Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-1

712-15659149528-16-7-Нэгэн түүх өгүүлье. 1910 онд АНУ-д согтууруулах ундаа зарахыг хоригложээ. Гэтэл тус улсад согтууруулах ундааг хилээр хууль бусаар оруулж, борлуулдаг сүлжээ бий болсон юм. Тэр үед алдарт Аль Капоне хулгай хийж, архи борлуулж, товчхондоо буруу аргаар олсон их хэмжээний мөнгөө “зөв” болгох арга хэрэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэг юм худалдан авах гэхээр татварын байгууллагад бүртгүүлэх тул баригдчих гээд байж л дээ.

Тиймээс тэрбээр ресторан ажиллуулж, бохир хэрэглэлээ угаалгын газарт угаалгах гэрээ байгуулах зэргээр арга сэдсэн байгаа юм. Угаалгын газар нь ашиг олж, татвараа ч төлөөд явдаг байв. Гэвч тэрхүү татвараа сайн төлдөг өнөөх угаалгын газарт байцаагч очиход хоосон байшин байв. Огт ажилладаггүй рестораныг ч “ажиллуулж” байжээ. Чухамдаа ингэж мөнгөө хууль ёсных болгож хувиргасан хэрэг. Эндээс money laundering  буюу мөнгө угаах гэсэн нэр томъёо үүссэн байна. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхдээ хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах, гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулах, түүнийгээ эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг ажээ.  Мөнгө угаах нь ямар ч улс орны эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай. Хууль бус мөнгө гаднаас орж ирээд дээрх циклийн дагуу буцаад гарна. Ийм их хэмжээний мөнгөний гэнэтийн шилжилт нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэх аюултай. Харин дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг хавчих, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай.
-Монгол Улс 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан байдаг юм. Түүнчлэн дэлхий нийтээр гэмт хэргээс олж буй бохир мөнгө хаашаа орж байгааг хянах тогтолцоо бий болгохоор FATF-ыг байгуулсан. Монгол Улс FATF -ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн юм.
Харин манай улс өдгөө FATF-ын саарал жагсаалтад орохын босгон дээр ирээд байна. Энэ бол аюул. Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орвол дотоодын банкууд гадаад гүйлгээ хийх боломжгүй болох аюултай. Цаашлаад энэ нь Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал болон эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө.
Мөн ийм зүйл тохиолдвол Монгол Улсын иргэд л гэхэд хил даваад л байнга хяналт, шалгалтад өртөнө. Гадаадын зарим банк  манай улсыг саарал жагсаалтад багтсан учраас үйлчлэхгүй.  Тэгвэл улс оронд тулгараад байгаа энэ эрсдэлийн гол үндсийг монголчууд хэдийнэ мэддэг болчихсон. Энэ нь хүн бүрийн хэзээ ч барьж байтугай сонсож үзээгүй асар өндөр дүнтэй мөнгөний дэлхийг хэрсэн гүйлгээнүүдтэй шууд холбоотой гэдгийг албаны эх сурвалжууд баталж байгаа юм.Гэвч Монгол Улсын хууль хяналтын байгууллага ийм хэргүүдийг зохих түвшинд ил болгодог ч ямар нэг байдлаар “мартагдаж” орхидог юм. Асар их мөнгөний нөлөө нь тэр. Үр дүнд нь ийм хэргүүдээ нам дардаг манай улсыг FATF-ын зүгээс саарал жагсаалт руу түлхэхээс аргагүйд хүрч байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэргийг шүүхээр нэгмөр эцэслэн шийддэггүй нь FATF зэргээс “муу” үнэлгээ авч, дэлхийн санхүүгийн байгууллагын анхааралд орох гол нөлөөг үзүүлдэг байгаа юм. -Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад Улаанбаатар төмөр замын дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаатай холбоотой нэгэн “хэрэг”-ийн талаар эрэн сурвалжиллаа.
Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 2016 оны аравдугаар сарын 3-нд УБТЗ-ын даргын ажлыг хүлээн авсан. Энэ суудалд гурван жил сууж байгаа аж.
Энэ асуудлын талаар өмнө нь зарим хэвлэл товчхон нийтэлж байжээ.
Харин өнөөдөр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн нэр холбогдсон хил давуулж нааш цааш “гүйлгэсэн” мөнгөний талаар Оросын тал хэдийнэ мэдсэн байгаа юм. Тиймээс Монгол Улсын нэр бүхий төрийн институциудад асуулга тавьсан албан бичгийг ирүүлсэн байна. Мэдээж хэрэг тэр бичигтээ Д.Жигжиднямаад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс цаашхийг бичвэл улсын нууц болох тул ингээд зогсъё.
Гэвч УБТЗ-ын хувь эзэмшигч Оросын талын “сонирхол”-ыг татаад эхэлсэн Д.Жигжиднямаагийн холбогдсон уг асуудал нь гадаад дотоодын компани, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн онц их хэмжээний ам.долларын гүйлгээ юм.
Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Class Trading Limited” гэж компани бий.
Энэ компанийн данснаас 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд Монголын “Скай профешнл ложистик” ХХК руу 726 160 ам.доллар шилжүүлжээ.
Зуу зуун мянган ам.долларыг дамжуулдаг гол зангилаа болсон автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэл бүхий энэхүү “Скай профешнл ложистик” ХХК нь 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд барилгын цонх дуудлагаар угаадаг “Скай профешнл” ХХК-ийн охин компани болж үүсгэн байгуулагджээ.
“Скай профешнл ложистик” ХХК нь баруун дөрвөн замд байрлах “Rokmon building”-ийн VI давхарт байрладаг. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийнхэн тус компанийн байранд нэгжлэг хийж байсан удаатай.
Энэ компанийг Д.Жигжид­нямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг.
Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Баяржаргал ажиллаж байгаад 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр Н.Монсорт энэ албыг шилжүүлэн өгсөн байна. Н.Монсор нь Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу Эм Си Альфа” компанийн гүйцэтгэх захирал, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Юу Эм Си капитал” компанийн үүсгэн байгуулагч, “Улаанбаатар Ассет Менежмент” компанийн гүйцэтгэх захирал, ИЗНН-ын генсек болохоор өрсөлдөж явсан залуу байдаг.
Н.Монсортой холбоотой “Трафигура Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жононбаяр гэж залуу бий.  Хуурамч шатахууны асуудалд холбогдож байсан. Энэ хүний талаар дараагийн удаад дэлгэрүүлэн хүргэнэ.
Харин энэ удаад “Скай профешнл ложистик” ХХК-ийн данс руу Хонкгонгийн “Class Trading Limited” компаниас орж ирсэн 726 160 ам.долларын задаргааг хүргэе. Энэ мөнгөний 383 156 ам.доллар нь тус компанийн хадгаламжийн данс руу, С.Батзаяа гэдэг эмэгтэйд бэлэн зарлагаар 39 мянган ам.доллар, УБТЗ ХНН рүү тээврийн хөлс гэж 257 244 ам.доллар нь шилжжээ.
Энэ бол дараагийн удаа хүргэх гадаад, дотоод руу шилжсэн их мөнгөний гүйлгээний дэргэд өчүүхэн юм. Өөрөөр хэлбэл, Монголын нэгэн компаниас Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Class Trading Limited” компанийн данс руу, тэндээс Монголд орж ирээд Д.Жигжиднямаа нарын нэр бүхий зургаан хүн, гурван компанийн данс руу шилжин тардаг сүлжээний талаар дараагийн удаа хүргэх болно.
Тэр үед Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хэнээр удирдуулаад байна вэ. Оросууд Д.Жигжиднямаад яагаад эргэлзээд эхэлсэн бэ гэдэг тодорхой болох юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

URL:

Сэтгэгдэл бичих