Ю.Цэдэнбалын бусдыг хэлмэгдүүлж байсан баримтууд

527-14736665410e6e0e333e6220108c963cec49e3aa501940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тус намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ гэсэн шинэ албан тушаал бий болгож,   БХКбН, “НКВД” буюу “КГБ”-ийн түлхээсээр уг албан тушаалд томилогдсон Ю.Цэдэнбал 44 жилийн турш тухайн нам, төрийг тэргүүлэхдээ харьяат иргэдээ залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх болон улс үндэстний нийтлэг эрх ашгийн эсрэг чиглэсэн олон төрлийн гэмт үйл ажиллагаа явуулж байжээ.

 Нэг. Ю.Цэдэнбал Монголын шинэ үеийн сэхээтнүүдийг залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байв. Тухайн нам, төрийн удирдлагыг хослон барьж байсан Ю.Цэдэнбалын алдаа дутагдлыг шүүмжилсэн, санал бодлоо илэрхийлсэн олон мянган иргэдээ “төөрөлдсөн сэхээтэн”, “үндсэрхэх, үгүйсгэх үзэлтэн”, “намын эсрэг бүлэг”, “намын бодлогод харш дайсагнасан этгээд”, “чалчигчид” гэж буруутган ажил албанаас нь халж,  нутаг заан гэр бүл, үр хүүхдийнх нь хамт цөлөх, шорон гянданд хорих зэргээр амь, амьдралаар нь тоглож байжээ.
Баримт: 1940 оны сүүлчээр Намын хянан шалгах комисс/НХШК/-ын дарга Д.Балганжавыг  баривчлан хэлмэгдүүлэхэд оролцсон, МХЗЭ-ийн Төв хорооны дарга Ё.Магсарыг 1941 онд өрөөндөө баривчилсан, Улаанбаатар хотын намын хорооны даргыг өрөөндөө байцаасан.
Баримт: Хэнтий аймгийн Дундбаян сумын  харьяат, нутгийнхан нь хүүхэн хутагтын хойт дүр хэмээн 1944 онд өргөмжилсөн, 9 настай Цэрэнпунцаг /Ламаадан/ хүүг аав Гомбо, ээж Янжинлхам нарын нь хамт шүүхийн ямарч тогтоолгүйгээр буудан хороожээ. Аллагыг ДЯЯ-ны 1 дүгээр хэлтсийн дарга Болд үйлдсэн байна.
Баримт: 1948 онд “Порт Артур”-ын бүлэг хэрэг гэгчийг үүсгэн, олон зуун гэмгүй иргэдээ Х.Чойбалсанг хөнөөхийг завдсан хэмээн хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал зохион байгуулан идэвхтэй оролцжээ.
Баримт: …1940-өөд онд хувьсгалын эсэргүүчүүдийн арга ажиллагаа өөрчлөгдөж, одоо улсын эдийн засгийг хорлон сүйтгэхэд чиглэгдлээ… гэсэн дүгнэлт Ю.Цэдэнбал гаргаж, 1949 онд Жамбалдоржийн “хар хууль” гэж хуульчилсан нэрлэгдсэн тогтоолоор олон зуун хүнийг хэлмэгдүүлжээ.
Баримт: Ю.Цэдэнбал 1949 оны 3 дугаар сард Улс төрийн товчоо/УТТ/-д захидал бичихдээ: “Чингис харгис, аллага хядлагаараа гайхуулж явснаас биш, өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан” …гэжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1949 оны 7 дугаар сарын 21-нд “Ардын унших бичгийн тухай” 34/64 тоот тогтоол гаргаж, 1948 онд хэвлэгдсэн тэр номыг үзэл суртлын алдаатай, үндсэрхэг үзэл ханхлуулсан, Чингисийг магтан дуулсан гэж үзэн зохиогч Г.Жамсранжав нарыг хэлмэгдүүлж, номыг нь шатаажээ.
Баримт: 1949 оны 10 дугаар сард “БНМАУ-ын түүх ба утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” хэлэлцэхдээ нэрт эрдэмтэн Х.Пэрэнлэйн “Монгол цэргийн ур чадвар”, Б.Содномын “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв”, Ш.Нацагдоржийн “Нууц товчооны оршил”, Л.Дүгэрсүрэнгийн “Монголын ард түмэн эх орон ба эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн нь” ном, өгүүллүүдийг үндсэрхэг үзэл шингэсэн бүтээлүүд гэж эрс шүүмжилжээ.     Энэ “номхотнох” шүүмжлэлд их эрдэмтэн Б.Ринчен, Ш.Лувсанвандан нар ч өртсөн байна.
Баримт: 1954 оны 08 дугаар сарын 06-нд бичсэн тухайн үеийн нам засгийн “Үнэн сонин”-ы газрын орчуулагч Бимбаев Рэнцэний тухай” танилцуулах “справка” /ховын бичиг/-г  Ю.Цэдэнбал хүлээн аваад зарим догол мөрний өмнө улаан харандаагаар асуултын, анхаарлын, нэмэх тэмдэг тавих зэргээр ихэд анхааралтай уншжээ. “1946 онд япон цэргийн лагерийн дарга Та Миртай уулзсан гэсэн догол мөрийн урьд улаан харандаагаар “проверено!” (шалгасан юм уу !)  гэж оросоор тэмдэглэгээ хийсэн баримт үлджээ.
Баримт: 1956 оны 12 дугаар сарын 5-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” гэсэн нэртэй 413 тоот тогтоол гаргаж, Н.Дангаасүрэн, Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон арван сэхээтнийг гэнэдүүлэн “номхруулах” ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулжээ.
Баримт: 1957 онд эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын “чөлөөт утга зохиол” нийтлэлийг “эрүүл биш үзэгдэл” хэмээн буруутгаж зохиогчийг хэлмэгдүүлжээ.
Баримт: Төвийн бүх хэвлэлээр Б.Ринченгийн эсрэг Ч.Чимид, Д.Сэнгээ, Л.Түдэв, С.Лочин, С.Дашдэндэв, Ш.Нацагдорж, Т.Пагва, Ж.Пүрэв, Г.Чимид нар /эдний заримтай уулзахад Цэдэнбалаас өгсөн чиглэл гэцгээж байжээ/ дайран довтолсоны дараа нь 1959 оны 07 дугаар сарын 13-нд МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооноос “Доктор Б.Ринчений сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” гэсэн нэртэй тогтоол гарав. Уг тогтоолд: “Эх орон-ард түмний социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт тус болж чадахгүй, интернационализмын эсрэг үндэсний үзлийг сурталчилсан, манай намын үзэл сурталд харш зохиол гаргасан явдалд Ринченг МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооноос эрс буруушааж, эх орон ард түмэндээ тустай ажил хийхийг Ринченгээс хатуу шаардсугай” гэжээ. Тэр тогтоол гарснаас хойш Ринчений түүх соёлын талаар бичсэн өгүүллийг төвийн хэвлэлд нийтлэхээ больсон байна.
 Баримт:  МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбыг 1959 оны III бүгд хурлаар, ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг  1962 оны ээлжит бус III бүгд хурлаар, Төв хорооны  Улс төрийн товчооны гишүүн, ТХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэндийг 1963 оны V бүгд хурлаар тус тус хэлэлцүүлэн бүх албан тушаалаас нь зайлуулж, Ю.Цэдэнбалын хийсэн нарийн  зохион байгуулалт бүхий хуйвалдааны аргаар нухчин дарж, бүгдийг нь нутаг заан цөлжээ.
Баримт: 1960 онд Зөвлөлтийн хэсэг эрдэмтэн “Сэтгүүлийн газарт” гэж хаягласан захидлыг “Проблемы Востоковедения” сэтгүүлд /тусгай захиалгаар байх/ нийтэлсэн байна. Тэрээр “Монголд ажилласан 10 жилийнхээ туршид Р.Бимбаев ганц ч эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнгүй. Түүний докторын нэг сэдэвт зохиолын тухайд гэвэл 1952 онд Монгол бичгийн хэлний зүй нэртэйгээр ЗСБНХУ-ын ШУА-ын Дорно Дахиныг Судлах Хүрээлэнд танилцуулсан, …авах танаггүй гэж гологдсон. Энэ хүн энэ 33 жилд ядахад ганц эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд юу саад болов”, “өөрийгөө орогнуулсан БНМАУ-д биш, өөрөө төрж боловсрол олж 1927 он хүртэл иргэн нь байсан ЗСБНХУ-д биш, гадаад оронд бичсэн бүтээлээ хэвлүүлжээ”,…”капиталист орны нөхдийн хамтаар цус нэгтэй монгол, буриад нарыг хооронд нь яс хаях гэж бодож байгаа бол энэ нь хөрөнгөтний үндсэрхэг үзэлтний холын мөрөөдөл мөн” гэж баалжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны 1960 оны 17 дугаар тогтоолд “ангийн хувьд зайлшгүй шийтгэгдэх ёстой хүмүүсийг цагаатгах боломжгүй” гэж үзсэн бөгөөд мөн МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны 1963 оны 22 дугаар тогтоолд ”МАХН-ын Төв Хорооны санаачлагаар сүүлийн жилүүдэд үргэлжлэн явуулсан судалгаа шалгалтын дүнд 1930, 1940/50-иад онуудад төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт холбогдон ихэвчлэн бүлгээрээ хамтран шийтгүүлсэн хүмүүсийн хэргийн төлөв байдал нь тогтоогдсон“ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбал, түүний удирдсан  Улс төрийн товчооноос “хар, шар феодалууд” гэж нэрлэн, ангич туйлширсан бодлогын золиос болгосон гэм, зэмгүй олон мянган иргэдээ  цагаатгахаас шууд татгалзжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны 1963 оны 2 дугаар сарын 19-ний нууц тогтоолд: “ … УАХБ-ын гүйцэтгэх ажлийн гол зэвсэг болсон нууц аппаратын бүрэлдэхүүн, чанар, байрлалт дутагдалтай, нууцыг туйлын хангалтгүй удирдаж байгаагийн дээр итгэмжлэгдсэн хүмүүстэй холбоо барих ажил сул байна” гэж тэмдэглээд “Нууц аппараттай ажиллах явдал УАХБ-ын гол ажил учраас нууц аппаратын бүрэлдэхүүн чанарыг сайжруулан түүнийг гүйцэтгэх ажилд сургах, удирдан хүмүүжүүлэх зэрэг нууцтай ажиллах ажиллагааг ойрын хугацаанд эрс дээшлүүлсүгэй” гэж заасан байна
Баримт: 1964 онд МАХН-ын Төв хорооны  VI бүгд хурлаар Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав, А.Дашнамжил, Н.Гунгаажав нар намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай тогтоол гаргаж тэднийг хилсээр хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулсан байна. Энэ ноцтой  хэлмэгдүүлэлтэд гэр бүл, үр хүүхдийнхээ хамт 1300 гаруй хүн өртжээ.
Баримт: “1000 жилийн харьцуулсан хүснэгт” хэмээх Орос-монгол толийн 100 хуудас хавсралтын тухай асуудлыг МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны хуралдаанаар 1970 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, дараа нь мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаа хэлэлцээд 107б тоот тогтоол гаргаж “үндсэрхэх үзэл, панмонголизмын үзэл санаа агуулсан”  гэж үзээд түүнийг зохиосон эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хариуцлага хүлээлгэж, хэвлэлийн зардал  5297 төгрөгийг нөхөн төлүүлж, уг хавсралтыг шатаажээ.
Баримт: Социалист урлаг, утга зохиолд харш үзэл санаа гаргасан, зохиол бүтээлдээ социалист төр, нам засгийн удирдлагыг /Ю.Цэдэнбалыг/ гүтгэн гутаасан хэмээн Дээд шүүхийн 1970 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хаалттай хуралдаанаар яруу найрагч, Р.Чойном, Б.Очирхуяг нарыг  мушгин хэлмэгдүүлж, 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. 1990 онд цагаатгасан. Р.Чойномд 1990 онд төрийн шагнал нөхөн олгосон.
Баримт: Л.Түдэв 1971 онд хэвлүүлсэн “МАХН-аас утга зохиолын тухайд явуулсан бодлого” номондоо “Бэр цэцэг”,  “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг Б.Ринчений бичсэн номуудад үндсэрхэг үзэл агуулсан үг өгүүлбэр элбэг оруулсан учир хүмүүсийг, ялангуяа залуучуудыг хүмүүжүүлэхэд тус болохын  оронд үндсэрхэг үзлийн муу амтыг таниулж, эх оронч сайхан сэтгэлийн сүүн далайд үндсэрхэг бохь холихоор зүйл болжээ” гэж …дээдсийн даалгавраар давшилжээ
Баримт:  1974 онд Утга зохиол урлаг сонинд С.Лочин “Зохиолчийн үзэл санаа, хариуцлага” өгүүлэл нийтлүүлжээ. Түүнд: “Б.Ринчен өнгөрсөн нийгмийн соёлыг дөвийлгөж, бусад ард түмэн, Монголыг судлагч гадаадын эрдэмтдийг басамжлан дайрч, Монголын цөөн тооны лам нар шашны сургаалийн зарим зохиолоо түвд хэлээр бичиж байсан баримтыг ард түмний нэр барьж сайрхжээ. Ингэснээрээ тэр жижиг хөрөнгөтний байр суурь баримталж байна” гэсэн дүгнэлт хийн ивээн тэтгэгчиддээ таалагджээ.
Баримт: Орших овогтой Цэдэндорж 1976-78 онуудад “Үнэн танаа өргөх өчил” хэмээх 1000 гаруй хуудастай, 3 дэвтэр эх материал бэлтгэсний учир БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн эрүүгийн шүүх хурлын хуралдааны 1980 оны таслан шийдвэрлэх тогтоолоор  БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 49А-д заасны дагуу 5 жил хорьж, энэ ялын эхний 1 жилийг гянданд, үлдэх ялыг чанга дэглэмд эдлүүлэх ял шийтгэсэн. О.Цэдэндорж хоригдол байхдаа 54 хоног хуурай өлсгөлөн зарлаж байв. 1990 онд цагаатгасан.
Баримт: 1979 оны 5 дугаар сарын 29-нд Улс төрийн талаар манай нийгэмд харш найрууллын тухай МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны тогтоол гарчээ. Уг тогтоолоор “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г.Жамъянгийн “Гавьяа”, “Амиараа аварсан амь” зэрэг найрууллууд, мөн “Дуусаагүй хөрөг” радио нэвтрүүлэг нь Монгол-Зөвлөлтийн найрамдлыг сэвтүүлэх далд санаатай хорт үйлдэл гэж гуйвуулан Г.Жамъянг төдийгүй Д.Мандшир Г.Дугар, Ж.Дашдондог нарын 20 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлж, тэднийг намаас нь хөөж, ажлаас нь халж, хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж, нутаг заан цөлжээ. Эдгээр хүмүүсийг хожим цагаатгасан.
Баримт. 1980 оны  МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гарч түүхч Г.Сүхбаатар, Л.Жамсран нарын зохиосон “Монголын түүхийн сурах бичиг”, “Монголын түүхийн дээж бичиг”  зэрэг бүтээл нь марксизм-ленинизмын зохиол ашиглаагүй, хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж залуу үеийг буруу хүмүүжүүлэхэд хүргэсэн гэж буруутгаж намаас нь хөөж, ажил албанаас нь халж улмаар судалгаа хийж хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж 2 жил ажилгүй байлган хохироожээ. Энэ хэрэгт 11 түүхч, эрдэмтдийг холбогдуулан буруутгажээ. 1990 онд цагаатгасан.
Хоёр.  Ю.Цэдэнбал Дотоод яамыг зөвхөн өөрт нь харьяалагддаг журамд шилжүүлж, гэмгүй иргэдээ тамлан зовоох аргаар хилс хэрэг хүлээлгэх, иргэдээ мөрдөн тагнах, баривчлах, шийтгэх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн ноцтой завхрал гаргаж, гэм зэмгүй иргэдээ залхаан цээрлүүлэх ажлыг гардан  зохион байгуулж, хэрэгжүүлж байв.
Баримт: МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолд: “ … зодох ба жанчиж болох эрх, зөвшөөрлийг Дотоод яамны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй” гэжээ. Тогтоолд Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурсан байна. Мөн Улсын бага хурлын тогтоолоор шүүх, прокурорын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхийг Дотоод яамны сайдад олгож байжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны шийдвэрээр 1945 оны      5 дугаар сард Дотоод яамны төв аппаратын намын хороог НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын аппратад шууд харьяалуулжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны 125 дугаар тогтоолоор “тагнах, шалгах ажлыг намын ТХ-ны зөвшөөрлөөр  гүйцэтгэж байх” шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ.
Баримт: МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоолоор 1962 онд баталсан НАХЯ-ны дүрэмд “МАХН аюулаас хамгаалах байгууллагын үйл ажлыг удирдана” гэж заасны дагуу аюулаас хамгаалах байгууллага тагнуулын ажиллагааны дүнгээ Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд шууд тайлагнадаг, удирдамж чиглэл авдаг байв.
Баримт: Иргэнд цаазлах ял хүлээлгэх, эсэхийг Ю.Цэдэнбалын удирдсан МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооноос шийдэж байжээ. Үүнийг улс төрийн товчоо /УТТ/-ны 1953 оны 7 дугаар сарын 17-ны 52/131 дугаар тогтоолоор Дондогийн Дашдагва, Цэнджавын Өрнөх нарын хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болно.
Баримт: МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчооны 1963 оны 03 тоот тогтоолоор “ … залуучууд, оюутан, сэхээтний дотор зохиох тагнах ажлыг хүчтэй болгох, энэ ажлыг зөвхөн бүтээлч сэхээтний хүрээгээр хязгаарлаж болохгүй … сонин хэвлэл, радио нэвтрүүлэг, хийсвэр зураг, урлал, хэлбэрдэх утга зохиол, кино гэх мэт чиглэлээр Аюулаас хамгаалах алба анхаарч” ажиллахыг шаарджээ.
Баримт: “Манайд байгаа империализмын 2 төлөөлөгч нь Н. Лхамсүрэн,              Б. Ширэндэв хоёр юм. Энэ хоёрын бүх баримт С.Батаа дээр байгаа. Одоо тэднийг даруйхан барих хэрэгтэй. Баривчлах хуудас бичээд гарын үсэг зурчихая” гэж Дамба даргад Цэдэнбал хэлж байжээ. /Н.Лхамсүрэнгийн 1989 онд “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн дурсамжаас/
Баримт: Ю.Цэдэнбал  1963 оны 3 дугаар сарын 29-нд НАХЯ-ны гүйцэтгэх ажилтнуудын өмнө хэлсэн үгэндээ “…хөдөлмөрчдийн доторхи тогтворгүй, дайсны байр суурь болох этгээдүүдийг судалж хараанд байлгах нь чухал юм. Империалистууд залуучууд ба сэхээтний дотроос өөртөө хэрэгтэй хүмүүсийг олж авах гэж байна. Иймээс … тэдний дотор ажил зохиох хэрэгтэй. … Нийт сэхээтний дотор хөрөнгөтний радио чагнах, сонин хэвлэлийг ашиглаж байгаа хүмүүс байна. Бусад аргад нөлөөлөгдөж байна. Тэднийг сонирхох хэрэгтэй. … тэдний доторхи тохьгүй хүмүүст бид анхаарах хэрэгтэй” гэсэн байна.
Баримт: Ю.Цэдэнбал 1984 оны 4 дугаар сарын 9-нд буюу Төмөр-Очирыг алагдахаас жил гаруйханы өмнө: …“одоо Төмөр-Очир ялаа цуглуулсан улайтай адил байгаад байна. Үнэрээр нь ялаа бужигнаад байгаа тийм зүйлийг үгүй хийж арилгах хэрэгтэй  (Ил товчоо. 1997оны 08 дугаар сар) гэж хэлж байв.
Баримт: НАХ яамны мөрдөгчид өдөр шөнийн 24 цагийн турш хянан харгалзаж, гишгэсэн мөр бүрийг нь шиншлэн дагаж байсан 2 хүн сэжигтэйгээр нас баржээ. Дарамын Төмөр-Очирыг 1985 оны 10 дугаар сарын 3-ны шөнө сүхээр цавчиж хөнөөсөн бол  Сономын Аварзэдийг 1986 онд НАХ, цагдаагийн ажилтнууд зодож хүндээр гэмтээсэн, дараа нь 1989 онд засварласан машиныг нь зориудын явууллагаар эвдэлж, хэмхлэсний улмаас цочрол авч тархиндаа цус харван нас барсан байна.
Гурав. Ю.Цэдэнбал улс орноо ЗХУ-д нэгтгэх ажлыг сэдэж, түүнийг удирдан зохион байгуулж, үнэн хэрэгтээ Монгол дахь ЗХУКН-ын болон  “НКВД” буюу “КГБ”-ын төлөөний хүний үүрэг гүйцэтгэж байв.
Баримт: Ю.Цэдэнбал 1944, 1949, 1953 онд Монголыг ЗХУ-ын нэг /республик/ Бүгд найрамдах улс/ болгох хүсэлтийг гаргаж, 1949 онд өөрөө ЗХУК(б)Н-ын гишүүн болох хүсэлт гаргаж /Д.Дашдаваа. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1950-1960 он)  эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл/ улмаар  ЗХУКН-ын гишүүнээр элссэн ажээ.
Баримт: Ю.Цэдэнбалыг Сталины оршуулгад оролцохоор Москвад очоод байхад нь В.М.Молотов Вышинскийн өрөөнд ганцаараа хүлээн авч уулзжээ. Тэнд дор дурьдсан яриа болсон байна:
В.М. -ЗСБНХУ-д нэгдэх гэсэн … танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа … одоо бол цаг нь бишээ.
Ю.Ц –Шийдвэрээ цуцлая.
В.М. -…та бол өөрийн хүн.
Баримт: …Ю.Цэдэнбал БНХАУ-д айлчилж Жоу-Эньлайтай уулзжээ. Жоу-Эньлай өөрийн сонин хэвлэлийг Монголд байгаа 20000  ажилчдад хүргэх болон Монголын хэвлэлээр Хятадын талаар сөрөг ухуулга явуулахгүй байх тухай хүсэлт тавьжээ. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал: …“Марксизм-Ленинизм, ЗХУКН-д үнэнч байх нь манай эрхэм зорилт мөн”  хэмээн хариулсан байна.
Баримт: Монголын засгийн газар, МАХН-ын тэргүүн Чойбалсан, Цэдэнбал 2 төдийгүй Дотоод яам бараг бүхлээрээ “НКВД” буюу “КГБ”-ийн даалгаврыг биелүүлж байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх гэж Ц.Гүрбадам /Ю.Цэдэнбал, түүхэн үнэний тухай бодрол/ бичжээ.
Баримт: Монголын баруун хилийн дагуух хэсэг газрыг авах гэсэн Зөвлөлт гүрний саналыг шууд хүлээж авсангүй гэж Д.Дамба, С.Аварзэд нарыг хатуу шийтгэжээ. Тэрээр: “Зөвлөлт, Монголын хил тогтоох хэлэлцээрийг саатуулсан. Энэ бол маш муухай юм болсон… Зөвлөлтийн гадаад бодлогыг хардсан муухай зүйлийг… Аварзэд хэлж байсан… “ гэж Ю.Цэдэнбал хилэгнэн хоёуланг нь ажлаас халж нутаг заан цөлсөн байна. 1958 оны 3 дугаар сарын 26-нд Л.Цэнд, В.М.Молотов нар гарын үсэг зурсан гэрээгээр өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос дорно талдаа Их Саяаны нурууг хүртэлх өргөнөөрөө 3-40 км, уртаашаа 300 км, нийтдээ 7000 км2 газрыг ЗХУ-д шилжүүлжээ. Энэ газарт уран, алт, мөнгө, давс зэрэг ихээхэн үнэт баялагтай, мөн Ю.Цэдэнбалын төрсөн газар Цагаан бургасны өвөлжөө байсан байна.
Эх сурвалж: Монголын хэлмэгдэгсдийн холбоо

URL:

Сэтгэгдэл бичих