Ж.Мөнхбат У.Хүрэлсүхэд хорсохдоо Ц.Шинэбаяртай нийлэхээр болжээ

Нэгэн үе МАН-ын халхавч болж, “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”-ны тэргүүлэгчдийн эгнээнд байсан залуус улс төрөөс жийгдсэндээ хорсож, “Шинэ эхлэл” хөдөлгөөн байгуулсан. Тэр ч бүү хэл нэгэн цагт хоолыг нь идэж байсан ах нартаа хандан “Залуустаа зайгаа тавьж өг” гэх болов. Үүнийг тэргүүлэгч нь яруу найрагч, МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар нарын залуус юм. Тэд намдаа жийгдээд буй хэсэг залуусаар эгнээгээ нэгтгэн ах нартайгаа тэмцэхээр зориг шулууджээ. Нэг хэсэг казиногийн хэрэгт холбогдон ах нарын буянаар амь мэнд үлдсэн Ж.Мөнхбат дуулиан намдтал гадаадад байж байгаад ирүүтээ У.Хүрэлсүх ахтайгаа уулзжээ. Уулзахдаа, “МАСЗХ нэрээ өөрчлөх юм байна. Тэгэхээр би холбоондоо ажиллая. Энэ холбоог би аваад явъя” хэмээжээ. Харин У.Хүрэлсүх “Чи орон шоронд ороогүй үлдсэндээ л баярла. Чамайг харж үзэхээрээ л нэг болсон.

Хэр таарсан ажлаа олж хийгээд яв” гэжээ. Харин Ж.Мөнхбат залуу халуун байгаа надад албан тушаал өг” гэж тулгасан ч У.Хүрэлсүх “Чамаар тэгж нэр сүрээ баллуулмааргүй байна. Миний дүү мөрөөрөө яв” гэсэн яриа болсон тухай ойрын эх сурвалж өгүүллээ. Нэгэнт арга мухардсан дүү ахдаа гомдон “Шинэ эхлэл” хөдөлгөөн байгуулаад ажилдаа оржээ. Тэдний ярьж байгаагаар бол-шинэ он гарангуут эхний долоо хоногт багтан хөдөлгөөнийхөө хурлыг хийхээр зэхсэн байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ьш түр штаб байгуулан МАН-ыг хагалан бутаргах оролдлого хийж байхад Ж.Мөнхбат, М.Ганбаатар нарын залуус “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”-г бутаргах ажлыг ч хэдийнэ эхэлжээ.

Өөрөөр хэлбэл Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ нарын далд тулаан эхэлсэн. Үүнийг ажигласан экс Ерөнхийлөгч ч “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй” санаатай “Шинэ эхлэл”-ын залууст бие төлөөлөгч илгээсэн аж. Бие төлөөлөгч мэдээж хамтран ажиллахыг санал болгоод байгаа гэнэ. Харин “Шинэ эхлэл”-ийн залуус хараахан хариу өгөөгүй ч цаашид хамтарч ажиллахад буруудах зүйлгүй гэж үзжээ. Юутай ч шинэ оны эхэнд хуралдах анхны хурлаар ихээхэн асуудал шийдэх бололтой. Зарим ажиглагчдын ярьж байгаагаар бол “Шинэ эхлэл”-ийн хуралд МАХН-ын түр штаб хүч хавсран оролцох магадлал бий гэнэ.

Ингэж гэмээнэ “Шинэ эхлэл”-ийн хурлын дуулиан намжаагүй байхад МАХН-ын онц их хурлыг төлөвлөсөн байх талтай аж. Н.Энхбаяр хэдийнээ үүнийг тооцоолж амжсан нь ч дамжиггүй. Нэг хэсэг хоолноосоо салаад уурсаж байсан “Шинэ эхлэл”-ийн залуус чимээ гаргахаа больсон ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр залуусын хуралд МАХН-ын түр штаб хүч хавсрах нь ихээхэн ач холбогдол өгнө. Үүгээрээ дамжаад онц их хурлыг хуралдуулбал МАН-ыг ганхахад хүргэх нь лавтай. Ж.Мөнхбат, М.Ганбаатар нар “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”-ноос хүч татаж гэмээнэ цаагуураа МАХН-д нөлөөлөл үзүүлнэ.

Яаж ч бодсон МАХН, “Шинэ эхлэл” хоёр нийлэх нь хаа хаанаа ашигтай. “Шарсан мах андахгүй шар зурхайч” гэдэг шиг хашир экс Ерөнхийлөгч тэднийг өөртөө нааж л таарна. Нөмөр эрэн гүйлдэж байгаа “Шинэ эхлэл”-ийн залуус мухар нүхэнд орчих вий гэж болгоомжилж байгаа ч тэдэнд үүнээс өөр арга харагдахгүй л байна шүү. Тиймээс МАХН МАН-ыг задлах, “Шинэ эхлэл” “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”-г задлах ажилд хүч хавсарвал ихээхэн ирээдүй харагдаж байгааг ч ажиглагчид ярьж буй. МАН-ынхан ямар нэг ажил бодохгүй бол МАХН, “Шинэ эхлэл” хоёроос нийлсэн “Гомдогсдын холбоо” түймэр тавих нь байна.

С.Баяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих