Дарханы гурилын үйлдвэрт дэлбэрэлт болж, хүн гэмтлээ

Дархан хотын гурилын үйлдвэрт дэлбэрэлт боллоо гэсэн мэдээлэл өдрийн нэг цагийн үед манай редакцид ирсэн юм. Мэдээллийн мөрөөр тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал болон бусад албаны хүмүүстэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч “шалгаж байна, дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө” гээд утсаа салгасан юм.

Бусад эх сурвалжийн мэдээлж буйгаар будаа хадгалдаг сав буюу агуулахад будааны халалтаас болж, дэлбэрэлт болсон гэж үзэж байгаа аж. Тус дэлбэрэлтэнд хоёр ажилтан өртсөн ч нэг нь толгойдоо оёо тавиулснаас өөр ноцтой гэмтэл аваагүй гэсэн мэдээлэл байна.

Дэлбэрэлтийн улмаас 50 гаруй метрийн зайд орших бетонон хашаа цөм цохигдсон байдалтай байгаа аж. Бас ЗИЛ-130 машины цонх хагарч, үйлдвэрийн элеваторын бетонон багана, гаднах хашаа нурсан байдалтай байгаа юм. Харин үйлдвэрийн дотор ихээхэн хэмжээний гал гарч, үйлдвэрийн ойролцоох айлуудад газар хөдөлж байгаа мэт чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ.

Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Ер нь томоохон үйлдвэр аж, ахуйн газар ажилладаг суурин газарт хэзээ ч ямар ч аюул тохиолдож болзошгүйг энэ дэлбэрэлт дахин харууллаа. Өмнө нь 1999 онд Дархан дахь төмрийн үйлдвэрт дэлбэрэлт болж байсан.

Хайлуулж буй төмрөндөө хяналт тавиагүйгээс их хаягдал дунд бууны сум дэлбэрч, 10-аад километрийн цаана явж байсан хүний толгойн тус газар онож, амь насыг нь хохироож байсан гашуун түүхтэй. Хэдийгээр энэ удаа эрдэнэт хүний амь нас эрсдээгүй ч долоо хоногийн дотор хоёр ч удаа дэлбэрэлт болсон нь Дархан хотыхныг айдаст автуулах шалтгаан болоод байна.

В.Батцэцэг

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих