Ч.Сайханбилэг иргэдийн хулхин дээр цэцэг ургуулав уу

Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуулийн дараахан талх, гурилын үнэ огцом буурч, ёстой л нөгөө мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг нь болов. Хүн бүхэн гайхаж балмагдаад, айлын дэггүй жаалууд талхаараа хүртэл байлдаж тоглох юм гэнэ.

Зарим нэг өвөө, эмээ нар ардчиллаас соц нийгэм рүү дахин шилжиж, 20 дугаар тогтоол хүчингүй болоо юу гээд л… Монголоор дүүрэн “оньсого” хөврөх болсон аж. Тэгсэн харин УИХ-ын шинэхэн гишүүн Ч.Сайханбилэг сонгуулийн амлалтаа биелүүлж, Лондон, Хонконг хоёрыг холбосон шилэн кабель Улаанбаатар хотоор дайруулан тавьсан нь энэ юм гэнэ.

Харин тэр шугам дээр нь манай улс тоолуур байрлуулж, өнгөрөх урсгал бүрээс нь төлбөр авдаг болсон юм байх. Тэгээд л эхний жилдээ уг сүлжээний урсгалаас 160 сая орчим ам.доллар авч, манайх гэдэг улс чинь хагартлаа баяжиж байгаа юм гэнэ шүү. Ингэхдээ энэ бүх орлогынхоо 60-80 сая ам.доллараар нь талх, гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан хүртэл байгуулсан аж.

Тиймээс ямар ч үнийн хөөрөгдөл гарсан эрхэм гишүүнийхээ буянаар айл өрх бүр боломжийн үнээр гурил, талхаа худалдан авах сайхан боломжтой болсон нь энэ юм байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг гишүүн өмнөх сонгуулиар яг ийм юм амалж, төрд сонгогдож байсан. Энэ бол хэн нэгний зүүд ч биш, түүний зөвхөн сонгуулийн амлалт байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих