Кёкүшюзанаар овоглосон гэр бүл

Түүнд аав, ээжийнх нь хайр­ласан нэр Батбаяр. Япон­чуудын өгсөн нэр Кёкүшю­зан. Хаа, хаанаа тал ал­да­хыг хүсээгүйн дээр олон Бат­баяраас ялгарч гарахын тулд өөртөө авахыг хүссэн нэр нь Д.Кёкүшюзан Батбаяр. Түүнээс гадна Үндэсний теле­виз, Оросын хэдэн сув­гаас өөрийг үздэггүй байсан монголчуудад Японы “NHK” сувгийг танилцуулсан гавьяа­тай хүн юм. Харин үүнийх нь хариуд улс төр гээч зүйлийг түүнд ойлгуулж өгөх үүрэг мон­голчуудад ноогдсон билээ.

Монгол бөхийн уран мэ­хийг япончуудад гайхуулсан “Мэхний их дэлгүүр” бүр жаахан байхын л бие томтой байжээ. Цэцэрлэгт орох гэхэд нь багш нар нь уурлаж “Яагаад сургуулийн хүүхэд үүгээр гүйгээд байна вэ” хэмээн хөөж байж. Нийслэлийн 43 дугаар сургуульд суралцаж, хожим нь Японд очсоныхоо дараа Васедагийн их сургуульд сэт­гэл зүй судлаачийн мэргэжлээр сурч байжээ. Гэхдээ тэнд дөнгөж гурав дахь жилдээ суралцаж байтал 2008 онд сонгинохайрханчууд түүнд 50 га­руй хувийн санал өгч, УИХ-ын гишүүн болгочихсон учир аргагүйн эрхэнд сургууль завсардахад хүрсэн байна. Нэгэн ярилцлагадаа тэрбээр “Монголын парламентад ажиллаж байгаа хэрнээ Японы оюутан хэвээр байлтай нь биш дээ” хэмээн ярьсан удаатай. Үнэхээр ч тэгж доошоо орж болохгүй байсан биз.

Багадаа боксчин, жүдоч гэх мэт спортын бүх төрлөөр хичээллэж, юу болохоо шийдэж ядан явсан тэрбээр Японы сумогийн мэргэжилтнүүдийн хараанд өртөж, арлын орныг зорьжээ. Гэвч тэндэхийн хатуу ёс жаяг, дасаагүй  хоол унд, хувцас зэрэг олон зүйлээс болоод Япон дахь  Монголын Элчин сайдын яам­ныхаа үүдэнд ирж, уйлж суусан үе түүнд бий. Гэхдээ дэвжээний эзэн нь түүнийг үлдэхийг гуйсны ачаар ирээдүйн сумоч дараалан 11 давж, сумогийн 82 мэхийн 41-ийг хийж, “Мэхний их дэлгүүр” гэх нэр авч, амжилтад хүрэх боломжтой болжээ. Түүний ачаар монголчуудын өмнө сумо гэх цоо шинэ ертөнц нээгдсэн билээ.

Жижиг биетэй хэмээн гологдож явсан Хакухо Д.Даваажаргалыг “Миягино” дэвжээнд оруулж өгөн ирээдүйн аваргын замыг зассан хүн бол Д.Кёкүшюзан Батбаяр. Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 1999 оноос хойш ажилласан тэрбээр арлын орны бөхийн дэвжээнд гарах гэсэн олон Монгол хүүгийн хүслийг биелүүлсэн. Хожим нь  “Кёкүшюзан хөгжил” сан, “Кёкүшю” группээ ч байгуулсан. Нэг хэсэг түүний бариулсан орон сууцны барилгуудын чанар мууг амтай болгон гайхаж байлаа. Тааз нь нурдаг, хана нь цуурдаг л гэнэ. Одоо намжсан л байна.

Албан ёсоор зодог тайлсны дараа Д.Кёкүшюзан Батбаяр Ардчилсан намд элсэн 20 сая төгрөгийн хандив өргөж, 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин ялалт байгуулав. Ингэж Кёкүшюзаны “УИХ-тай танилцсан түүх” эхэлсэн юм. “Яаж дөрвийн дөрвөн жил Төрийн ордонд сууна даа” хэмээн санааширдаг байсан түүний хувьд цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Тэрбээр нэгэн  ярилцлагадаа “Эхний нэг жил ямар ч ойлголтгүй явсан. Хоёр дахь жилээс нь ойлгож, гурав дахь жилээс нь сонирхож эхэлсэн” хэмээн УИХ-ын гишүүн болсон сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан юм. Эрхэм гишүүн дөрөв дэх жил дээрээ чуулганыг огт тасалдаггүй, халаасандаа хурлаар хэлэлцэх асуудал бүхий цаасуудаас өөрийг авч явдаггүй гишүүн болжээ. Дараагийн сонгууль ойртож байгааг ч хэлэх үү. Казиногийн хуулийн төсөл, бөөн маргаан дагуулсан “Урт нэртэй” хуулийг шинэчлэн найруулах төсөл гэх зэргийг өргөн барьсан авторуудын нэг нь Д.Кёкүшюзан Батбаяр. Хамгийн сүүлд “Урт нэр”-нийх нь учрыг л олоогүй болохоос болж өгвөл шинэчлэн найруулж, амьдралд ойрхон хууль болгох гэж их зүтгэж билээ. Ямартай ч монголчуудын нүдэн дээр нэг хүн гишүүн болон өсч өндийсөн юм.

