Ченжүүдийг хөнөөсөн залуусыг энэ сарын 16-нд шүүнэ

Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг хэлэлцэж ялын дээд хэмжээ оноосон билээ.

Тэд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн юм. Б, Х нар 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон билээ.

Хохирогчид тухайн үед 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан юм.

Аймгийн Цагдаагийн газрын даргаар удирдуулсан Ажлын хэсэг тухайн үед эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулан манай талд хүлээлгэн өгсөн юм.

Уг хэргийг УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар Баян-Өлгий аймгийн Сумдын шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан бөгөөд тэдний хэргийг энэ сарын 16-нд хянан хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих