Нүнжигтэй дайлан, нүд алдам хөөрөгнүүдийн эзэд

1531846_781946945153458_458299905_o446345575201702161006

Арав хоногийн дараа XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил гарна. “Залууст ээлтэй, энгийн ардад дунд, өндөр суудалтанд халтай” гэгдэх “Алтан унжлагат” гал тахиа жил эдийн засаг, улстөрийн хувьд ч Монголчуудыг багагүй бужигнуулах нь тодорхой.

Хэдийгээр УИХ-ын сонгууль, Олон улсыг хамарсан томоохон үйл явдал манайд болохгүй ч уламжлалт цагаан сар, үндэсний их баяр наадам, ойн баярууд гээд тэмдэглэх үйл явдал араасаа ундарна.

Тэгвэл энэ бүхэнд огтхон ч санаа нь зовдоггүй, хөөрч баярлаад сүйд болоод байдаггүй нийгмийн нэгэн давхарга байдаг нь олигархжсан улстөрчид, Монголын баячууд билээ. Цагаан сар ойртсон энэ л үед чухамдаа тэдгээр баячууд бараг л өөрөөсөө үнэтэй, хэдэн үе дамжсан түүх намтартай хөөргийг үнэ цохин авах юмуу, удам дамжсан үнэтэй чулуун хөөргөөрөө өрсөлдөн гангарцгаадаг жишиг тогтжээ. Иймээс Монголд хамгийн үнэтэй хөөргийг ямар эрхмүүд барьдаг, тэдгээр нь ямархуу үнэ ханштай байдаг, ямархуу уран хийцтэй даалинд хөөргөө хийдэг талаарх мэдээллийг хүргэе.

Хамгийн үнэтэй чулууг Б.Наранхүү барьдаг

“Мон Уран” компанийн ерөнхийлөгч Б.Наранхүү 380 сая төгрөгийн үнэтэй бөгөөд ХVI-XVII зууны үеийн хуучны үнэт эдлэлд багтах чулуугаар хийсэн хөөрөг барьдаг.

Манзушир хутагтын хөөргөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гангардаг

“Би Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог. Заримыг нь цуглуулдаг. Өөрөө ч бас эдэлж хэрэглэдэг. Ер нь монголчуудын урлаж бүтээсэн зүйлд монгол хүний дотоод сэтгэл, ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгаас гадна ур хийц нь дахин давтагдашгүй” гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ярьсан нь бий. Тиймдээ ч тэрээр Манзушир хутагтын барьж байсан хөөргөөр гангардаг. Олон хутагтын гар дамжиж, аймаг сум дамжин зарагдаж явсан энэхүү хөөрөг 1990 оны эхээр Дархан аваргын гар дээр иржээ. Мөнгө хатуу байх үед уг хөөргийг Б.Бат-Эрдэнэ аварга үнэ цохин худалдаж авсан гэдэг.

Р.Гончигдорж дарга ч ялгаагүй

Хаа явсан газраа хөөрөгнөөс салдаггүй УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржид уран нарийн хийцтэй хаш хөөрөг бий.  Түүний хөөрөг “Халхын 10 цагаан” нэртэй хамгийн үнэтэй, ховор 10 хөөргийг тэргүүлж байжээ.

Кёкүшюзан Д.Баятбаяр хуурай дүүнийгхээ өгсөн уран чамин хийцтэй хөөргөөр гангардаг

Хоёр жилийн өмнөх -агаан сараар Кёкүшюзан Д.Батбаяр барьсан хөөргөөрөө “бааварлаж”, баахан хүний нүдийг хужирласан. Түүний энэ хөөрөг их гарынх бөгөөд Индонезийн улаан шүрээр хийгдсэн гэдэг. Түүнд ийм үнэтэй хөөргийг Японы мэргэжлийн сүмод хөтлөн оруулсан их аварга, Хакүхо М.Даваажаргал дүү нь бэлэглэсэн бөгөөд Монголын “Эрийн гурван наадам”-ыг дүрсэлж, захиалгаар сийлүүлсэн гэнэ. Тодруулбал, барилдаж буй бөх, давхиж буй морь, харваж буй харваачийн дүрс тус хөөрөгнөөс харагддаг аж.

Өөрөөс нь ч үнэтэй хөөрөгнүүд

Монголын шилдэг 100 хөөрөгний тоонд Да.Ганболдын хэд, хэдэн хөөрөг багтжээ. Тухайлбал шүрэн толгойтой их гарын тархи манан хөөрөг нь энэ цуглуулгын дээгүүр эрэмбэлэгддэг гэнэ. ХVIII зуунд хийгдсэн тус хөөрөгний дотор тал нь өнгөлгөөтэй гэдгээрээ зартай аж.

Мөн Их аварга Д.Дагвадоржид Манлай ван Дамдинсүрэнгийн харлаг манан хөөрөг хадгалагдаж байгаа. Эртний түүхтэй, бас дайчин вангийн эдэлж хэрэглэж байсан эд гэдгээрээ зартай энэ хөөргийг тэрбээр олон жил үе дамжуулан хадгалсан нэгэн буурлаас чамлахааргүй өндөр үнэ төлж байж худалдан авч байжээ.

Г.Алтан хамгийн чамин хөөрөгний цуглуулгатай

“Алтжин”-гийн Г.Алтан нэрээр Монголчуудын хэзээний танил болсон энэ бүсгүйд үнэт чулуугаар хийсэн, уран чамин хийцтэй, олны харцыг булааж, шуналыг хөдөлгөсөн нэлээд хэдэн хөөрөг хадгалагддаг байна. Түүний цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг байдаг аж. Мөн XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах, цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг ч байдаг гэнэ. Түүнээс гадна зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч түүний цуглуулгад байдгийг үнэтэй ховор хөөргө сонирхогчид анддаггүй гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих