Улаанбаатарыг метротой болгох үлгэрийг жаргаахсан

ulaanbaatar_metro_1Өнгөрсөн ням гараг Индонез улсын, тэр дундаа Жакарта хотынхны хувьд тэмдэглэлт өдөр байв. 2013 онд анх шав тавьж, барилгын ажлыг нь эхлүүлж байсан метрогоо энэ өдөр албан ёсоор ашиглалтад оруулж, Төрийн тэргүүн нь ирж оролцсон зураг дэлхийн томоохон хэвлэлүүдээр нэгэн зэрэг цацагдлаа. Метро нь одоохондоо 16 км үргэлжлэх ганцхан шугамтай хэдий ч 2024 он гэхэд дахин найман км-ийг нэмж тавихаар төлөвлөжээ. Япончуудын зээлээр бүтсэн метроны уг төсөлдөө 2.6 тэрбум ам.доллар зарцуулжээ.

“Өнөөдөр бид Жакарта дахь хурдны транзит тээврийн эхний шатыг ашиглалтад орууллаа. Ингэснээр манай улсын хөгжлийн түүхэнд шинэ хуудас бичигдэж байна” хэмээн Ерөнхийлөгч Жоко Видодо бахархалтай нь аргагүй мэдэгдэв. Метротой болчихоод баярлаж буй тэдний зургийг хараад атаархах сэтгэл төрснөө нуух юун. Хэдийгээр дэлхийн метроны хөгжлөөс 150 жилээр хоцорсон ч гэсэн Индонез улс энэ бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

Гэтэл бид 2013 онд Улаанбаатарын метро төсөл хэмээн бичсэн ёрдойсон шон босгосноос өөрийг хийж чадалгүй байсаар өдийтэй золгов.

ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Улаанбаатарыг метротой болгох асуудал бараг хориод жилийн өмнөөс л яригдсан зүйл. Харин хотын өмнөх дарга Э.Бат-Үүлийн үед энэ төсөл нэлээд эрчимжиж, Японы ЖАЙКА байгууллагын шугамаар бүр ТЭЗҮ-ийг нь хийж, ҮАБЗ-өөр хүртэл дэмжүүлсэн юм. Тухайн үед 1.5 тэрбум ам.долларын зардлаар эхний ээлжинд нэг шугамтай метро барих төсөл боловсруулж байв. Метрог зүүн захын Амгалан өртөөнөөс Сонсголон хүртэлх 17.7 км урт замд 14 өртөөтэй байгуулахаар төлөвлөсөн. 2016 онд барилгын ажлыг эхлүүлж, 2020 он гэхэд метротой болно, ингэснээр 160 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ, хотын төсвийн орлого 30 хувиар нэмэгдэнэ хэмээн тухайн үеийн нийслэлийн удирдлагууд ам уралдан пиардаж байлаа. Хэрэв энэ төсөл ажил хэрэг болсон бол бид ирэх жил метрогоор зорчиж, түгжрэлд цаг алдах гээч зүйлийг мартах байлаа. Гэвч Э.Бат-Үүлийн баг сонгуульд ялагдахтай зэрэгцэн метротой болох мөрөөдөл замрхан одсон түүхтэй.

“Бид “Амгалан”, “Таван шар”-д метроны буудал байна гээд ажлаа эхлүүлж байлаа. Харамсалтай нь сонгуулиар ялагдсан. Төрийн залгамж чанар гэж алга. Өмнө нь хэрэгжүүлж байсан зөв ажлыг дараагийн гарсан нам, эвсэл нь хэрэгжүүлдэг байвал зөв зүйтэй юм. Гэтэл метроны талаар ярьж байгаа нэг ч хүн алга. Улаанбаатар хотод метроны ганцхан шугам тавихад олон асуудлыг давхар шийдэх боломжтой” хэмээн НИТХ-ын төлөөлөгч асан Д.Ганхүү ярилцлагадаа онцолж байв.

УЛСТӨРЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ ТӨСӨЛ БАЙДАГ ЮМ ШҮҮ

Манай улс төрд өмнөх засгийн үед хийсэн болгоноо харлуулж, үгүйсгэдэг арчаагүй чанар бий. Ингэхгүй л бол өрсөлдөгч нь товойн гарч, өөрсдөө доош орчихно гэсэн дэндүү аминчхан бодолтой. Тиймдээ ч нэг засгийн үед эхлүүлсэн ажил дараагийн засаг гарахад үргэлжилсэн түүх нэн ховор. Гэхдээ улстөржүүлж болохгүй ажил, заавал үргэлжлүүлэх ёстой төсөл, олон нийтийн эрх ашиг гэж бий. Үүний нэг бол яах аргагүй метроны төсөл. Үнэхээр нийслэлчүүд метротой болж л байвал аль нам барьж байгуулах нь ямар хамаа байна аа. Хоёулаа нийлээд ч хамаагүй хийх л ёстой баймаар. Гэвч өрсөлдөгчийн нэр хүнд өсчихнө гэх өнөө л нэг аминчхан үзэл энэ ажлыг хойш татсаар өнөөг хүрчээ. Метроны оронд тусгай замын автобус барина гэж хэсэг давхисан ч бас л зангууны үлгэр болоод дууслаа.

• Дэлхийн метроны хөгжлөөс 150 жилээр хоцорсон ч гэсэн Индонез улс энэ бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Харин бид Улаанбаатарын метро төсөл хэмээн бичсэн ёрдойсон шон босгосноос өөрийг хийж чадсангүй.

• Метрог зүүн захын Амгалан өртөөнөөс Сонсголон хүртэлх 17.7 км урт замд 14 өртөөтэй байгуулахаар төлөвлөөд байв.

• Өдөрт 265 сая, жилд 53 тэрбум төгрөгийн үргүй зардал замын түгжрэлээс болж хий хоосон урссаар байна.

Манай улс хөрөнгө мөнгөний чадамж муутай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ гаднын зээл тусламжаар 1.5 тэрбумыг олоод метро барих чадалгүй болтлоо доройтсон гэж бодохгүй байна. Хэрэв яаж ийгээд байгуулчихвал хэтдээ энэ байтугайг хэмнэнэ. Эдийн засгийн ач холбогдлуудыг тоочоод байвал барагдахгүй буй за.

Замын цагдаагийн албанаас хийсэн нэгэн судалгаанаас энд сонирхуулъя.

Сүүлийн таван жилийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь өдөрт бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа аж. Өдөр бүр 200 мянган суудлын тэрэг замын хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж цаг тутам 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж байна. Нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая, жилд 53 тэрбум төгрөгийн үргүй зардал замын түгжрэлээс болж хий хоосон урсжээ. Бусад орны судалгаанаас харахад 11 сая автомашинтай Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, ердөө зургаан хувь нь л автомашинаар зорчдог бол Бээжингийн иргэдийн 34 хувь нь автомашинаар явдаг байна. Харин Улаанбаатарын оршин суугчдын 69 хувь нь автомашинаа өдөр тутам унадаг гэсэн судалгаа бий. Ийм байхад хотын төвдөө түгжрэн бухимдаж, хараалаа урсгахаас ч аргагүй. Мэдээж машинаа унаад явж байгаа хүмүүсийг буруутгах нь зохисгүй. Нийтийн тээвэр нь олигтой хөгжөөгүй болохоор хэн л автобусанд суухыг хүсэх билээ. Ялангуяа өглөө, оройд автобусанд багтаж сууна гэдэг эр зориг шаардсан ажил болоод удаж байна.

МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ

Барууны хөгжилтэй орны иргэдийн ихэнх нь хувьдаа машинтай. Гэхдээ түүнийгээ хоол хүнсээ бөөнд нь цуглуулах, амралт зугаалгаар явах зэрэг цөөн тохиолдолд л унана. Бусад үед бол метро зэрэг нийтийн тээврээрээ үйлчлүүлнэ. Баян, ядуу ялгаагүй. Хэрэв манай нийслэл зүүнээс барууныг холбосон ядаж ганц метроны шугамтай болчихвол иргэдийг бухимдуулаад байгаа нөгөө айхтар түгжрэл шидэт саваагаар дохисон мэт алга болох гээд байна. Ядаж хүмүүс өглөөд ажилдаа хоцрохын зовлон амсахгүй. Автобусанд шахцалдаж, уур бухимдлаа чбарахгүй.

Тиймээс эрх мэдэлтнүүд алсаа харж, иргэдээ бодсон зориг гаргаад энэ ажлыг яаж ийгээд эхлүүлэх л хэрэгтэй байна. Хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдсэн, үгээгүй ядуу гэгддэг Умард Солонгос хүртэл нийслэлдээ 22 км урт метротой, түүгээр нь жил бүр давхардсан тоогоор 36 сая хүн зорчдог гээд бод доо. Харин бид ядуу буурай гэх шалтаг тоочин суух биш, зориглон хөдөлмөөр байгаа юм. Энэ төслийг дэмжсэн, хэрэгжүүлсэн, бодит ажил болгосон хүмүүсийг нийслэлчүүд үеийн үед талархан дурсах нь гарцаагүй. Тэр улс төрийн хүчин дараагийн сонгуульдаа ногоон гэрлээр ялалт байгуулна гэдэгт ч эргэлзэх хэрэггүй байх. Гагцхүү цаг алдах тусам төслийн өртөг нэмэгдсээр байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Зургаан жилийн өмнө 1.5 тэрбум ам.доллараар барина гэж байсан метроны өртөг одоо хэд болж нэмэгдсэн нь бас сонирхолтой.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих