Газарзүйн “ХОРИГДОЛ” хэвээр үлдэх үү

34688214_1733082820114512_6218430350398324736_n_bГазарзүйн түгжээнээс холболтоор ангижрах нь

Газарзүйн нөлөөлөл

Рикардо Хаусманны «ГАЗАРЗҮЙН ХОРИГДЛУУД» хэмээх нийтлэл 2009 оны 11 дүгээр сарын Foreign Policy сэтгүүлд анх нийтлэгдэж байлаа (foreignpolicy.com/2009/11/20/prisoners-of-geography/). Тим Маршал энэ нийтлэлийн санааг өргөжүүлж «ГАЗАРЗҮЙН ХОРИГДЛУУД: Даяар бодлогын талаар бүгдийг тайлбарлах 10 газрын зураг» гэдэг ном хэвлүүлсэн байна.

Нэртэй эдийн засагч Рикардо Хаусманн улс орнуудын газарзүйн байрлал ба эдийн засгийн өсөлтийн хооронд харилцан хамаарал байдаг талаар бичиж, хүйтэн ширүүн уур амьсгал, далайгаас алслагдсан байдал зэрэг нь хөгжил цэцэглэлтэд учрах байгалийн саад болдог талаар цохон дурдаж байв. Р.Хаусманн «ГАЗАРЗҮЙН ХОРИГДЛУУД» нийтлэлдээ “Өнөөгийн даяаршсан зах зээл дээр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ихэнхи нь тив дамнан тархаж, тээвэрлэгдэх шаардлагатай болсон. Тээврийн зардлыг тухайн улсын газарзүйн байрлал л тодорхойлдог нь харамсалтай. Судалгаанаас харахад газар дээрх 1 км замын зардал нь далай дээрх 7 км замын зардалтай тэнцэж байна. Далайд гарцгүй дундаж улс далайн эрэг орчмын улсуудаас 50 хувь илүү зардлыг тээвэрт төлдөг. Бодит байдал дээр энэ зардал бүр ч их байж болно. Балтимороос Зааны ясан эрэг улсад хүргэх стандарт чингэлэгийн тээврийн зардал 3 мянган доллар. Гэтэл тэндээс хуурай замаар Төв Африкийн улс руу өнөөх чингэлэгийг хүргэхэд 13 мянган долларын зардал гарч байгаа аж” хэмээн тээврийн зардлын талаас газарзүйн байрлал ямархуу нөлөөлөл үзүүлдгийг шинжилсэн байдаг.

Тэгвэл Т.Маршалын номонд газарзүйн нөхцөл нь улс төрийн бодлогыг тодорхойлдог талаар гүн гүнзгий шинжилгээ хийсэн юм. Эзэн хааны газарзүйн нийгэмлэгт зориулж 1904 онд сэр МакКиндерын уншсан лекциэс Тим Маршал урам, онгод авч номоо бичсэн гэжээ. Сэр МакКиндер болбоос геополитик хэмээх судлагдахууныг анхлан бий болгосон хүн юм.

Т.Маршалын номд дэлхийн 10 чухал бүсийн газрын зургийг авч үзсэн нь: ОХУ, БНХАУ, АНУ, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк, Европ, Япон ба Солонгос, Гренланд ба Хойд туйлаж. Эдгээр бүсүүд Их гүрнүүдийн геополитикийн бодлого стратегийг тодорхойлоход ихээхэн үүрэгтэй гэнэ. 10 газрын зургийг тогтож харахад Монгол улс лавтай бүс нутгийнхаа гурван чухал газрын зурагтай (ОХУ, БНХАУ, Япон ба Солонгос) харилцан хамааралтайгаар гадаад бодлогоо явуулах ёстой нь шууд ойлгогдно.

Газарзүй нь маш их хамаарлыг үүсгэдэг. Уулс, гол мөрөн нь улс орнуудыг зааглахаас гадна улс төрийн бодлого дахь давуу, сул талуудыг тодорхойлж, удирдагчдынх нь шийдвэрийг чиглүүлж байдаг ажээ. Т.Маршал «Гадаргын тогтоц нь засаглагчдыг эрхэндээ оруулдаг, тэдэнд ажиллагаа явуулах сонголт, боломжийг хүссэнээс нь багаар хуваарилдаг хүчин зүйл юм. Оршин суугаа нутаг дэвсгэр минь бидэнд цаг үргэлж нөлөөлж байдаг. Газар нутгийн онцлог нь энэ дэлхий дээрх өнцөг булан бүрт засаглал, улс төрийн бодлого, үндэстний нийгмийн хөгжил, дайны шинж чанарыг тодорхойлох болно. Бүхэлдээ бол газарзүйн хүчин зүйлийг давах юу ч байхгүй. Энд уул нуруу нь цөлөөс дээр, гол мөрөн шигүү ойгоос чухал гэх мэт ойлголт байж болохгүй. Дэлхийн янз бүрийн хэсэгт янз бүрийн газарзүйн онцлог нь давамгайлах хүчин зүйл болж хүмүүсийн юу чадах, чадахгүйг тодорхойлсоор ирсэн» хэмээн дүгнэжээ.

Financial times сонин «ГАЗАРЗҮЙН ХОРИГДЛУУД: Даяар бодлогын талаар бүгдийг тайлбарлах 10 газрын зураг» номоос Турк-Сирийн хил орчмын газарзүйг жишээлэн авч үзжээ. Энд нэг талаас НАТО-гийн гишүүн орон, нөгөө талаас жихадистуудын Лалын улс бүлэглэлийн нутаг хиллэдэг. Энэ хилийн дагууд өндөр уул гэх мэт байгалийн ямар ч саад байхгүй. Гэтэл зорчиход амар байдал нь исламистуудын зүгээс байнгын аюул занал учруулах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл байгалийн саад байхгүй гээд асуудал амар шийдвэрлэгдэхгүй. Геополитик бүхнийг тайлбарлаж хүчрэхгүй ч суурь нөхцөл хэвээр байх болно.

Путины нүүдлүүд

Барууны удирдагчдад Украин, Сирид явуулсан Путины ажиллагааны цаад сэдэл ойлгомжгүй байж болох ч үе үеийн оросын удирдагчдын явуулж ирсэн залгамж бодлогын үүднээс бол маш ойлгомжтой зүйл юм. Польшоос Москва хүртэл газарзүйн тэгш хонгил тогтоц байгаа нь тэр замыг оросыг эзлэхдээ ашиглах сэдлийг барууныханд өгдөг аж.

Зүүн европ дахь уудам тал хөндий нь Варшаваас Москва хүртэл 1150 километр сунаж тогтжээ. Байгалийн дорвитой саадгүй тул Москва руу довтлоход цаг хугацаанаас өөр саад болох зүйлгүй ажээ. Энэ байдлыг 1605 онд польшууд, 1707 онд шведүүд, 1812 онд францууд Наполеоны удирдлага дор ашиглах гэж оролдож байв. Хамгийн сүүлд 1941 онд Хитлер Москвад тулж ирсэн билээ. Тэгэхээр Дорнод Украиныг НАТО-гийн мэдэлд оруулах нь оросууд дайсандаа шанаагаа тавьж өгснөөс өөрцгүй үйлдэл болох юм. Хэрвээ Хитлер Польшоос биш Украинаас дайралтаа эхлүүсэн бол цахилгаан дайны төлөвлөгөө Blitzkrieg нь амжилттай болж, дулааны улиралд амжиж Москвад тулж ирэхээр байжээ.

Путин стратегийн том тоглогч болохынхоо хувьд барууныхны нүүдлийг урьдчилан харж, сэргийлэх арга хэмжээ авахын тулд Крымыг орост буцааж нэгтгэн, дорнод украинд оросуудын нөлөөг сэргээж байна. Барууны хэвлэлээр “Сибирь, Алс дорнотод буй байгалийн асар их баялгийг дан ганц оросууд эзэмших нь шудрага бус” гэх сэдэв үе үе оргилон гардаг. 1999 онд ЗХУ задран унамагц НАТО Балтийн орнууд, Гүрж, Украинаар хилээ тэлж, оростой шууд хиллэхийг эрмэлзэх болсон. Энэ үүднээс авч үзвэл ОХУ өөрийгөө хамгаалах, урьдчилсан сэргийлэх эрхтэй юм. Тийм ч учраас Путин сөрөх нүүдэл хийж Крымд санал асуулга явуулангуутаа Орост буцааж нэггэсэн. Энэ бол стратегийн үүднээс маш чухал байрлал. АНУ, Израил дайсагнагч талууддаа өрсөж цохилт өгөхийгөө өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс гэж тайлбарладаг. Тэгвэл ийм эрх бусад үндэстэнд байх ёсгүй гэж үү?

ОХУ-ын газарзүйн байрлалын дийлэнх нь Азид орших ч шууд энэ бүсд хамаарах ойлголт муу гэдгийг Т.Маршал дараах байдлаар тодорхойлжээ. «ОХУ-ын Уралын нуруу хүртэлх хэсэг нь Европын их гүрэн гэгдэхэд нь хангалттай. Учир нь баруун талаараа европын хуурай газрын цултай шууд хиллэдэг. Энэ улс Казахстан, Монгол, Хятад, Хойд Солонгостой хуурай газраар хиллэж, Япон, АНУ-тай далайгаар хиллэдэг ч Азийн Их гүрэн биш… ОХУ-ын европ дахь сүр хүч нь Азийн тавцанд ижил хүчирхэг байж чадахгүй нь олон шалтгаантай. Хэдийгээр нутаг дэвсгэрийнх нь 75 хувь ази тивд орших ч хүн амынх нь 22 хувь л энд амьдарч байна. Сибирь нь оросын «эрдэнэсийн авдар» болж маш олон төрлийн эрдэс, нефть, байгалийн хийг агуулж байгаа ч энэ бүс нутгийн хахир хатуу өвөл, хэдэн сараар хөлдүү байдаг цаг уур, туулж баршгүй тайга, газар тариалан эрхлэхэд таагүй хөрс, намагт газар зэрэг нь хөгжлийнх нь тушаа болж байдаг юм. Баруун талыг дорнод хэсэгтэй холбосон хоёр л тээврийн шугам бий. Транссибирийн болон Байгал-Амарын төмөр замууд. Хойноос урагш чиглэлд хэд хэдэн тээврийн шугам байгаа ч эдгээр нь хүний нөөцийн болон хангамжийн дутагдлаас шалтгаалаад орчин үеийн Монгол болон Хятадад нөлөөллөө тогтооход нь саад болдог» гэх мэт дүгнэлтүүдийг Тим Маршал хийсэн.

Гэсэн хэдий ч В.Путины засаг захиргаа газарзүйн сул талуудыг давуу тал болгон хувиргахаар дорно зүгт илүү идэвхтэй бодлого явуулах болсныг тэр хүлээн зөвшөөрчээ.

Хятадын газрын зураг

«Өнөөг хүртэл Хятад нь тэнгисийн цэргийн хүч бүхий улс байгаагүй юм. Маш том газар нутагтай, олон улстай хиллэдэг, худалдааны гол түншүүд рүүгээ хүрэх далайн зам нь урт биш, тийм болохоор далайд хүчийг авах санаа байсангүй. Хятад худалдаачид далайгаар тэнүүчлэн хэсэж байсан ч тэнгисийн цэрэг нь далайн хилээсээ давж явсангүй. Хятад бол үргэлж том нутагтай их хүн амтай (одоо бараг 1,4 тэрбум болж байгаа) эх газрын гүрэн байсан… 4 мянган жилийн туршид Хятадыг ажиллах хүч ихтэй үйлдвэрлэлийн газар байлгах үзэл санаа хадгалагдаж ирсэн. Хятадын иргэншлийн өлгий нь өөрсдийнх нь нэрлэдэгээр төв тэгш тал буюу Хойд хятадын тал юм. Өвөрмонголын доогуур, Манжуурын урд хэсгээр Шар мөрний дагуу орших ба доошилбол Хөх мөрний сав хүрнэ. Нийтдээ 41 мянган ам дөрвөлжин км талбай. Энэ бол дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтаршилтэй бүс юм». «Уугуул хятадын нутгаас хойгуур Говийн ангалгүй хуурай цөл одоогийн Монголыг ороон байрладаг. Баруун тал руугаа газар нь аажим өндөрсөж, Хималайн нуруу руу хөтлөх Төвдийн өндөрлөгт хүрнэ. Өмнөд болон дорнод хэсгээрээ далайгаар хүрээлэгдсэн улс».

Тим Маршалын бодлоор бол хятадын газарзүйн эмзэг цэгүүд нь эх газрын гүнд буюу Төвд, Шинжаан уйгарын хязгаар ажээ. Төвдөөс тариалангийн хятад иргэншлийн суурь болсон Шар, Хөх мөрнүүдийн эх авдаг. Тийм учраас «Хятадууд өнөөгийн ОХУ шиг довтолгоо бол хамгийн сайн хамгаалалт гэх стратегийг Засаглалдаа баримталж ирсэн юм. Хэдийгээр байгалын асар их саад тотгор байсан ч хан үндэстэн Төвдийн өндөрлөгт хүрч, хяналтаа тогтоох ёстой гэдэг үзэл баримтлал хэдэн мянган жилээр үргэлжилж 1951 онд л бүрэн хэрэгжижээ».

«Өндөр уулс, гатлашгүй уудам цөл бүхий 1 сая 665 мянган ам дөрвөлжин км талбай бүхий Шинжаан нь Техас мужаас 2 дахин, өөрөөр илэрхийлэх юм бол нутаг дэвсгэртээ Их Британи, Франц, Герман, Австри, Швейцарь, Нидерланд болон Бельгийг багтаагаад дээр нь Люксембург, Лихтенштейн зэрэг хот улсуудыг ч шингээчихээр нутаг дэвсгэртэй билээ. Энэ бүс нутаг нутаг дэвсгэрийн хэмжээгээр төдийгүй үндэстэн хоорондын асуудлаараа эмзэг цэг. Шинжаанд оршин суух лал шүтлэгтнүүд нь байнга тогтворгүй байдлыг өдөөж, бусад бүс нутгаас илүүтэйгээр бослого хөдөлгөөн өрнүүлж байдаг». Газарзүйн хувьд энэ хоёр бүсийг Энэтхэг, Орос зэрэг их гүрнүүдээс хан үндэстнийг тусгаарлах халхавч гэж үзсээр иржээ.

Яг ийм үүргийг Монгол улс хоёр талынхаа хөршийн хувьд гүйцэтгэдэг юм. «Хятад нь хойд талаараа 4676 км газраар Монголтой хиллэдэг. Байгалийн хил нь говь цөл. Дайнч нүүдэлчид эрт үеэс говийг гатлан өмнө зүг довтолдог байсан шиг орчин цагийн арми урагш довтлох гэвэл бэлтгэл ажилд гэхэд хэдэн долоо хоног шаардагдах байх. За тэгээд хангалт, ар талын хүчинд маш урт зай шаардагдах бөгөөд ойрхон орших хятадын төв рүү нэвтрэхийн тулд эхлээд Өвөрмонголоор дамжих хэрэгтэй болно». «Говь цөл нь асар уудам орон зайгаараа урьдчилан сэргийлэх, хамгаалалтын жишиг шугам болж өгдөг юм. Тийм учраас хятадууд хойд зүгт ахих болбол цэргийн бус худалдааны арга зам хайсан нь дээр. … Зүүн хойд хэсэгтээ Хятад нь ОХУ-тай бараг Номхон далай хүртэл хиллэж буй. Энэ хэсэгт оросын энгүй уудам, ширүүн цаг уур бүхий уулархаг Алс Дорнод цөөн хүн амтайгаар оршдог. Оросууд хятадын төв рүү нэвтрэхийн тулд Манжуураас доош цөмрөх шаардлагатай. Гэтэл Манжуурын оршин суугчид нь одоо 100 саяд хүрч эсрэгээр Алс Дорнодод 7 сая хүрэхгүй хүн амьдарч, цаашид хүн ам нь өсөх шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Өмнөөс хойш чиглэсэн том нүүдэл явагдаж, энэ нь Хятад Оросын харилцаанд хүчтэй нөлөөлнө гэх хүлээлт бий» гэх зэргээр Т.Маршал хятадын газрын зургийг дүрсэлжээ.

Америкчууд БНХАУ-тай хийж буй Трампын худалдааны дайнаас үүдэлтэйгээр дараах тоонуудыг авч үзэх болсон. Хятад 2000 онд дэлхийн эдийн засгийн 4 хувийг хянаж, АНУ харин 31 хувийг нь эзэмшиж байсан бол Одоо хятад 15 хувьтай, америкчууд 24 хувьтай болжээ. Тоо худал хэлдэггүй. Хятадын өсөлтийг тогтоог барих нь АНУ-д хүчрэшгүй бэрх зорилт байх бөгөөд Иргэншлийн сүүлийн 3 мянган жилийн түүхийн 70 хувьд нь Хятад дэлхийн хүчирхэг эдийн засгийн нэг байсаар иржээ.

Монголын газарзүй юу хэлнэ вэ?

Т.Маршалын номд дурдагдсан байдлаар авч үзвэл Монголыг газарзүйн байгалийн саадуудаар хүрээлэгдэж, эх газарт түгжигдсэн “хоригдол” улс гэж хэлж бүрэн болно. Баруун талаараа Алтайн нуруу, хойд хэсгээр Саяны нуруугаар тусгаарлагдаж, зүүн талд хянганы нурууны баруун хэсэг хаалт болж өгнө. Харин урд хэсгээр туулж баршгүй хуурай цөл монголын төв хэсгийг олон мянган жилийн турш хамгаалж иржээ.

Гэвч эдгээр нь эдийн засгийн хөгжилд тулгарч буй үндсэн саад бэрхшээлүүд болох юм. Газарзүйн байрлалаасаа болоод далайгаас алсад орших Монголын импорт, экспорт нь тээврийн асар өндөр зардалтай болдог. Дээр нь “төвийг сахих” гэх мулгуу бодлогын уршгаар хөршүүддээ гаалийн өндөр татвараар (25-30%) түгжигдчихээд байна.

Ийм нөхцөлд бид эдийн засгийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөж байгаа бол байгалийн саадыг давж гарахуйц илүү ухаалаг бодлого явуулахаас өөр сонголтгүй юм. Нэгэнтээ орон зайг ялж, тээврийн зардлаа багасгаж чадахгүйгээс хойш бүс нутгийн интеграцид нэгдэж, тарифын болон тарифын бус саадуудыг авч хаяж байж л хөрөнгө оруулалт, худалдаа хэвийн явагдах нөхцөл хангагдна. Тусгаар тогтнол эдийн засгийн чадавхаар л бэхжихээс бус хөөргөн үзэл суртал улам бүр хэврэгшүүлэхээс өөр шидгүйг бид 28 жилийн алдаагаараа ойлгож авлаа. Өнөөдөр монголд ядуурал 36 хувьд хүрч, 800 мянган ажилгүй иргэнтэй болчихоод байна. Коммунист дэглэмийн үед ч ийм муу үзүүлэлттэй байгаагүй юм.

Янз бүрийн туйлширсан дүгнэлт, үзэл сурталжин “баруунжих” хандлагаас илүүтэй бодит байдлыг ойлгож, бодит тохиргоо, шийдэл хийх прагматик бодлого явуулахгүйгээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай ярих нь газарзүйн өгөгдлөөрөө боломжгүй байгааг дээр дооргүй ойлгох цаг иржээ. Үгүй бол бид эх газрын гүн дэх “түгжигдсэн” эдийн засгийн ядмаг харилцаа бүхий “хоригдол” улсаараа үүрд үлдэх болно. Эдийн засгийн хувьд биеэ дааж чадахгүй бол ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөө зэрэг нь хийсвэр үгс болон үлдэх эрсдэл бий.

Шийдэл нь холболт

Байж болох шийдлийг Параг Ханнагийн дэвшүүлж буй “Холболтын газарзүйн”(Connectography) үзэл санаанаас харж болно. Тэрээр «Нийлүүлэлтийн суваг нь цэрэг зэвсгээс илүүтэйгээр засаглалын чухал эх үүсвэр болж, батлан хамгаалах үүрэг нь хил хязгаарыг гэхээсээ нийлүүлэлтийн сувгийг хамгаалахад чиглэх тийм үе иржээ. Өрсөлдөх чадвар бол ХХI зууны үндсэн зэвсэглэл юм. … Харин холболт(connectivity) бол энэ зууны хамгийн хувьсгалч хүч байх болно. Хүн төрөлхтөн жилд триллион долларын хөрөнгө оруулалтыг тээвэр, эрчим хүч болон холбох дэд бүтэц рүү оруулах замаар төрөлх гаригаа дахин инженерчилж, цэцэглэж байгаа мега хотуудыг холболтонд оруулна. Энэ нь геополитик, эдийн засаг, хүн ам зүй, байгал орчин болон нийгмийн ялгаралд гүнзгий үр дагавар авчрахад хүргэх юм. Тийм болохоор холболт нь газарзүй биш бидний хувь тавилан юм» гэж үзжээ.

Энэ үзэл санааны үүднээс бол Монгол хөрш улсуудтайгаа байж болох бүхий л холболтод нэгдэн орж төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд бүтцийн коридор байгуулах төслүүдээ яаралтай хэрэгжүүлэх  замаар өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатай болж байна. Гэтэл дэд бүтцийн төслүүд нь хөршүүдтэй гүн гүнзгий ойлголцож, хамтран ажиллахгүйгээр хөдлөшгүй юм. Өөр нэгэн суутан монрол улс хоёр хөрштэй хөршгүй дэд бүтцийн коридор байгуулах боломжтой гэх хачирхаад барахааргүй лут дүгнэлтийг ойрмогхон хийв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд хийчихгүй юугаа хүлээсэн нь сонихон.

Параг Ханна дэд бүтцийн холболтыг орчин үеийн “зэвсэглэлээр хөөцөлдөх арга” гэж дүгнэсэн бөгөөд шинэ төрлийн “зэвсэглэлээр хөөцөлдөх тоглоомд” Хятад одоогоор түрүүлж явна.  Тэд дэд бүтэц рүү хөрөнгө оруулалтын давалгааг цутгаж, Евроазийг шинэ торгоны замаар холбохыг чармайж байна. АНУ харин энэ зуур өөрийн хуучин байр суурийг сэргээхийг л чадан ядан оролдож байгаа. Холболт бол ирээдүйг итгэлтэйгээр харах хандлага юм. Эрчим хүчний шинэ нээлтүүд, шинэ технологийн ачаар нөөц баялгийн төлөөх дайн хэрэггүй болж, тээврийн коридорууд, эрчим хүчний системүүд нийлүүлэлтийн боломжийг тэлж, энх тайвныг тогтооно гэж Ханна бат итгэж байгаа ажээ.

Төгсгөлд нь эхэнд дурдсан зохиогчдын санааг ахин сийрүүлье. Рикардо Хаусманн: Орон зай, газар зүй нь эдийн засгийн хөгжилд ач холбогдолгүй байсан бол бид бүхий л улс орон, бүс нутагт орлогын ижил төвшин, амьжиргааны жигд төвшнийг харах байлаа. Гэтэл эсрэгээр газарзүй нь ядуу орнуудын даяар хөдөлмөрийн хуваарьт  оролцох боломжийг бүх талаар хааж байгааг харж байна.

Тим Маршал: Хэрвээ тээврийн өндөр зардал, …орлогын тэгш бус байдал, хоцрогдлын өнөөгийн хандлага цаашид үргэлжлэх аваас ялгаа улам бүр ихсэх болно. Гэтэл хоцрогдсон ертөнц нь ийм төгсгөлийг ёс зүйн хувьд хүлээж авах уу? Тэд илүү үр ашигтай замыг олж чадах уу? Эсвэл хоцрогдож үлдсэн бүс нутгийнхан нийт хүн төрөлхтөнд заналхийлэх үү? Энэ бүхэнд зөв хариулт алга. Баян ядуугийн ялгаа л улам ихсээд байна. Мэдээж бүх үйл явдлыг газарзүй чиглүүлэхгүй. Агуу үзэл санаа, агуу удирдагчид үйл явлыг чиглүүлж, түүхийн нэгэн хэсэг болох нь ч бий. Гэхдээ л тэд газарзүйн онцлогоо харгалзаж, тэр хүрээнд л үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

Г.Мөнгөнчимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.