“Наймаачнаа” дагасан намын гишүүдийн нүүдэл

3797

Н.Энхбаяр нэгийг хоёр, нимгэнийг зузаан болгож явахад МАХН нь Монголын улс төрийн гравитаци байв. Гишүүнчлэл, алдар хүнд, дэмжлэг… гээд хүссэн, хүсээгүй энэ намыг бүх зүйл тойрон эргэдэг байлаа. Гэвч, одоо түүнээс, МАХН-аас бүгд дөлөх болж. Өнгөрсөн долоо хоногт тус намын гал тогоог барьж байсан Г.Дугаржав, О.Лхагвацэдэн, бүр сар гаруйхны өмнө тус намаас Эрүүл мэнд, спортын сайдад нэрээ дэвшүүлж явсан Л.Жамбалжав нар Хувьсгалт намыг орхилоо. Сонгуулийн өмнөхөн болж буй “хаалга савалт” өчигдөр мөн л үргэлжилж Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга асан, Баянгол дүүргийн МАХН-ын дарга Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтнүүд Н.Энхбаярыг орхиж буйгаа зарлав.

Хэдийгээр нэг намаас гарч, нөгөөд элсэх нь хувь хүний сонголт ч зарим нөхдийх нь хэлж буйгаар энэ нь “XIII зууны урвагчдын түүхтэй төстэй” гэнэ. Яагаад гэхээр МАХН-ыг хүчирхэг үед хачиг шиг наалдаж байсан нөхөд Н.Энхбаярыг сонгуульд орж чадахгүй, “өрөөлтэй морь гүйцэхээ больсон” үед нь орхиж байгаа гэж дүгнэжээ. Эгэл, жирийн гишүүд энэ үгээ зүгээр ч бас хэлсэнгүй. Намаас гарч буйгаа мэдэгдэж суусан Т.Дуламдорж, Д.Батмөнх, Д.Энхжаргал тэргүүтнүүд рүү живх шидэж, таягаараа далайлгаж харин сэтгүүлчдэд “Тэгж яривал манай нам оффшоргүй нам шүү” гээд, хурлын танхимыг орхин гарсан юм. Хэдийгээр тэдний “хатуу гишүүнчлэл”-ээс үүдсэн үг үйлдлийг зөвтгөх хэцүү ч үнэний ортой гэдэг нь улс төрийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлаас ажиглагдаж байгаа юм.

Жишээ нь, Д.Тэрбишдагва, Ч.Улаан

“Наймаачны ард найман хүн сундалдаг” гэх үг бий. Хөрөнгөтэй хүнийг дагах хүн олон л гэсэн үг. Улс төрийн нөхцөлд эрх мэдэл, эзнээ дагаад явж буйгаар адилтгаж болох юм. Д.Тэрбишдагва болоод Ч.Улаан нар нь МАХН-ын фигурууд мөнөөс мөн байсан ч өдгөө МАН-аар овоглож, тус намын гишүүд болчихоод буй. Бүхэл бүтэн дөрвөн жилийн турш намаа нэг ч удаа муулж байгаагүй тэд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө намаа орхиж МАН-д орсон нь олны гайхшралыг төрүүлсэн ч улстөрчийн гол зорилго нь онолоор ч, амьдрал дээр ч “улс төрийн оройд туг хатгах” аж.  Тиймээс Хувьсгалт намыг анх сонгосон итгэл үнэмшил болоод Н.Энхбаяртай гар барьж, эрх мэдэл хуваалцаж байсан өнгөрсөн он жилүүд нь “улстөрч сонгуульд ялалт байгуулах гэж оролцдог” гэдгээс хямд болж таарав. Харин өчигдөр МАХН-ын хаалгыг гаднаас нь хаасан хэд, хэдэн гишүүдийн үүх, түүхийг сөхвөл, өдгөө МАН-д орсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нартай яах аргагүй холбогдоно.

1. Тухайлбал, Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж:
Түүнийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “цүнх баригч” гэдэг. Ийм тулдаа 2012 оны аравдугаар сард Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар томилогдсон гэдэг юм. Т.Дуламдорж өмнө нь Д.Тэрбишдагвын зөвлөх байсан бөгөөд хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөх, хэлтсийн дарга хийж байжээ. Харин Т.Дуламдорж нь Онцгой байдлын газрыг тэргүүлж байхдаа Д.Тэрбишдагвын ахыг өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байсан удаатай. Шинэчлэлийн Засгийн газар огцроход тэрээр “ажилгүй” болсон бөгөөд хаа хамаагүй, “Монгол шуудан” компанийн захирлаар очих гээд чадаагүй байдаг. Учир нь, “Монгол шуудан” компанийн ажилчид энэ нь намын томилгоо хийдэг газар биш гээд түүнд хаалгаараа ч шагайх эрх өгөөгүй юм.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Батмөнх нь:
Д.Тэрбишдагвыг Монгол Улсын Шадар сайд байхад нь эл албан тушаалыг хашч байсан нэгэн. Монгол Улсын Шадар сайдын шууд удирдлагад байдаг Мэргэжлийн хяналтын газрын даргыг Д.Тэрбишдагва томилсон гэсэн үг. Энэ утгаараа МАХН-ыг орхих нь зүй ёсных мэт харагдаж байгаа юм.

3. Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал:
Мөн л Шинэчлэлийн Засгийн газарт Д.Тэрбиш­дагва, Ч.Улаан нар ажиллаж байх үед Шадар сайд буюу Д.Тэрбишдагвын мэдлийн томилгоонуудын нэг нь Д.Энхжаргал байсан. Түүнийг анх энэ газрын даргаар томилогдоход Д.Тэрбишдагвын эхнэрийн дүү гэх яриа гарсан ч энэ нь батлагдаагүй. Харин тэрээр Д.Тэрбишдагвын хувийн компанид олон жил ажиллаж байсан ойрын хүн нь болж таарсан юм. Мөн тэрээр Сангийн сайд асан Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нартай холбоотой тендерийн асуудалд холбогдон, АТГ-т шалгуулж байсан удаатай.

Энэ гурван хүнээр жишээлэхэд л, намаас гарах болсон итгэл үнэмшилээ янз бүрээр тайлбарлаж байгаа ч, “наймаачны ард найман хүн сундалдаг” гэдгийг л батлан харуулж буй юм. Мөн тэд Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар шиг МАН-д орох хүсэлтэй байгаагаа хэлэхээ мартсангүй.

Эх сурвалж: www.assa.mn     Б.ШИРНЭН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих