Төлөвшилгүй, дотоод ардчилалгүй намууд парламентыг дүүргэсээр байх уу

195626-04112016-1478225655-1558087808-talbai (1)Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс төрийн намыг төлөвшүүлэхтэй холбоотой заалтууд орсон. Тухайлбал, “Нам үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу (Сонгуулийн насанд хүрсэн иргэдийн нэг хувьтай тэнцэхүйц иргэн эвлэлдэн нэгдэх) байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж, үйл ажиллагаа явуулна”, “Намын дотоод зохион байгуулалт нь  ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэн хоёр заалт орсон. Дээрх хоёр заалтын дагуу 20 гаруй мянган иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах, санхүүжилтээ ил тод байлгах шаардлага жижиг улс төрийн намд тавигдах болов. Үүний ард улс төрийн намын төлөвшил, Монголын улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилт агуулагдаж байгаа. Бүр цаашилбал, Монголын парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх зорилт бий. Харин энэ шаардлагыг хангах төлөвшсөн нам хэр олон болох нь анхаарал татаж эхлэв.

Өнгөрсөн мягмар гарагт Монголын дипломатын академи, “Конрад-аденауэр” сан хамтран Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын удирдлагуудыг урьж “Монголын улс төрийн намуудын төлөвшлийн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Харамсалтай нь эл хэлэлцүүлэг хэрүүл тэмцлээс хэтэрсэнгүй. Тус хэлэлцүүлэгт үг хэлсэн намын дарга, төлөөлөгчид хоорондоо хорон үг чулуудаж, өнгөрсөн хугацаанд эрх барьсан АН, МАН-ыг муулах “уралдаан” зохион байгуулав. Хуралдаанд оролцсон намын дарга нар нэгнийгээ сармагчин хэмээн доромжилж, дээрх хоёр намтай “хөнжилд” орсон гэж муу муухайгаа дуудалцаад салсан. Нөгөө талаар хувь хүний төлөвшилгүй намын дарга нар намын төлөвшлөөр маргалдсан нь германчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэв. Тухайлбал, иргэний хөдөлгөөний намын ЕНБД Д.Сүхжаргалмаа “Та нар шимпанзе шиг байна за юу” хэмээн намын дарга нарыг доромжилсон бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан “ХҮН намынхан нэг хэсэг гарч ирээд хэдэн төгрөг босгох гэж хэрэлдээд тарцгаасан… зарим нь дарга нарт ая тал засаж нэг юмны завсар хавчуулагдан албан тушаал авчих гэдэг. Үүнийгээ болих хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэр үеэр хамгийн төлөвшилгүй хоёр нам бол АН, МАН атлаа бидэнд сургах нь утгагүй гэсэн шүүмжлэл ч байсан. Бүр зарим намын дарга улсаа удирдаж явсан нэгнээ даапаалж “Монголын ард түмэн над шиг эрүүл өвчтэй хүнийг сонгохгүй, ноён нуруугаар төлөвшсөн П.Очирбат Ерөнхийлөгч шиг дуугүй суудаг хүнийг сонгоно” хэмээж байв.

Ийм увайгүй хэлэлцүүлгээс улс төрийн намын төлөвшлийн талаар ашигтай дүгнэлт, алсын зорилт гарна гэдэгт найдах аргагүй. Мөн удирдлага нь хувь хүний төлөвшлөө олоогүй намд 20, 30 мянган хүн нэгдэж, улсын хэмжээний бодлого боловсруулна гэдэгт эргэлзэхээс аргагүй болж байна. Тэндээс гарсан бодлогыг ард түмэн сонгож, парламентаа бүрдүүлнэ гэхээр үндсэн хуулийн заалтууд “хаданд хашхирсан цуурай” болж амьдралаас тасарна гэсэн үг.

Дарга нь төлөвшөөгүй намд 20 мянган хүн итгэлээ өгөх нь эргэлзээтэй

Хамгийн сүүлд нам байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нар ч ялгаагүй өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, улсын хөгжил, парламентын ардчиллыг дээшлүүлэх зорилготой “хөндөлдөж” байгаа нь ажиглагдсан. Тэд намын гишүүдийн тоо, улсын хэмжээний бодлого боловсруулах тухай заалтыг хэлэлцэж байх үеэр нам зөвхөн дэмжигч дээр суурилж үйл ажиллагаагаа тодорхой бодлогогүй явуулах агуулгатай санал дэвшүүлж хэт цөөнх болсон. Орчин үеийн төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, төрөөс оновчтой, ардчилсан шийдвэр гаргахад улс төрийн нам голлох үүрэгтэй. Мөн намууд парламентыг бүрдүүлэхээс гадна иргэд, олон нийтийн хүсэл зоригийг нэгтгэх, сонгогчдын төлөөллийн үүргийг гүйцэтгэж, иргэдийг төртэй холбох, ирээдүйн нэр дэвшигчдийг татан элсүүлэх арга хэрэгсэл болдог зуучлагч институт гэдгийг шинэ, жижиг намууд ухаарч өгөхгүйд учир буй.

Улс төрийн намуудын төлөвшилд дүгнэлт хийхийн тулд 2018 онд хийсэн “Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаанаас эш татъя. Зургаан намын гишүүдээс 100 оноо бүхий намын дотоод өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт, гишүүдийн оролцоо гэсэн асуулгаар судалгаа явуулахад аН 54.2, МахН 51.7, эх орон нам 51.4, хүН 51.2, МАН 48.2, ИЗН 42.7 оноог тус тус авчээ. Энэ нь манай улс төрийн намууд “хагас ардчилалтай” ангилалд хангалтгүй түвшинд хамаарч байгааг илэрхийлж байгаа аж. Мөн чанарын судалгаа буюу экспертийн үнэлгээгээр эдгээр намын дотоод ардчиллын индексийг тодорхойлох боломжгүй болох нь батлагдсан байна.

Дарга нар нь төлөвшөөгүй, нам нь дотоод ардчилалгүй ийм нөхцөлд улс төрийн намд 20-30 мянган хүнийг элсүүлнэ гэдэг нь хүсэл, зоригоос өөр зорилгоор нэгтгэнэ гэсэн үг гэж ойлгогдож байна. Шударгаар хэлбэл “хүсэл шунал”-аар нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан намууд парламентыг бүрдүүлдэг байдал мөддөө арилахгүй нь.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих