Коронавирусээс авах сургамж буюу Цагаан сарыг ад үзэх шалтгаан

ab21ea52a0e5a321great

  • Өвчин тархахаас болгоомжилсон болохоор Цагаан сар хориглох шийдвэрийг олон нийт дэмжсэн байх. Нөгөөтэйгүүр, иргэд энэхүү нүсэр баяраас үнэндээ залхжээ
  • Бид нэг жил тэмдэглэхгүй байж болж байгаа юм чинь хойшид ч арай даруухан, зардал чирэгдэл багатай хийдэг болчихвол хэн хэндээ амар байхсан

80 настай эмээгийн минь хувьд Цагаан сар хамгийн их догдлон хүлээдэг хэрнээ хамгийн их айдаг баяр нь. Мэдээж үр хүүхэд, ач зээ нараа тойруулан сууж, халуун ам бүлээрээ уулзалдах нь эмээгийн ганц хүсэл. Харин дуусаж өгдөггүй үргэлжилсэн их баяр эмээг багагүй ядраадаг юм. Бүр шинийн долоон, найман болчихоод байхад “Хөгшин дээрээ очиж золгохгүй бол алдас болно” гэсэн шүү юм ярьж архи сэнгэнүүлсэн залуус орж ирэх нь хөдөөд бол энгийн үзэгдэл. Олон зуун хүний хөлд дарагддаг болохоор бэлтгэх идээ будаа, бэлэг сэлтийг яриад ч яахав. Үйлчилгээнд дайчлагдаж буй охид, хүүхнүүд ёстой л борви бохис хийлгүй ажиллаж өдрийг авна. Тэднийг харахаар Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүлэгт гардаг Цэрмаа бүсгүй өөрийн эрхгүй санаанд ордог юм. Хамаатан саднаараа нийлж, элбэж дэлбэж байгаад л энэ баярын ард гардагсан. Харин Цагаан сарын дараа эмээгийн даралт ихсэж, эмнэлэг бараадах нь бараг ёс шахуу болжээ. Үнэнийг хэлэхэд 80 настай хөгшин байтугай залуус бид ч энэ нүсэр баярын дараа ядаргаанд орсноо мэдэрдгийг нуух юун. Энэ жилд коронавирусийн халдварын улмаас улс орон даяар Цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор хорилоо. Гэр бүлийнхээ хүрээнд золгож болох ч үр хүүхдээ дагуулж, хамаатан саднаараа нийлж айл хэсэхээргүй болсон. Нэгэнт нөхцөл байдал амаргүй, аюулт өвчин тархах магадлал нэн өндөр учраас төрийн хууль журмыг дагахаас аргагүй. Анзаараад байхад Цагаан сар тэмдэглэхгүй байх энэхүү шийдвэрийг олон нийт тун баяртай хүлээн авлаа. Эсэргүүцэж дургүйцсэн хүн лав харагдсангүй. Өвчин тархахаас болгоомжилсон болохоор хориглох шийдвэрийг олон нийт дэмжсэн нь мэдээж. Нөгөөтэйгүүр, иргэд энэхүү нүсэр баяраас үнэндээ залхжээ. Цагаан сарын үеэр монголчууд 350 гаруй тэрбум төгрөгийг гадагш урсгадаг гэх статистик бий. Энэ мөнгөний дийлэнх нь урд хөршийг зорьж, оронд нь гарын бэлэг гэх хэрэгтэй хэрэггүй хог новш болон орж ирдэг. Үүнээс гадна дотооддоо урсгаж буй мөнгөн дүнг тооцвол бараг их наяд төгрөгт дөхөж очно. Энэ баяр өрхийн санхүүд ямар их дарамт учруулдгийг эндээс харж болно. Ямар сайндаа л “монголчууд гурван сарын хүнсээ баярын гурав хоногт идэж дуусгадаг” гэх яриа гарах вэ дээ. Нэгэнт хорьсон учраас энэ жил ихэнх айл Цагаан сар хийхгүй байх. Хийсэн зарим нь урьдынх шиг нүсэр зардал гаргахгүй нь тодорхой. Бид нэг жил тэмдэглэхгүй байж болж байгаа юм чинь хойшид ч арай даруухан, зардал чирэгдэл багатай хийдэг болчихвол хэн хэндээ амар байхсан. Энэ нь мэдээж биднээс л хамаарна. Шинэ хуучирчихаад байхад айл хэсэж дарамт учруулдаггүй, гарын бэлэг гэж Эрээнээс хог зөөдөггүй, залуу гэр бүл том ууц тавьж баярхахгүй, гарын бэлгээрээ хоорондоо өрсөлдөхгүй байхаас энэ бүхэн эхэлнэ. Үнэндээ Цагаан сар жил ирэх тусам нүсэр болж, зардал нэмэгдэж буй нь монголчууд бидний нэрэлхүү, барьцамтгай, бусдын дор орохгүйг хичээдэг хөгийн зангаас эхтэй. Тэднийх тавгийн идээгээ долоон давхар өрсөн байхад манайх юугаараа дутдаг юм, тэдний ууцнаас л томыг тавих юм шүү, хүний нүүр улайлгахааргүй бэлэг өгөх ёстой гэх мэтээр өөр хоорондоо өрсөлдсөөр байгаад одоо түүнийхээ ард гарч чадахаа больжээ. Монголчуудын цагаан сар тэмдэглэх байдлын талаар МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш С.Бямбадорж манай сонинд өгсөн ярилцлагадаа “Цагаан сар гэхээр хүмүүс яагаад дургүйцээд байна вэ. Учир нь энэ баяр орчин үеийнхээ шаардлагад нийцэхгүй болж байна. Тиймээс арай хөнгөн хэлбэрээр зохиодог болмоор байгаа юм. Монгол хүнд олны жишгийг дагана гэж аюултай зүйл байна шүү дээ. Сэтгэлгээний энэ саадыг даваад гарчихвал аяндаа цэгцрэх учиртай” хэмээж байв. Цагаан сарыг нэг жил тэмдэглэхгүй байлаа гээд хохирох зүйлгүйг энэ жилийн үйл явдал харуулж байна. Харин монгол ёс заншил, өв уламжлалаа хадгалсан энэхүү баяраа хэт нүсэр тэмдэглэдгээ л болимоор байна. Үгүй бол тээршээж, ад үзэх хүний тоо жилээс жилд нэмэгдэх шинжтэй болжээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих