Хэрэгт холбогдсон түшээдээ шоронд бус эмнэлэгт хорьцгооё

zurag-4Цагдан хоригдож, шалгагдаж байгаа манай түшээд эрүүл мэндий ноцтой асуудлаар эмнэлэг бараадах нь их болж. Хэрэг төвөгт орооцолдоогүй бол суллачих юмсан ингэж зовоож байхаар гэж хааяа бодогдох юм. Үнэн хэрэгтээ Монголын шоронд л нэг но байна. Жирийн айлын хөвгүүдэд болохоор их л зөөлөн хандаж, хөрөнгөтэй, эрх мэдэлтэй, өмнө нь төрийн дээд албан тушаал хашч байсан хүмүүс их л хатуурхаад байна уу гэж харагдахаар.

Хөгширсөн С.Баяр ч яахав. Олон ч жил тамхи татсан хүн багтарч бөглөрчих гээд хэцүү байдаг биз. Гэтэл чийрэг бие хаатай Ч.Сайханбилэг хагалгаа хийлгэх шаардлагатай гээд хорих ангиас сайд нарын хоёрдугаар эмнэлэг рүү яаралтай хүргэгдсэн байна.

Жастын Ш.Батхүү, хүргэн Г.Дэнзэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Цагдаагийн Ч.Амарболд гээд л цагаан захтай, эрх мэдэлтэй, төр өндөр албан тушаал хашч байсан бүх л эрхмүүд хүнд өвчний улмаас хорих ангиас эмнэлэг бараадаж байсан.

Урд нь дуулж байгаагүй ноцтой, аюултай өвчнөөр тэд маань өвчилж, эмнэлэг бараадна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг өлсөж, өөрийгөө зовоолгүйгээр шоронгийн хүнд нөхцөлд бие нь өвдчихдөг байх л даа.

Тэгсэн жирийн айлын хөвгүүд ийм тийм өвчнөөр өвдөж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдлээ гэж дуулаагүй юм байна. Н.Энхбаярын буянаар хоёр хоригдол тухайн үед сайд нарын хоёр руу хүргэгдэж байснаас өөр тохиолдол  лав байхгүй байх.

Тэгэхээр Монголын шорон жирийн биднийгээ хайрлаж, өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарч, халамжилдаг бол төр түшилцэж байсан эрхмүүдэд хатуурхаж, хорвоогийн хамаг муу, муухай өвчнийг халдаадаг байж болзошгүй гэж бодогдоод байна л даа.

Үгүй бол төрийн хангамж эдэлж, гадны улс оронд эмчилгээ, асаргаа хийлгэдэг. Эрүүл чийрэг биедээ залуу түшээд маань яалаа гэж өвдөх вэ дээ. Бодвол хүйтэн өрөөнд өдөр шөнөгүй нүд рүү гэрэл тусгаж, эрүү шүүлт болж, хуруу хумс руу нь хулс шаадаг ч байж мэдэх юм.

Тэгээд л шийр зааж, шүд зуусаар арга буюу эмнэлэгт хүргэддэг байх гэсэн бодол минь ихэд давамгайлж байна. Тиймээс сайд дарга нартаа хандаж хэлэхэд албан тушаалын гэмт хэрэг битгий үйлдээрэй. Хэрвээ тийм хэрэгт холбогдвол Монгол шорон та нөхдөд их л хатуурхах болно шүү. Улмаар эмнэлэг бараадахаас аргагүй хүрнэ гэдгийг захиж хэлмээр байна.

Мөн үүнээс үүдэн төр түшилцэж байсан эрхмүүдийг ямар ч хэрэг үйлдсэн бай Монголын шоронд бус сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, цагдан хорих арга хэмжээ авдаг больё. Цаашлаад Солонгос, Японд төрийн зардлаар явуулж, эмчлүүлэх, Шаргалжуут, Хануйгийн рашаанд явуулж, сувилах зэрэг арга хэмжээг авдаг болмоор байна. Үгүй бол шоронд хийж, залхаан цээрлүүлж, хүний эрхийг ноцтой зөрчиж, албан тушаал, эрх мэдэлтэй байснаар нь ялгаварлан гадуурхаж, эдгэшгүй өвчний үүр болгон хохироож байна шүү. Үүнийг НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүний эрхийн үндэсний хороо анхааралдаа авч, түшээдэд хатуурхаж буй Монголын шоронд арга хэмжээ авна гэдэгт итгэж байна.


URL:

Нэр: Branda Widmann Огноо: 5 June 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.