АН-ын даргад нэр дэвших дэнчин 500 сая төгрөг болтлоо өсөж магадгүй гэв

6b24a5c5bb251a7b6504284f58b3c353b81f804dУИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд өөрийнхөө өрөөнд хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн АН-ын Их хуралтай холбоотой болон тус намын даргад нэр дэвшигч ямар шаардлага хангах ёстой болсон талаар мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр АН-ын дотоод сонгууль зохион байгуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулагджээ.

Харин тус хорооноос АН-ын даргад нэр дэвшихээр горилж буй хүн сонгууль зохион байгуулах нийт зардлын 10 хувийг хувиасаа гарган намынхаа дансанд дэнчин болгож байршуулах аж. АН-ын даргын сонгуулийн зардалд нийт 2.5-2.8 тэрбум төгрөг шаардагдана гэж сонгууль зохион байгуулах хорооноос санал гаргажээ. Тэгэхээр хэрвээ АН-ын даргад нэр дэвшихээр бол доод тал нь 250 сая төгрөгийн дэнчин тавих ёстой аж. Энэ мөнгө 500 сая төгрөг болтлоо өсөж магадгүйг мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцолж хэллээ. Түүнээс гадна АН-д элсээд таваас доошгүй жил болж байгаа тус намын гишүүн хүн л даргын марафонд оролцох эрхтэй юм байна. Тэрээр “АН-ын дотоод асуудлыг ярьлаа гэж зарим хүн уурлах байх.

Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна. Дээрээс нь улсын сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгааг хэлье. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Үүнээс салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих