УЛСЫН ЭМНЭЛГҮҮД БИЧИГ ЦААСТАЙГАА ЗУУРАЛДАХ БИШ, ХҮНТЭЙГЭЭ ХАРЬЦСАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙМААР БАЙНА

olloo_mn_1533862653_ollooУлсын буюу гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч чадахгүй гурван өдөр мунгинаж яваад сүүлдээ хувийн эмнэлэгт шинжилгээгээ өгч санаа амрав.

Ер нь ямарч улсын эмнэлэг ачаалал ихтэй, хүртээмж багатай байдаг нь үнэн. Гэхдээ арай л биш юмаа. Өрхийн эмнэлэг, нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгтэйгээ ямар ч уялдаа холбоогүй ажилладаг юм байна гэдгийг учрыг ойлгож мэдэв.

Дээр нь хүнд сурталтай, харилцааны соёлгүй, хар яр хийсэн хийсэн ажилладаг юм байна. Эмч нарыг хүнд нөхцөлд ажилладаг гэж дүгнэдэг нь үнэн. Тэгвэл яагаад хүндээ хүрч ажиллаж чаддаггүй юм бол.

Алга дарамхан 13 А маягтаас болж гурван өдөр нааш цааш явуулах чирэгдэл төвөг болох эмнэлгийн ажилтнуудад үнэндээ гутамшиг юм бишүү.

Миний хувьд энэ даваа гарагт харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт үзүүлж, эмч нь яаралтай ХСҮТ-д үзүүлэх ёстой гэсэн 13 А маягт бичиж өглөө. Түүнийг нь аваад маргааш өглөө нь эрт дээрх төв орж үзүүлэх гэтэл урдаас “Өрхийн эмнэлгийн 13 А-гаар үзэхгүй. Дүүргийнхээ эмнэлгээс авчир” гээд бүр халгаасангүй.

Бөөн бухимдал, цухалдал харьяа дүүргийнхээ эмнэлэг дээрээс ирээд 13 А авах гэтэл “Манайх өгөхгүй ээ, өрхийн эмнэлгийн 13 А-гаар үзнэ шдээ, үздэг байсан хэзээ больчихсон юм бэ” гэж мэлзэх юм. Үнэндээ дүүргийн эмнэлгийн ачаалал их, олон хүнтэй ажилладаг болохоор ууртай бухимдалтай байдаг байх. Гэхдээ үйлчилгээний байгууллагын ажилтан байж ингэж харьцдаг гэж бодохоор.

Албатай юм шиг өөрсдөө өвдөж ирчихээд, олон долоон юм асууж, нэхлээ гэсэн аятай урдаас хялалзаж цэхэлзэх нь ямар муухай гэж санана.

Яагаад өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг юм бэ. Би тэгээд алга дарам 13 А маягтынхаа учрыг нь олохгүй, нааш цаашаа явж чадахгүй учир үнэтэй ч байсан хамаагүй хувийн эмнэлэгт үзүүлэлээ.

Ийм байж болохгүй баймаар. Яагаад энэ салбар ийм дампуурсан үйлчилгээтэй байдаг юм бол. Бид насаараа ажиллаж, нийгэм, эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ, үйлчилгээ авч чадахгүй байна. Нэг хүн жилд дунджаар 2 сая төгрөгийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авах ёстой юм гэнэ лээ. Тэгвэл 20 мянган төгрөгийн ч үйлчилгээ энэ хүнд суртал, ойлгомжгүй байдлаас нь болж авч чадсангүй дээ цухалдаж байгаа юм. Үнэн дампуу ойлгомжгүй салбар юм.

Өвдсөн хавдсан, ядарсан зүдэрсэн хүн эмнэлгийн үүд хаалга сахиж босго элээдэг болохоос аагаа багтаасан хүмүүс эмнэлэг ордоггүй биз дээ.

Элэгний өвчлөл нь хүндэрсэн шалтгаанаар орон нутгаас нэг өвчтөн ирлээ. Эмнэлэгт хэвтэх гэсэн оочер байхгүй, ор хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар ирэх есдүгээр сарын 06 нд ирээрэй гэж явуулж байх жишээний. Бүхэл бүтэн сарын хугацаанд тэр хүний эрүүл мэндийн байдал улам дордож, магадгүй амь насаа алдвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Яагаад хүнд өвчтнөө зохицуулаад хэвтүүлчих сэтгэл байдаггүй юм бэ.

Бүхэл бүтэн XXI зуун гарчаад цахим орчин, мэдээлэл хөгжөөд байхад тэр 13 А мэтийн алга дарам цаас үзлэгийн карт нэртэй зузаан зузаан дэвтрүүд хэнд хэрэгтэй юм бэ.

Өвчтнөө үзлээ, өвчний түүхийг нь шивлээ хөдөө явж байсан ч хотод байсан ч гуравдугаар шатлалд үзүүлж байсан ч ганц регистрийн дугаарыг нь хийхэд миний төрснөөс өдийг хүртэл өвдсөн өвчин, өгсөн шинжилгээ уусан эм, үзүүлсэн эмч бүгдийг харж болохоор шийдэж болдоггүй юм байхдаа.  Бичиг цаастай зууралдсан биш хүнтэйгээ харьцсан, зууралдсан үйлчилгээ үзүүлдэг баймаар байх хэрэгтэй шүү дээ улсын эмнэлгүүдийн удирдлага, эмч ажилтнууддаа.

Дээр нь үйлчилгээний байгууллагын ажилтнууд нь харилцааны соёл гэж байхгүй. Олон дахин юм асуувал шууд урдаас уурлана. Учраа олохгүй, мэдэхгүй хүн л мунгинаж байгаа шүү дээ. Сандал дээрээ шигдэж суучихна,  эсвэл гэрт нь асуухгүй ороод ирсэн мэт хялам цэхэв хийж, юу ч асуусан мэдэхгүй, байхгүй, боломжгүй, болохгүй шүү дээ гэж хариулаад байвал тэр байгууллага яаж өөдлөх вэ.

Манай орон шиг үйлчилгээний дамдууралд орсон газар гэж байна уу. Эрүүл мэндийн байгууллага аль ч нам засгийн үед ийм ачаалал ихтэй байсан гэж шүүмжилдэг юм билээ. Гэхдээ хоорондоо жаахан уялдаа холбоотой ажилламаар байна.
13 А маягтаас болж гурван өдөр яваад үзүүлж чадаагүй цухалдаж цөхрөхөөс өөр яах вэ. Тэгээд л байдгаа барьж байхгүйгээ тэмтэрч, хувийн эмнэлгүүдэд үнэ өртөгтэй шинжилгээнүүд өгч байх жишээний. Улсын эмнэлгээсээ ганц удаа ч болов үйлчилгээ авч үзэх юмсан даа.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих