Хоёр дахь хоригоо тавив

Нью-Йорк. /Ройтер/. Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Орос болон Хятад улс хориг тавив. Тус зөвлөлийн 15 гишүүний 13 нь иргэний дайны ирмэгт тулаад байгаа Сири улсын эрх баригчдыг халж өөрчлөх тухай тогтоолыг баталсан байна.

Уг тогтоолын төслийг Арабын улсуудын Холбоо санаачилж, Европын орнууд дэмжсэн бөгөөд 2011 оны гуравдугаар сараас хойш Сири улсад дэгдэж буй хүчирхийллийг зогсоох учиртай юм. НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний явцад 5000 гаруй хүний амь үрэгджээ.

Орос, Хятад улс нь НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний хувиар Сирийн талаарх тогтоолд хоёр дахь удаагаа ийнхүү хориг тавилаа. Эхний удаад 2011 оны 10 дугаар сард хориг тавьсан юм.

”Өрнөдийн орнууд Ливи рүү халдсантай адил Сирид довтлохын тулд энэ тогтоолыг ашиглах бодолтой байна” хэмээн болгоомжилсон Москва уг баримт бичгийг анхнаас нь эсэргүүцэж байгаа юм. Ингэж болгоомжлох хэрэггүй гэдгийг Москвад итгүүлэх зорилгоор зарим өөрчлөлтийг баримт бичгийн шинэ хувилбарт оруулсан байна. Тогтоолын төсөлд улс төрийн өөрчлөлт шинэчлэлт хийхийг уриалсныг Сирийн дотоод асуудал гэж Орос улс үзэж байгаа юм. Мөн уг төсөлд Сирийн засгийн газрын үйлдлийг сөрөг хүчний ажиллагаанаас илүүтэйгээр зэмлэн буруушаасан нь Орост таалагдаагүй байна.

2011 оны хавар Сирид эхэлсэн засгийн газрын эсрэг жагсаал нь тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд цус асгаруулсан мөргөлдөөн болон хувираад байгаа билээ.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих