Арлингтон хотын эрүүлжүүлэх шиг түр саатуулах байранд бүх заавар журам нь англи болон монгол хэл дээр байдаг

Америкт үйл ажиллагаагаа явуулдаг “Minut 15 studio”-гийн захирал Ё.Батбаярыг түр хугацаагаар эх орондоо ирээд байхад нь санамсаргүй таарч ярилцлаа.

-Монголчуудын үзэх дуртай UBS телевизийн “Америкийн өнгө” нэвтрүүлгийн найруулагч, сэтгүүлч Ё.Батбаяртай уулзаж байна. Ингэхэд таны энэ нэвтрүүлэг хэзээнээс эхлэн цацагдаж эхэлсэн бэ? Ер нь та хэзээ Америкийг зорив?
-Би “Америкийн өнгө” нэвтрүүлгийг хийхээсээ өмнө UBS телевизэд “Хөгжлийн гарц” гэдэг нэвтрүүлгийг хийдэг байв. Энэ нэвтрүүлгийн тухай ярихаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл энэ нэвтрүүлгийг гадаад орнуудын Элчин сайдын яамдтай хамтран бүтээдэг байлаа. Монголд 23-24 улсын Элчин сайдын яам, төлөөлөгчийн газар байгаа. Тэдэнтэй байнгын нягт харилцаатай байж, баяр ёслолоор тухайн улс орон Монгол улстай ямар хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж байгаа тухай өргөн хүрээтэй сайхан нэвтрүүлэг хийдэг байсан л даа. Тэр үед АНУ-ын Элчин сайдын яамны талаар, Америкийн тухай 3-4 ч нэвтрүүлэг хийсэн санагдаж байна.
Тухайн үед Элчин сайд байсан Марк Минтон, Хэвлэл мэдээллийн албаны дарга  Алекси Клар зэрэг хүмүүс надад “Чи ер нь Америкт очиж нэвтрүүлэг хийвэл зүгээр юм” гэсэн санал тавьсан. Надад ч мөн ийм санал байсан л даа. Ингээд хоёр талаасаа санал нийлснээр “Америкийн өнгө” нэвтрүүлгийг төсөл болгон бичээд АНУ-ын ЭСЯ-нд 2007 онд өргөн барьсан юм.
Тэд “Чи нэвтрүүлгээ хөөцөлдөж АНУ яв” гэснээр Америкийг зорьлоо. Элчингийн Хэвлэл мэдээллийн албаны хүн нь надад бүүр хүүхэддээ цаасан дээр бичиж өгч байгаа юм шиг “Америкт очоод хаана хэнтэй уулзахав, АНУ-д студи байгуулахад ямар ямар материал бүрдүүлэх ёстойв, Төрийн департамент буюу Гадаад хэргийн яамны Олон улсын хэвлэл мэдээллийн албанд хэрхэн гишүүнээр элсэхэв гэдгийг бүрэн заасан зааварчилгаа өгөөд явуулж байсныг огтхон ч мартдаггүй ээ.
2007 оны намар Америкт очоод л нөгөө зааварчилгаагаар нь Төрийн департаментийнхан болон бусад холбогдох хүмүүстэй нь уулзсаны ачаар шууд л Төрийн департаментийн Хэвлэл мэдээллийн албаны гишүүн байгууллага болж чадсан л даа.
Тэгээд эргэж ирээд гэр бүлээрээ АНУ-ын вийзэнд орж “Олон улсын сэтгүүлчийн вийз” авснаас хойш АНУ-д 4 дэх жилдээ ажиллаж байна даа.
Шууд очоод нэвтрүүлгээ хийх боломж мэдээж байгаагүй л дээ. Яагад гэвэл шинэ нутаг усаа таньж мэдэхгүй, орон байр, хүүхдүүдийн сургууль соёл гээд юун түрүүнд шийдвэрлэх асуудал олон байсаан.
Ямар ч байсан эхний зургаан сард тохинож төвнөсөөр өнгөрөөсөн юм даг. Ерөнхийдөө орон байраа тохинуулахын зэрэгцээ бусадтай ярилцлага хийх хэмжээний студи байгуулаад авлаа. Хажуугаар нь “UBS” болон ТВ-5-д дүрстэй мэдээнүүдээ өгдөг байлаа.
Ингээд 2008 оны 10 сарын 21-нд шиг санаж байна. Яг жилийн дараа “Америкийн өнгө” нэвтрүүлгийн маань анхны дугаар цацагдснаас хойш нийт 155 дугаар гараад байна.

-Нэвтрүүлэг ямар давтамжтайгаар гардаг вэ?
-Долоо хоногт нэг удаа гарч байгаа. Харин зундаа би Монголдоо хоёр сар орчим хугацаагаар амрахаар ирдэг. Гэвч тэр үед ч нэвтрүүлэг маань тасардаггүй. “Өнгөрсөн жилийн шилдэг нэвтрүүлэг” гэдэг ч юм уу хэлбэрээр давтагддаг. Энэ 155 нэвтрүүлгээс гадна хажуугаар нь мэдээ, мэдээлэл нааш нь дамжуулснаа тооцвол бас шаггүй хэмжээний мэдээ өгсөн байдаг юм билээ.

-Америк руу шилжих хөдөлгөөн 90-ээд оны эхнээс эхэлсэн байх. Өдгөө хичнээн монгол хүн тэнд ажиллаж амьдарч байгаа бол?
-АНУ-тай Монгол улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байна. Анхны монгол иргэд Америкт очоод 22-23 жил болж байгаа юм билээ. Мэдээж анх манай соёл урлагийнхан, тухайлбал циркчид тоглолтоо үзүүлэхээр очоод үлдчихсэн байдаг. Тэд АНУ-д очиж суурьшсаныхаа 20 жилийн ойг энэ жил тэмдэглэсэн байна. Дөнгөж сая Флоридад маш том циркийн тоглот хийлээ гэж дууллаа, сая.
Түүнээс хойш монголчуудын урсгал тасраагүй ээ. Харин сүүлийн жилүүдэд очиж буй хүмүүс нь тэнд үлдэх гэж биш, харин аялал жуулчлал эсвэл бизнесийн зорилгоор очих урсгал ихэсч байгаа нь баярлууштай хэрэг. Ер нь бол АНУ-д 25 мянга орчим монгол хүн байдаг гэсэн албан бус тоо байгаа. Энэ тоог хаанаас гаргасан бэ гэхээр АНУ-ын ЭСЯ-наас вийз аваад гарсан, орсон хүнийхээ тоог харьцуулаад гаргасан хэрэг.
Өнгөрсөн жилд хүн амын тооллого болох үед монголчуудаа тоолох гэж оролдсон ч тодорхой дүн гаргаж чадаагүй л дээ. Яагаад гэвэл тэр асар уудам нутагт монголчууд тархан суужээ. Жирийн нэг тосгонд ч байна. Тийм хүмүүс ЭСЯ дээрээ очиж тоолуулах нэг хэцүү. Бас интернэтээр тоолсон тооллогонд идэвхгүй оролцсон юм шиг билээ.
Ер нь Америкт олон жил болсон монголчууд маань эх оронтойгоо холбоотой мэдээ мэдээллийг сонсохоо больчихсон байдаг юм байна. ХИЧНЭЭН ИНТЕРНЭТ БАЙСАН Ч МОНГОЛТОЙГОО ХОЛБОГДДОГ Ч ҮГҮЙ ХҮН ЗӨНДӨӨ ОЛООН.

-Хн, хачирхалтай л хэрэг байна даа. Харамсмаар
-Харин тийм ээ. Бүүр америкжчихсан, хүүхдүүд нь хэлээ мартчихсан, өөрсдөө ч Монголынхоо талаар мэдээлэл олоё, үзэе гэж боддог ч үгүй хүмүүс маш олон юм билээ.
Харин нэг баярлууштай нь наашаагаа Монгол руугаа явах урсгал ихэссэн шүү. Монгол маань хөгжиж дэвжиж байна, хүний хэрэгцээт үйлчилгээ нэн олширсон гэж үзэж байна. Энэ бол аргагүй л хэвлэл мэдээллийн ач тус юм даа. Өнөөдөр интернэтийн ачаар дурын нэгэнтэйгээ холбогдож болж байна, чадаж байна. Тэгээд ч Монголынхоо телевизийн 5 ч сувгийг цаг алдалгүйгээр шууд үзэх боломж нэгэнт бүрджээ. Энэ бол ТВ5, ТМ9, “UBS”, “MN-25” болон МҮОНТ юм. Лос-Анжелест байдаг нэг монгол компани интернэтийг ашиглаад дээрх сувгуудыг цацаад байгаа хэрэг. Айл бүр ТВ-дээ жаахан төхөөрөмж суулгаад л үзчихэж байгаа юм.
Энэ утгаараа наашаа ирэх гэсэн монголчуудын урсгал нэмэгдэж байгаа. Таних мэдэх залуус маань “Энэ жилдээ багтаж нутагтаа харинаа” л гэлцэх юм билээ. Эргээд ирсэн нь ч цөөнгүй байгаа. Иймээс энэ урсгал улам ихсэн болов уу гэж бодож сууна. АНУ шиг өндөр хөгжилтэй улсад хэн хүний доор орохгүй амьдарч чадна гэдэг нь өөрөө амьдралын асар их ухаарал юм даа. Тийм өндөр өрсөлдөөн дунд хэрхэн мөнгө зоосоо босгохов, зарцуулахав, амьдралаа хэрхэн цаашид авч явахав, цагийг хэрхэн  үр бүтээлтэй өнгөрүүлэхэв гэдэг нь өөрөө маш том амьдралын сургааль болдог юм байна.
Ер нь Монголоосоо тэнд очоод л мөнгийг тарьчихсан юм шиг ургуулаад л түүгээд авчих даг шиг юм боддог шиг байгаа юм аа, ха ха ха. Гэтэл Америкт хүн хөдөлж л байж, хөдлөх хөдлөхдөө маш хүнд хэцүү ажлуудыг л хийж байж мөнгө олно шүү. Энэ бүхний ачаар асар их зүйлд суралцаж байгаа юм. Анх очоод л мэдээж соёлын шооконд орноо.
Гэхдээ нөгөө талаасаа тэр их боловсролжсон, соёлжсон, хүмүүжсэн, хэл устай болсон сайхан залуусаа хэрхэн Монголынхоо хөгжил дэвшилд үр бүтээлтэйгээр оролцуулах вэ гэдэг нь нэн чухал асуудал бас бэрхшээл болон хувирч байгаа даа, янз нь.
Тэнд өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусаа ажлаар сайн хангах, шинээр ажлын байх буй болгох хэрэгтэй байна. Гэхдээ олон жилийн өмнөхийг бодвол бас ч сайхан болжээ.

-Та Монголдоо хэдэн жилийн дараа ирэв?
-Би ер нь нутагтаа жилдээ 1-2 удаа ирдэг л дээ. Сүүлийн үед хоёр ч удаа ирдэг болоод байгаа. Ноднин өвөл ирээд “АНУ-д гадаадын компанийг хэрхэн байгуулах, АНУ-д хөрөнгө оруулах нь ямар ач холбогдолтой вэ” гэсэн лекцийг 2011 оны 12 сарын 10-нд “Цэцэг” зочид буудалд уншсан. Монголын компаниуд энэ лекцийг маш ихээр сонирхсон шүү.

-Тэр лекцээ надад өгнө үү? Би сониндоо тавия.
-Надад одоо байгаа болов уу яагаа бол.

-Би ч гэсэн Солонгост хараар ажиллаж байсаан. Тэгээд бодоход АНУ руу Монголын арай чинээлэг, соёл боловсролтой нь түлхүү гарсан юм шиг санагддаг. Солонгост монголчууд хар бор ажил л хийдэг бол харин Америкт эзэмшсэн мэргэжлээрээ ч бизнест хүчээ сорих боломж нь дүүрэн юм шиг, тийм үү? Тийм амжилтуудын талаар ярина уу?
-Тийм ээ. Америк маань өөрөө асар их нээлттэй нийгэм юм. Хар, шар, цагаан байна уу хамаагүй, арьс өнгөөр нь ялгаварлахгүй, вийзтэй байна уу үгүй юү, харласан байна уу гэдгээр нь ялгаварлахгүй. Хамгийн гол нь гэмт хэрэг төвөг хийхгүй байвал гүйцээ.
Ер нь Америкийг “Хүслээ биелүүлэх орон” гэдэг шүү дээ. Очиж байгаа монголчууд маань хэрэг төвөгт орооцолдохгүй, архи дарс хэрэглэн янз бүрийн аваар осол гаргахгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй зөв гишгэж явбал Америк хэнийг ч оролдохгүй шүү.
Америкт  20 гаруй жил болоод байгаа монголчуудын дийлэнх нь хараараа хэвээрээ л явж байгаа шүү дээ. Бичиг баримт байхгүй ээ. Гэтэл бүгдээрээ л ажлаа сайхан хийгээд л явцгааж байна. Ямар ч асуудал үүсэхгүй байна.
Хийе гэвэл бизнесээ дураараа л хийж байна. Америк тэр талаараа сайхан нээлттэй улс юм даа. Би Солонгост ямар байдгийг мэдэхгүй ээ. Америкийн нийгэм маань хүнд их ээлтэй, тухайн хүн өөрөө зөв алхаад л, бодоод л явах юм бол “Та манай оронд дураараа бизнесээ эрхэл хөгжүүл, дуртай ажлаа хий” гэдэг орон юм.
Мэдээж тэнд тун сайхан явж байгаа нутаг нэгтнүүд маань олоон. Сургууль соёлыг нь төгсөөд “Майкрософт”-д ч ажиллаж л байна. Энэ тухай манайхан сайн мэддэг болсон байна лээ.
Гэтэл АНУ-ын NASA гэдэг Сансар судлалын төвийн Биологийн тэнхимд нь л гэхэд манайхан ажилладаг юм байна. Би тэр хүмүүстэй Флоридад тааралдаж байсан. ЛЕНИНГРАДЫН АНАГААХЫН ДЭЭД СУРГУУЛИЙГ ДҮҮРГЭСЭН ХЭДЭН НАЙЗ НӨХӨД NASA-Д ТОМ АЛБА ХАШДАГ ЮМ БИЛЭЭ. Сайхан байгаа биз дээ? Мөн дорнын эмчилгээгээрээ, эмгүй эмчилгээгээрээ алдаршсан залуус ч байна. Тэр дундаа соёл урлагийнхан маань маш сайн явж байгаа. Тухайлбал, уран нугаралтын гайхамшигийг харуулсаар л явна. Америкт нэлээд олон янзын цирк байдаг. Тэр бүхэнд байгаа монголчуудтайгаа уулзаж л явлаа.
Ер нь хувийн бизнес, тухайлбал чулууны үйлдвэрлэл, такси үйлчилгээ, тракны /хүнд ачааны машин/ бизнес эрхэлж л байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес эрхэлж яваа Энхтуяа гэдэг бүсгүй ч байна. Монголчууд төрөл бүрийн бизнест орсон ч гэсэн энэ нь онцлогтой байх юм билээ. Өөрөөр хэлбэл муж мужид өөр байнаа.
Тус мужид тухайн бизнесийг аль үндэстэн анхнаасаа гартаа оруулсан байна? Тийм үү? Тэр үндэстэн л цашид аваад явчихдаг, давамгайлдаг нэг сонирхолтой зүйл байдаг юм билээ.

-Би ч сонссон юм байна. Жишээлбэл солонгосчууд л гэхэд хими цэвэрлэгээ, хүнсний ногооны зах зээлийг нь эзэлчихсэн гэж, тийм үү?
-Тийм. Солонгосчууд бол Америкийн жижиглэнгийн худалдааг ер нь л базчихсан улс шүү. Монголчуудын маань тоо одоохондоо хараахан тэдэнтэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй л дээ. Манай Вашингтон хавьцаа манай эрчүүд нь чулууны үйлдвэрлэл эрхэлж байна. Тэд маань Америкийн зах зээлд үйлчилж, америк, монгол янз бүрийн хүмүүсийг ажиллуулж л байна. Ийм бизнес эрхэлдэг олон ч хүн байна даа. Харин Чикагод гэхэд монгол бүсгүйчүүл маань Асрамжийн газрууд байгуулчихаадэмээ өвөө нарыг асарч байдаг. Харин харчуул нь такси мушгих жишээтэй. Хувийн такси компанитай гэсэн үг. Мөн тэнд тээвэр зуучлал маш их хөгжсөн. Хувийн том трак авчихсан хот хоорондын тээврийг хийж байдаг том том компаниуд зөндөө байна аа. Манай нөгөө эргээр ч гэсэн тээвэр зуучлал маш өндөр хөгжсөөн.
Хаана ч очсон манай монголчууд зовхи нь өөдөө бардам явдаг шүү. Би олон ч эзэнтэй уулзаж явлаа. Эзэд нь манай монголчуудад маг сайн амтай бадаг юм даа. Тухайлбал, жижиглэнгийн бизнесийг гартаа авсан гэх солонгосчууд “Монголчууд шиг юманд авхаалжтай, юмыг ерөөсөө өөрийнхөө юм шиг үнэнч хийдэг тийм улс байдаггүй” гэнэ. “МАНАЙ СОЛОНГОС СОЛОНГОС ХҮНЭЭ АВДАГГҮЙ ЭЭ. БИД БИЗНЕС ЭРХЛЭХДЭЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД Л “МОНГОЛ ХҮНИЙГ АЖИЛД АВНА” ГЭЭД Л ЗАР ӨГДӨГ гэж байгаа юм шүү. Тэгээд “Монголчуудад бизнесээ хариуцуулаад явахад сэтгэл нэн амар байдаг. Монгол хүнд анхнаас нь бүх юмыг нь зааж өгөөд “Энэ хүнд бизнес шүү. Гэхдээ чи л үүнийг авч яв. Харин чи миний хувийг өгч байгаарай” гээд яваад өгчихдөг ч улс байна. Тэгэхээр монголчууд бол хүний сайхан итгэл сэтгэлийг даах шиг дааж чаддаг, ажлыг маш сайн үнэнчээр хийдэг.

-Солонгост ажиллаж байхад тэд биднийг “Монгол сараам ильчари сарам” гээд л эрхийгээ гозойлгодог л доо. Энэ нь “Монгол хүн бол маш ажилсаг хүн” гэсэн үг л дээ.
-Аанхаан. Би нэг л юманд их гайхдаг юм. Яагаад тэр сайхан сэтгэл зүтгэлээ эх орондоо гаргадаггүй юм бол доо л гэж? Манайхан нутагтаа ирэхээрээ эргээд л залхуу болчихдог. Гадаадад болохоор харийнханд нэн үнэнч шударгаар ажиллаад байдаг нь үнэхээр гайхалтай, бас хачирхалтай. Тэгэд яагаад монголчуудаас ийм зан гардаг юм бол гэж боддог л доо. Тэгээд анзаараад байхад гадаадаас хэн нэгэн Монголд ирсэн бол төрийн яам тамгын газарт нь чөлөөтэй нэвтэрч, уулзая гэсэн л хүнтэйгээ уулзаж болдог, чаддаг. Гэтэл монгол хүн гадаадад очоод сайд дарга нартай нь уулзая гэвэл огт оруулдаггүй. Тэгэхээр манайхны гадаадын хүнийг “хүндэт зочин” хэмээн өргөмжилдөг, хүндэтгэдэг, бас нөгөө талаасаа “Улс орныхоо нэрийг хөсөрдүүлэхгүй, алдахгүй” гэж хичээдэг тэр л зан давамгайлаад байдаг юм болов  уу гэж санадаг. Бас дээрээс нь монгол хүний нэрэлхүү зан уу… ха ха ха.
Монгол хүний ажилсаг занг солонгосчууд биширдэг юм билээ. Би бүүр япон компанид ажилладаг бүсгүйтэй таарч байлаа. Япон эзэнтэй ресторанд мэнэжерийн ажлыг хийхийн сацуу рестораныхаа төслийг нь өөрөө хийгээд ресторанаа томсгох ажлыг нь амжилттай хийсэн бүсгүй л дээ.

-Та телевизийн салбарт Америкт хүчээ үзэж байна. Гэтэл сүүлийн үед монголчууд Америк болон бусад орнуудад өөр өөрийн телевизийн нэвтрүүлгүүдээ цацдаг болжээ.
-За баярлалаа. АНУ-д манайхтай нийлээд 4 ч монгол телевиз ажиллаж байгаа. Нэг нь та бүхний сайн мэдэх гавьяат жүжигчин Батцэцэг эгчийнх юм. Тэрбээр нөхөр Машбаттайгаа хамт Чикаго хотоос нэвтрүүлгүүдээ онлайнаар цацдаг. Манай Вашингтон хотод л гэхэд Сарантуяа гэж үзэгч та бүхний дэлгэцийн танил байгаа. Дээрээс нь мөн МҮОНТ-д байсан Урнаа маань байна. Энэ хоёр бол МҮОНТ-ийн бүтээгдэхүүн. Эдгээр туршлагатай сайн сэтгүүлчид маань 7 хоног тутмын мэдээ мэдээллийг Монгол руугаа нийлүүлдэг. Тухайлбал Урнаа л гэхэд “ntv” телевизэд, харин Сарантуяа нь төрөлх телевиз рүүгээ өгдөг юм шиг байна лээ.
Би түрүүн “АНУ-д бүхий л боломж байдаг аа” гэж хэлж байсан шүү дээ. Тухайлбал Америкт “Орон нутгийн чөлөөт телевиз” гэж байдаг. Манай хоёр бүсгүй тэнд нэвтрүүлгээ хийдэг. Тэр телевизэд шаардагдах бүх студи, камер гээд бүх зүйл нь улсынх. Америкт манай гарагийн бүх үндэстний төлөөлөгчид хуран цугларсан шүү дээ. Тэгэхээр тэдгээр үй олон үндэстний хүмүүс өөр өөрийн улс үндэстэнтэйгээ холбоотой мэдээ мэдээллийг төрөлх хэлээрээ хүлээн авах, ҮНДЭСНИЙХЭЭ ХЭЛ СОЁЛОО ХАЯЖ МАРТАЛГҮЙҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВЧ ЯВАХ БОЛОМЖИЙГ НЬ Л УЛСААС БҮРДҮҮЛЭЭД ӨГЧИХСӨН ХЭРЭГ. Тиймээс энэ студийн эфир аль ч үндэстэнд нээлттэй гэсэн үг. “Та бүхэн дураараа цагаа сонгож аваад нэвтрүүлгээ хий” гэнэ. Ямар ч төлбөргүй шүү, бас. Энэ сайхан боломжийг Сарантуяа, Урнаа нар маань ашиглаад явж байгаа. Тэд гадууд явж шаардлагатай мэдээ мэдээллээ олчихоод студидээ очно. Тэр нь улсын байгууллага бөгөөд студи, тоног төхөөрөмж, дууны техник ч гэдэг юм уу, зураг авч байгаа оператор нь ч бүгд америкчууд. Тэд бол төрийн ажилтнууд. Улсаасаа цалингаа авах агаад зөвхөн монголчуудын төдийгүй бүх л үндэстэн ястны нэвтрүүлгийг хийгээд л сууж байдаг.

“Америкийн боломж” гээд байгаа юм маань энэ л дээ. “Танай үндэстний хүүхдүүд төрөлх хэл соёлоо мартахгүй байх нь чухал” гээд улсаас нь хөрөнгө төсөв, телевизийн суваг гаргаад өгчихсөн байгаа юм.

-Америк дахь монгол хүүхдүүд төрөлх хэлээ мартах аюултай байгаа тул тэдэнд зориулж “Монгол сургууль” байгуулагдсан гэж дуулсан?
-Тийм шүү, “Монгол сургууль” одоогоор Чикаго, Сан-Франциско, Вашингтонд байна даа. Тэнд хүүхдүүдэд монгол хэл бичиг, соёлоос гадна монгол бүжиг, дуу хуур гэж юу байдаг бүхнийг заадаг. Хүүхэд бүртээ “Монголоо” гэсэн сэтгэлгээг суулгаж өгөхийг зорьдог гэх үү дээ. Энэ бол мөнөөхөн л “Америкийн боломж бололцоо” гэдэг зүйл маань шүү дээ. Мөн л долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх байрыг нь улсаас үнэ төлбөргүйгээр гаргаад өгчихөж байгаа юм. Манай Вашингтонд бол бямба гарагийн 9-13 цаг хүртэл хичээллэдэг байх шүү.

-Тэр сургуульд хэр олон хүүхэд хамрагддаг юм бол?
-Ер нь 40-50 хүүхэд байнга суралцдаг гэсээн.

-Та өөрөө телевизийн мэргэжлийн хүн үү?
-Би телевизийн мэргэжлийн хүн биш. Анх санамсаргүй байдлаар энэ айлын хаалгыг татсан даа. Юу гэвэл “Хөгжлийн гарц” хэмээх нэвтрүүлгийг анх хийдэг байснаа дээр өгүүлсэн. Миний давуу тал гэвэл тухайн үедээ англи хэлтэй байсан явдал байх. Гадаадын Элчин сайд, бусад хүмүүстэй англи хэлээр харилцдаг байснаас хойш телевиз гэдэг их айл руу ороод явчихсан л даа.
Мэргэжлээрээ бол би ТИС-ийг 1996 онд дүүргэсэн цахилгааны инженер хүн байгаа. Сургуулиа төгсөөд жил хагас ТЭЦ-III дээр төсөл дээр ажилласан даа. Тэр нь цахилгаан станцын шугам, дулааны бойлеруудыг солих том төсөл дээр орчуулагч хийдэг байлаа. Бас удирдлагын магистрыг Орост хамгаалсан.

-Гэр бүлээ танилцуулна уу?
-Манай гэр бүлийн хүнийг С.Ганчимэг гэдэг. Мөн адилхан ТИС-ийг хоолны технологич мэргэжлээр хамт нэг жил төгссөн л дөө. Бас л телевизээс хөндий мэргэжилтэй нэгэн. Бид сургуулиа төгсөхдөө л нэг нэгнээ мэддэг болон, үг дугардаггүй байснаа дугардаг болсноор дотно танилцсан юм. Тэгээд сургуулиа төгссөний дараа л суусан. Бид хоёр охинтой, том охин Номин маань 15 настай, харин дүү Индра нь одоо 12 хүрч байгаа. Эхнэр маань 6 дугаар сургуулийг, би зөвлөлтийн 14 дүгээр сургуулийг төгссөн дөө.

АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 25 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монголын ард түмэнд өлзий хишгээ өгсөн олон сайхан үйл явдал болсон. М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед санагдаж байна, АНУ руу сүлжмэл болон оёсон бэлэн бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх ийм сайхан боломж нээгдэхэд Монгол улсад Хятадын олон олон оёдлын үйлдвэрүүд орж ирэн бүтээгдэхүүнээ АНУ руу ихээр гаргадаг байсан даа. Тиймээс тухайн үед худалдааны баланс Монголын талд гардаг байсан л даа. өөрөөр хэлбэл Америкаас мөнгө орж ирдэг байсан гэсэн үг. Гэтэл хожим Хятад улс Дэлхийн худалдааны байгуулагад элссэнээр дээрх хөнгөлөлт нь хүчингүй болсноос хойш Хятадын оёдлыг үйлвэрүүд ч гарлаа. Үүнээс хойш худалдааны алдагдал манай талд гарах боллоо. Манай мөнгө Америк руу цуваад байдаг. Харин одооноос Америкаас “Пибади” гэдэг томоохон уул уурхайн компани манай Таван толгойд орох гэж байгаа гэсэн. Энэ нь манай худалдаанд эргэлт гаргах байх аа гэж бодож сууна даа.

-Хэдхэн хоногийн өмнө / нэгдүгээр сарын 27-нд/ Жэк Уэтерфордын шагнал гардуулах ёслол дээр тантай тааралдахад цоо шинэхэн “Алтан гадас” одонгоо энгэртээ зүүсэн байсан. Төрийн энэ өндөр шагналыг авсан тухайгаа ярих уу?
-Баярлалаа. Монгол төрийн “Алтан гадас” одонг авсандаа нэн баярлаж явна. Энэ шагналыг Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн ажлын хүрээнд шагнасан юм болов уу гэж бодлоо. Яагаад гэвэл манайх хамгийн анх Америкт бие даан нэвтрүүлгээ бэлтгэж эхэлсэн телевизийн студи юм. Нөгөө талаасаа Америкийн Төрийн департаментийн Олон улсыг хэвлэл мэдээллийн албанд нь ажилладаг цор ганц монгол хүн юм. Би үүгээрээ бахархаж явдаг. Миний “Олон улсын хэвлэл мэдээллийн алба” гэсэн үнэмлэх Америкийн Нью-Иорк, Вашингтон, Лос-Анжелес хотын төрийн ямар ч байгууллагад чөлөөтэй нэвтрэн орох эрх олгодог. Энэ үнэмлэхээ ашигласнаар өнгөрсөн хугацаанд олон ч мэдээ, нэвтрүүлгийг бэлтгэж чадсан юм шүү.
Одоогоор эхнэр бид хоёр 155 нэвтрүүлэг гаргаад байгаа гэсэн ээ дээ. Нэг нэвтрүүлгийг хоёрхон хүн хийнэ гэдэг ямар хүнд бэрх зүйл болохыг телевизэд ажиллаж байсан хүмүүс бол дэндүү сайн мэднэ дээ. Маш хэцүү шүү.
Долоо хоног бүрийнхээ эфирийг таслахгүйн тулд бидэн хоёр мөн ч их сандарна даа. Нэг хотоос нөгөө хот руу 6-7 цаг онгоцоор нисэх, эсвэл машин бариад 10 цаг давхих, тэгээд буцаад давхих, дараа нь дүрсээ оруулах гэсээр арай л гэж амжуулна даа. Нэвтрүүлэг бүрийг дор хаяж хоёр хоног буюу 48 цаг нойргүй сууж байж бүтээдэг дээ. Тэгэхээр 155 нэвтрүүлэг бэлтгэхдээ дор хаяж 310 хоног буюу бараг жил шахам огт унтаагүй явсан гэж хэлж болноо.
Америкт 4 жилийн турш ийм л байдлаар нэвтрүүлгүүдээ бэлтгэж явна. Тэгэхээр миний энэ хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм болов уу гэж бодож байна. ЯМАР Ч БАЙСАН НЭВТРҮҮЛЭГ МААНЬ МОНГОЛД ОЛОН ҮЗЭГЧТЭЙ БОЛСОН ЮМ БИЛЭЭ.

-Америкт байгаа монголчууд үндэснийхээ баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн?
-Манайхан наадам, Цагаан сар зэрэг үндэснийхээ баяр ёслолыг маш өргөн сайхан тэмдэглэдэг болсоон. Яг л монгол зан заншлаараа… Хуушуураа хайраад л, зодог шуудаг, сурын харваа гээд л, сайхан шүү. Би Лос-Анжелес, Сан-Франциско, Вашинтоны наадмыг үзлээ. Мөн Цагаан сараа өөр хотуудад тэмдэглэхийг ч үзлээ. Сайхан монгол дээл хувцасаа өмсөцгөөгөөд л… Одоо ч Цагаан сар дөхөж байна даа.

-Энэ Цагаан сараа хаана тэмдэглэхэв?
-За даа одоогоор сайн мэдэхгүй л явна даа /инээв/. Яагаад гэвэл төлөвлөмөн зүйл их байна. Иймд Цагаан сараар Дэнвэр муж хавьцаа л байх болов гэж таамаглаж сууна. Тэнд томоохон арга хэмжээ болох төлөвтэй байгаа. Түүнийг л олж сурвалжлах санаатай байна даа.

-Америк дахь манай сонины сурвалжлагч Саруул-Эрдэнэ, идэвхтэн бичээч Г.Галбадрах нарыг таних уу?
-Тэгэлгүй яахав, манай “Америкийн өнгө” нэвтрүүлгээр хэн хэн нь гарсан шүү дээ.

-Өө тийм үү, мэдээгүй л дээ. Саруул-Эрдэнэ, Г.Галбадрах та нар гэсэн залуус манай хоёр ард түмний хоорондын ардын дипломатыг хөгжүүлж, монголчуудынхаа оюуны цангааг тайлж яваад баяр хүргэе. Америкийг мөрөөдсөн, зорьсон бүх монголчууддаа эцэст нь юуг анхааруулах вэ?
-Манай Саруул-Эрдэнэ Төрийн департаментад монгол хэлээ зааж байгаа. Г.Галбадрах маань ч сайхан нийтлэлүүдээ бичсээр л явна. Монголчууддаа анхааруулан сэрэмжлүүлэх гол зүйл бол ердөө л архидан согтуурах явдал шүү дээ. Энэ ундаа л монголчуудыг хаана ч гэсэн алах юм даа. Үүнийг би Америкт очоод бүүр ясандаа тултал ойлгоод байгаа шүү, хөөе. Миний амьдардаг Арлинигтон хот бол Америк дахь хамгийн олон монголтой хот л доо. Ер нь Вашингтон хотын ойролцоо 5-6 мянган монгол байдаг гэж байгаа. Гэтэл манай Арлингтон хотын эрүүлжүүлэх гэх юм уу даа түр саатуулах байранд бүх заавар журам нь англи болон монгол хэл дээр байдаг гэж байгаа юм даа. Тэгэхээр  үнэхээр хэцүүхэн байгаа биз? Би үүнийг нүдээрээ хараагүй л дээ, харин хүнээс дам сонссон юм. Тэгэхээр Америкт ч гэсэн монголчуудын архидан согтуурах, хэтрүүлэн хэрэглэх нь хэр элбэг байдаг нь харагдаж байгаа байх аа. Гэхдээ тэнд олон жил суурьшсан монголчуудын хувьд гайгүй ээ, харин ДӨНГӨЖ ОЧООД ХӨЛӨӨ ОЛООГҮЙ ЯВАА, АЖИЛ ТӨРӨЛДӨӨ, АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВШИЛДЭЭ ДАСАН ЗОХИЦООГҮЙ, МАГАДГҮЙ АЖИЛ ХАРААХАН ОЛООГҮЙ ТЭР ХҮМҮҮС Л ИЙМ АЛДАА ГАРГААД БАЙХ ШИГ байгаа юм л даа. Архиа л уухгүй бол монгол хүний толгой ч мөн сийрэг, сэргэлэн шүү дээ.  Дээр нь боловсролтой, бололцоо чадвар сайтай, “хөрвөх чадвар” нь гаргуун ийм л хүмүүс байдаг даа. Ганцхан биднийг юу алдаг вэ гэвэл нөгөө “бурханы ундаа” шүү дээ. Үүнийг л дүү сайн ойлгосон доо.
С.Энх-Амар


URL:

Сэтгэгдэл бичих