Төрийн албанд насаараа ажил­ласан хэрнээ хаанаас хөрөнгө, мөнгө цуглуулсан нь тодорхойгүй олон хүн бий. Тэдний дэргэд жинхэнэ утгаар нь хөлсөө дуслуулан байж хөрөнгө хураасан хүн бол Д.Кёкүшюзан Батбаяр. УИХ-ын гишүүдийн өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгт түүнийг долоон тэрбум 819 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж бичжээ. Гэр бүлийнх нь гишүүд тус бүр жилд 372 сая төгрөгийн орлого олдог. УИХ-ын гишүүдээс хамгийн олон малтай тэрбээр 20 гаруй компанийн хувьцаа эзэмшигч. Нэг гарын таван хуруунд багтаж тоолохын аргагүй хэтэрхий олон компанитай учраас толгой эргэх үе ч бишгүй гардаг.

“Мэхний их дэлгүүр” сонгуульд нэр дэвшиж байх үед түүнийг эхнэрээсээ салах тухай яриа гарсан. Дунд ангийн боловсролтой тэрбээр сэхээтэн гаралтай, нэртэй дипломатчийн гэр бүлд өссөн, өндөр боловсролтой Д.Буянбилэг хэмээх бүсгүйтэй анх гэрлэж байв. Олон жилийн өмнө хоёр орон дамнаж хийсэн нижгэр хуриманд нь оролцохоор явах зочдын тийзэнд МИАТ хүртэл хөнгөлөлт үзүүлж байсан гэдэг. Хожим нь хүү, охин хоёртой болж, сумогоос зодог тайлсныхаа дараа эхнэрээсээ ч салахаар шийджээ. Гэхдээ сонгууль болж байсан учир энэ тухай хэсэгтээ нууцалж, хуучин эхнэрийнхээ зургийг сур­талчилгаандаа ашиглаж л явлаа. Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа сумоч гэх алдраа улстөрчөөр, хуучин эхнэрээ дуучин Т.Баяс­галангаар сольсноор шинэ амьдрал нь эхэлжээ.

“Баясгалангийн дэлхий” эмэг­тэйчүүдийн эмнэлэг, “Эх орон” те­левиз, “Хайрын зоог” цагаан хоолны ресторан гэх зэргээр нөхрөөсөө авсан бэлэг Т.Баясгаланд олон бий. Нэгэн ярилцлагадаа “Би цагаан морьтой ханхүүгээ олсон” хэмээн нөхрийнхөө тухай ярьж суусан түүний хувьд сар шинийн баяраар халууцахаа үл ажран булган эмжээртэй хантааз, малгайгаар Кёкүшюзантай ижилсэж байв. “Дуурийн дуучин болох байсан юм” хэмээн багшдаа зэмлүүлэн байж Италид очих боломжоосоо татгалзаж, нийтийн дуучин болсон Т.Баясгалангийн аав нь МУГЖ, уртын дуучин, цэргийн заан, бөхийн засуулч Д.Түвшинжаргал. Уртын дууч Ш.Чимэдцэеэгийн нөхөр. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас гаралтай тэрбээр багаасаа хонины бэлчээр дээр уртын дуу аялаж явдаг байж. Хожим нь 1982 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад орж, ардын жүжигчин Н.Норовбанзад агсны гарын шавь болсон. Монголын үндэсний соёлын өв болох уртын дууг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй түүний хувьд хамгийн сүүлд уртын дууны “Түмний эх” наадмын шүүгчээр ажиллажээ. Анх хойд эцгээрээ овоглодог байсан Т.Баясгалангийн хувьд хүмүүст танигдсаныхаа дараа уртын дууч төрсөн эцгийнхээ нэрээр овоглох болсон байна. Түүнд дуулах авъяас бий. СУИС-ийг төгссөнийхөө дараа дуулсан анхны дуунууд нь шууд хит болж, бүгд нийтийн дуу руу хошуурцгаах болсон юм. Тэрбээр сумоч нөхөртэй болсныхоо дараа МУГЖ цол тэмдгийг авсан билээ.

Д.Кёкүшюзан Батбаярын нагац өвөө Жанцан нь Ховд аймгийн арслан байсан бол аав Д.Даваа нь сурган хүмүүжүүлэгч нэгэн байж. Х.Баянмөнх аваргатай нэг сум, сайн яривал садан төрөл болно гэдгээрээ их л бахархдаг аж. Хүүгийнхээ барилдааныг үзэхээрээ өмнөөс нь өрөх шахан суудаг тухай Д.Даваа гуай нэгэнтэй ярьж байв. Д.Кёкүшюзан Батбаярын ээж Ж.Жавзандулам 2000 оны үед 19 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний төвийг худалдаж авлаа гэх яриа нэг хэсэг гарч байсан. Гэхдээ тэгсхийгээд л намжсан. Шинэхэн худтайгаа адилхан нэртэй тэрбээр бодвол хүссэн зүйлээ худалдаад авчихсан юм байлгүй. Хуучин бэрийнхээ талаар таагүй үг нэг бус удаа цухуйлгаж байсан түүний хувьд шинэ бэртэйгээ адилхан зүйл олон гэх. Японы сумод барилдаж яваа хүүгийнхээ тухай тэрбээр “1983 онд “Янзага” зусланд амарч байхдаа хүүхдийн барилдаанд түрүүлчихээд бөөн баяр болж явсан хүү маань одоо Монголын нэрийг гаргасан мундаг хүн болсон” хэмээн их л бахархангуй ярьж суусан гэдэг.

Ямартай ч Монголын урлаг, спорт, улс төрийн хүрээнд хэдийнэ танил болсон нэгэн гэр бүлийн түүх ийнхүү Д.Кёкүшюзан Батбаяраар овоглон үргэлжилж байна.

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих