Монгол төрд хатан ухаан үгүйлэгдэж байна


Монголчууд бид нэг үеэ бодвол баян болжээ. Улс орон маань байгалийн баялагтаа тулгуурлан хөгжиж, том том бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн хөтөлбөрүүд шил шилээ даган гарч байна. Хэдхэн жилийн өмнө мөнгөгүйн зовлонг туулж байсан улс орон маань өдгөө мөнгөтэйн зовлонг туулах болжээ. Ашигт малтмал, байгалийн баялгаас олох орлогоо хэрхэн “чулуу” болгох вэ гэдэг асуудал өнөөдрийг хүртэл улс төрчдийн “толгойг гашилгасан” асуудлын нэг болоод байна. Монголчуудын түүхээс харахад хаад, төрийн бодлогыг тодорхойлогчид хүнд хэцүү улс төрийн бодлого шийдвэр гаргахад дэргэд нь байх хатад хамгийн сайн зөвлөгч, шадар туслагч нь байсан байдаг. Тэртээх XIII зуунд дэлхий дахинд эмэгтэйчүүдийн нийгэм улс төрийн үүрэг “-0” тэнцэх түвшинд байхад талын монголын өрх гэр, айл хот, улс оронд эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг шийдвэр гаргах түвшинд оролцоод зогсохгүй, бүр гэрийн доторх ажил хэргийг гэрийн эзэгтэй нар эрчүүддээ мэдүүлэлгүйгээр дангаараа шийдэх эрхтэй байсан байдаг. Энэ тухай бид “Монголын нууц товчоо” болон XIII зууны үеийн Монголд жуулчлагчдын аян замын тэмдэглэл зэргээс хангалттай олж мэдэж болно. “Эр нөхөр нь хаан байсан гэр дотроо эхнэр нь захирдаг байв” гэж АНУ-ын судлаач Жак Уэтерфорд “Монголын их хатдын нууц товчоо” бүтээлдээ дурьджээ.

Монголчуудын төдийгүй дэлхий дахины түүхэнд алдар нэрээ дуурсгасан Өүлэн, Бөртэ, Хулан, Дөргэнэ, Сорхагтани, Мандухай зэрэг хатдын хатан ухаан, суу заль, эрдэм мэдлэг монгол төрийн үйл хэрэгт балрашгүйгээр тодоос тод ул мөрөө үлдээжээ.
Тэгвэл XXI зууны Монголчууд бидний хувьд төрийн бодлогод эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хир зэрэг байгаа билээ. XIII зуунд жендерийн юмуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай хууль байгаагүй хэдий ч эмэгтэйчүүдийн оролцоог улс оронд, нийгэмд хүлээн зөвшөөрдөг байсан бол өдгөө энэ чиглэлийн хууль гаргаад байхад ч хүлээн зөвшөөрөх нь бага байна.

Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоонд “шавар хаасан”, “Бүсгүй хүн богино ухаантай” гэдэг үгийг хэн, хэзээ, ямар зорилгоор гаргасан юм бүү мэд. Харамсалтай нь нийгэм энэ үгийг ил биш ч гэлээ далдуур хүлээн зөвшөөрөөд байгаа мэт. Саяхны цагаан сарын баярын үеэр төрийн хэмжээний Гал тахилгын ёслол үйлдсэн юм байх. Үүндээ дан эрчүүд оролцсон бөгөөд эмэгтэйчүүд оролцож болохгүй, гал бузартана гэж үзсэн юм гэнэ. Эмэгтэйчүүд хэзээнээс л галдаа ойр байж, галаа манаж ирсэн уламжлалтай атал шийдвэр гаргах түвшний, улс төрийн бодлого боловсруулах зиндааны эрчүүд ингэж ярьж хэлж, үүндээ итгэж байгааг хараад ичихийн ичихээр ичсэнээ нуух юун.

Төрийн хэргийг шийдвэрлэхэд эрчүүдийн үүрэг оролцоо чухал нь мэдээжийн хэрэг. Гэлээ гэхдээ эрчүүд алс холын бодлого руу хэтэрхий анхаараад ойр зуурын шийдвэртээ анхаарлаа хандуулдаггүй сул талтай. Энгийн гэр бүлийн амьдралд ч гэсэн эцэг нь гэр бүлээ тэжээх, хань ижил, үр хүүхдээ өмсгөж зүүхээр дутаахгүй байхын тулд хөдөлмөрлөдөг бол эх хүн гэртээ ямар хоолтой байх, хүүхдүүддээ юу авч өгөх, юу өмсгөх, гэрээ хэрхэн арчилах гэх мэтийн нарийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Мөн гэр бүлтэйгээ холбоотой томоохон шийдвэрийг эхнэртэйгээ зөвлөлгүй гаргадаг эрчүүд ховор бизээ. Ийнхүү Монгол өрх гэрд эмэгтэйчүүдийн оролцоо юу юунаас чухал байдаг.

Тэгвэл Монгол төрд өнөөдөр ийм л зарчим үгүйлэгдэж байна. Ардчилсан улс болоод 20 гаруй жил болсон энэ хугацаанд өнөөдрийг хүртэл Монгол төрд эмэгтэйчүүдийн хатан ухаан илт үгүйлэгдэж байна. Тоотой хэдхэн эмэгтэйчүүд төрийн бодлого тодорхойлоход оролцож иржээ. Тэдний дуу хоолой шийдвэрт нөлөөлөх түвшинд хүрч чадахааргүй дэндүү цөөдөж байлаа. Харин энэ удаагийн сонгууль тэдэнд боломж гаргаж өгч болох юм. Хатан ухаант бүсгүйчүүдээ төрийн бодлого тодорхойлох түвшинд олноор нь илгээх боломж сонгогч бидэнд байна.

Эрчүүд эрх мэдэлдээ дульдуйдан авлигад орооцолдон, тендер будлиантуулахад оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд ийм асуудлаас хол байдаг. Тэд нийгмийн халамжийн хэсэгт хандсан илүү тодорхой бодлого явуулж чадна, тэд хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд руу хандсан зөв бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцоно. Эрчүүд талхны үнэ мэдэхгүй байж болно, учир нь тэд талх худалдаж авахаасаа илүү талх яаж олох, талхны мөнгийг таслахгүй байх бодлогыг хэрэгжүүлдэг. Харин эмэгтэйчүүд талхны үнэ мэдэхгүй байж болохгүй, тэд талх, сүү, махны үнийг мэдээд зогсохгүй үнийг нь нэмэхгүй байх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж чадах хүмүүс.

Монгол төрд улс төрийн туршлагатай, тулхтай, ухамсартай, идэвхтэй эмэгтэйчүүдийн хатан ухаан үгүйлэгдэж байна. Ийм хатан ухаант бүсгүйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах боломж сонгогч бидэнд бас байна.

Ц.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих