“Монос”, “Монгол Эм импекс”-ийн тусгай зөвшөөрлийг хууль зөрчин сунгажээ

6166

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 95 эмийн сан, эм хангамжийн байгууллагад хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар  стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлэх аж.

Улаанбаатар хотод 1300 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 95 эмийн сан ийнхүү шалгалтад хамрагдсан байна. Тэдгээрээс 59 нь бага эрсдэлтэй, 28 нь дунд эрсдэлтэй, 3 нь их эрсдэлтэй үнэлэгджээ.  Фүжи Фарм, Цогт тайж, Ананас гэсэн гурван эмийн сан их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Тэдний тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлэхийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун үүрэг болголоо.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгох ёстой. Гэтэл Эрүүл мэндийн яам хууль зөрчин, Монос, Монгол Эм импекс зэрэг байгууллагын тусгай зөвшөөрлийг таван жилээр сунгасан байна. Хуулиас давсан шийдвэр гаргаж, гурван жилийн тусгай зөвшөөрлийг таван жилээр сунгасан Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтныг хуулийг байгууллагад шилжүүлэх чиглэлийг Л.Эрдэнэчулуун өгөв.

Мөн эм найруулах өрөө тасалгаагүй, усан хангамжгүй байгаа Монос Улаанбаатар, Тавин ус, Ази фармын зэрэглэлийг бууруулах даалгаврыг улсын байцаагчид өглөө.  

ARSLAN.MN


URL:

Сэтгэгдэл бичих