Энэ чинь “Тамын тогооны үлгэр” мөн биз дээ

25498250_2062282954041322_6292703295628003771_nХүмүүс буруу булхай явсан хүнийг л муулж муухайчилдаг гэж боддог. Гэвч тийм биш юм. Бусдаасаа илүү сайн сайхан явсан хүнийг бол бүүр хамгийн ихээр муулж гоочлоод байгаа юм. Бас тэгээд зөв шудрага, үнэн явбал бүүр ч их үзэн ядаад байна.
Жишээ нь: Бид гудамжинд гарсан архичин ч юмуу эсвэл төрд гарсан улс төрч гэх нэрээр хулгай луйвар, авилга, хуйвалдаан хийдэг хүмүүсийг бол тэр бүр бид үзэн ядаад, жигшиж муулаад байдаггүй. Тэгсэн мөртлөө зөв шудрага, үнэний төлөө тэмцэж шудрага ёсыг тогтоох гэж оролдсон хэн бүхнийг бүх нийтээрээ муулж үзэн яддагийг бид бүгдээрээ мэдэж шүү дээ.
Харахад муухай ч гэлээ. Бодож ухахад буруу ч гэлээ Энэ үнэн л дээ. Үнэн болохоор хүмүүс үүнтэй эвлэрч “ЗӨВ л явбал БУРУУДНА” гэсэн ойлголттой болж байна. Өнөөгийн Монголчууд ЗӨВ зүйлээс айдаг, ҮНЭН зүйлээс эмээдэг, ХУДАЛ ХУУРМАГ зүйлд долигонодог, ХУУРАМЧ, ХУЛХИ ЭД БАРАА-г өргөн хэрэглэдэг, ХЯЛБАР АРГА-аар алив ажлыг бүтээх гэж авилгалддаг, хуйвалддаг, ЭРХ МЭДЭЛ-ийн төлөө ах дүү, найз нөхөр, зөв шудрага хэнийг ч гэсэн золиосолдог. Үүндээ: ингэх л ёстой. Ийм л байх учиртай гэж итгэж үнэмшицгээнэ. Угтаа бол АРДЧИЛАЛ гэж ийм л зүйл юм байх гэж ойлгоцгоох ажээ. Хэрэв бид шудрага бусаар шүүх болон хууль хүчний байгууллагад хилсдэн шийтгэгдвэл “миний бяр хүрсэнгүй дээ” хэмээн эвлэрдэг. Хэрэв бид буруу зүйл хийчихсэн мөртлөө зөвдөн цагаатгагдвал “би л бяртай чадалтайдаа зөвдлөө” хэмээн өөртөө эрэмшдэг. Буруу зөвийн дэнс бол үүнд ямарч хамаагүй мэт “Чадаж байгаа юманд арга байхгүй ээ” гээд л шилбэлзэцгээнэ. -Үгүй ээ энэ чинь буруу шүү дээ. Үүний үр дагавар нь эргээд л таныг хохироож, зовлонгийн тань үүдийг нээнэ шүү дээ. Ингэж болохгүй гэж хэн нэгэн нь хэлэх юм бол. -Бидний сонгосон АРДЧИЛСАН НИЙГЭМ гэдэг чинь энэ шүү дээ. Одоо яахын? Ардчилал гарахаас өмнө бид ийм байгаагүй. Ардчилал гарснаас л хойш ийм боллоо гэж хариулцгаана. Захын гуйлгачин ч, төрийн тэргүүн ч ингэж л хариулдаг.
Энэ чинь бидний буруу зүйлтэй бүх нийтээрээ дасч ижилдэж буйн нотолгоо. Хамгийн аймшигтай нь буруу зүйлээ засч, заларуулъя гэсэн нэгнийгээ муулж гоочилж, үзэн ядах замаар үгүйсгэж, оюун санаа, ухамсар сэтгэхүйд нь алж булшилж байгаа дүр зураг юм. Ерөөсөө бид зөв сайхан зүйлийг хүсэхгүй. Өөрөө өөрсдийгөө л устгана. мөхөөнө. сүйрүүлнэ. гэж байгаа юм шиг… “Тамын тогооны үлгэр” мөн биз???
Ямарч хүнд суурь ухамсар гэж бий. Энэ ухамсар үргэлж зөв шудрага, үнэн мөнийн төлөө хандаж байх учиртай. Ийн байж л хүн төрөлхтөн өнө мөнхөд оршин тогтнож, хөгжин цэцэглэх учиртай. Гэтэл Монголчууд бидний суурь ухамсар гажчихсан байдаг. Суурь ухамсартаа “зөв зүйл гэж байдаггүй ээ, Зөв л амьдарвал бид буруутна” гэсэн ойлголттой болохоор яаж зөв амьдрах юм? Зөвгүй болохоор бид мөхөх үү? сэхэх үү?
Буруу муу муухай зүйл дэндүү хүчирхэгжчихээд бид яаж ч чадахгүй байна гэж хэлэх хүн зөндөө байх. Гэвч хүний төрөлхи ухамсарт ЗӨВ гэх үзэл хүн бүрт ижил суурилагдсан байдаг. Ямарч харилцааны зөв бурууг хүн бүр ижил үзэл баримтлалаар дэнслэн тогтоодог. Жишээ нь: Автобусанд хоёр хүн муудалцаж хэрэлдлээ гэхэд түүнийг харсан хүн бүхэн хэний буруу, хэний зөвийг дотроо ялган цэгнэчихсэн байдаг. Гэвч тухайн асуудлыг шийдэхдээ
“надад хамаагүй”,
“ажил албандаа яарч байгаа болохоор зөв бурууг дэнслэхгүйгээр асуудлын хурцадмал байдлыг намжаая”,
“миний таньдаг хүн байна”,
“надад ядаргаатай байна” гэх зэргээр бид “буруу зөвөө дараа нь л ололцоно биз” хэмээн өөрөөсөө холдуулан займчуулаад өнгөрдөг. Энэ үед “буруу зөвийн дэнс” шалан дээр олны хөлд гишгэгдэн эвдэрдэг байна. Гэхдээ л хүн бүрт -Угтаа бол тэрүүний зөв байсан юм л даа” гэсэн бодол нэгэн ижил үлддэг шүү дээ. Бид зөв зүйлийг ингэж л залгидагаасаа болоод буруу зүйлийг хүчирхэгжүүлж, зөв зүйлийг үнэгүйдүүлдэг юм. Бас нөгөөтэйгүүр буруу зүйлийг зөвтгөх санаа сэдэл хүн бүрт ижил буудаггүй гэдгийг бас дээрхи жишээн дээр бодоод үзээрэй! -Угтаа бол түүний л буруу байсан юм ш дээ гэсэн буруутгах бодол л харин хүн бүрт ижил бууна. Эндээс харахад ЗӨВ зүйл уг нь залгидаггүйсэн бол маш их хүчирхэг зүйл гэдэг нь мэдрэгдэнэ. Ийм хүчтэй зүйлийг та гадагшаа илэрхийлэхээс айж, хоолой дээр чинь гарч ирээд байхад л залгиж хориод байгаа учраас л зөв зүйл огт үгүй юм шиг мэдрэмжийг танд төрүүлээд байгаа юм. Зүй нь бол хүн бүрийн хоолой дээр бэлэн гарч ирээд байгаа үзлийг л бүгд нэгэн зэрэг чөлөөтэй гаргаж ирж чадвал л бид өөрөө өөрсдийгөө мөхөөх тэр мөхлөөс аврагдах юм байгаа юм л даа.

Зөвийг өмөөрч, бурууг буруутгаж сурах л хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол бид буруу гэх зүйлээр үүрд дарлуулсаар байгаад мөхөх болно.

Зөвийг өмөөрөхөөс айж, бурууг буруутгахаас хулчийдаг зан бол ухамсарт хүний зан авир биш л дээ

Батболд.Х


URL:

Сэтгэгдэл бичих