үргэлжлэх юм.

 

Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн бөгөөд талууд яриа хэлэлцээний үр дүнд дараах тохиролцоонд хүрсэн.  Үүнд, төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах юм. Ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх боломжтой аж. Мөн  хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоох аж.

 

Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний  дагуу шинэчилж болно гэж хоёр тал тохиролцжээ.

 

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ ордод нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих