Доллартай барьцах юань

be24296f555925d644cc580b1bac613d58ff3f83Яг нэг сарын өмнө Монголбанкнаас зарласан дундаж ханшаар юань 394.36 төгрөгтэй тэнцсэн. Харин өнөөдөр юанийн ханш 389.17 төгрөг байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд юанийн дундаж ханш 378.32 төгрөг байсан ч хоёр сар гаруйхан хугацаанд мөнхийн хөрш БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш 11 төгрөгөөр чангарлаа.

Дэлхийн зах зээлд юанийн ханш ам.долларын эсрэг чангарч 1 ам.доллар 6.74 юаньтай тэнцэж байна. Юанийн ханш чангараад зогсохгүй ам.долларын гол өрсөлдөгч болж эхэлснийг нь олон улсын нөөц валютаар тодорсон явдал нь батална. Ази, Номхон далайн эдийн засагт төдийгүй дэлхийн гадаад худалдаа, санхүүгийн системд юань хэрхэн нөлөөлөхийг нэр хүндтэй эдийн засагчид тооцоолж эхэлсэн. Олон улсын банкууд гадаад валютын нөөцийн сагсандаа юанийг багтааж буй нь түүний дунд, урт хугацаанд үзүүлэх нөлөө өндөр байна гэсэн эдийн засагчдийн таамгийг улам бататгаж , юанийн эрэлт хэрэгцээ цаашид ч өсөх төлөвтэйг илэрхийлж байгаа юм.

Түүхий эдийн импортоороо дэлхийд хоёрт жагсдаг БНХАУ-ын хувьд ам.доллараар түүхий эдийн ханшийг илэрхийлдэг байдлыг юаниар тооцон боддог болгохоор хичээж байгаа гэсэн таамаг бий. 2007 оноос БНХАУ дэлхийн нийт экспортын 14 хувийг дангаар бүрдүүлэгч болж хамгийн том экспортлогч улс болсон гээд дурдаад байвал юанийн ирээдүй илүү хүчтэй болохыг батлах олон жишээ гарч ирэхээр байгаа юм.

Ойрын жишээ. ОХУ-БНХАУ хоёр 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын шатдаг хий нийлүүлэхээс эхлээд том, жижиг олон гэрээ байгуулсан. Үүнээс улбаалан Оросын компаниуд олон улсын гэрээнийхээ тооцоог юаниар хийх бэлтгэл хангаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Үүний баталгаа нь “Газпром нефть” компанийн захирал А.Дюков харилцагчдын тооцоо хийх валютыг ам.доллар байсныг юань болгон өөрчлөхөөр харилцагч компаниудтайгаа зөвшилцөж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн нь хоёр, гуравхан жилийн өмнөх явдал. Тэдний араас “Норникель” компани Хятадын худалдан авагчидтайгаа урт хугацааны гэрээ байгуулахдаа юаниар тооцоо хийж эхэлсэн нь Оросын томоохон компаниуд АНУ-ын зүгээс авч болзошгүй хориг арга хэмжээнээс хамгаалж буй үйлдэл байлаа. АНУ-БНХАУ-д зарласан худалдааны дайн Төв Азийнханд ашигтай тусна гэсэн нь юань ирээдүйд ам.доллартай зэрэгцэхгүй юмаа гэхэд дөхөж очно гэдгийн бас нэгэн баталгаа юм.

Колумбын их сургуулийн дэргэдэх Дэлхийн хүрээлэнгийн захирал эдийн засгийн профессор, Нобелийн шагналт Жеффри Сакс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Худалдааны дайн”, Ираны эсрэг хориг зэрэг алдаатай бодлогоос болоод доллараас татгалзах явдал хурдасч байна гэдгийг  ”Project Syndicate” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дурджээ.

“Америк бүхний манлайд” уриатай Трампын худалдаа, санхүүгийн бодлогын нэг хэсэг болох БНХАУ-тай хийж буй худалдааны дайн хятадын экспортыг хумьж,  барууны технологи нэвтрэхийг нь хязгаарлах замаар эдийн засгийн өсөлтийг зогсоох гэсэн оролдлого гэдэг. Америкийн татвар, тарифын бус худалдааны байр суурь нь Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж магадгүй ч бүрмөсөн зогсоож чадахгүй. Харин ч Хятадыг Америкийн санхүү, худалдааны хараат байдлаас зайлсхийхэд нь түлхэц өгч эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хятадын засаг захиргаа цэргийн хүчин чадал, тэргүүлэх технологид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улмаар дэлхий дахины төлбөрийн тогтолцоонд юаниа доллартай өрсөлдүүлэх нь улам нэмэгдэв. Одоо америкийн эдийн засагчид ам.долларын хүчинд бүрэн итгэлтэй байхаа больж, евро, юаниас айж эхлэв.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 81, гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлдэг. Банкны системээр дамжиж буй гадаад валютын орох урсгалын 15, нийт валютын эргэлтийн 14 хувийг юань бүрдүүлж байна.

Иргэд, хадгаламж эзэмшигчдийн валютын эргэлт ам.доллараар илэрхийлэгдэж байгаа нь юань манай дотоодын зах зээлд хадгаламж байршуулах хэмжээний итгэмжит валют болоогүйг илэрхийлж буй. Манай улсын дийлэнх зээл, санхүүжилт ам.доллараар илэрхийлэгдэж, нөгөө талдаа орлого мөн ам.доллараар ордог. Иймд компаниуд валютын тэнцвэргүй байдал үүсгэхгүйн үүднээс зах зээл ам.долларт төвлөрөөд байна. Үүнтэй холбоотой зах зээлд эзлэх юанийн орон зай ойрын хугацаанд тэлэхээргүй байгаа ч алсдаа юанийн хэрэглээ олон улсад өргөжиж, зах зээл дэх эргэлт нэмэгдсэнээр дотоодын валютын зах зээлд ам.доллараас хамааралтай байдал буурч, гаднаас авч буй худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоог юаниар хийх нь нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал болоод буй. Тиймээс ч ам.долларын ханшийг ганцхан тооцоололгүй юанийн өсөлтөнд ч анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.

http://eagle.mn/r/56154


URL:

Сэтгэгдэл бичих