Ж.Энхбаярыг АН-ынхан “эрүүдэж” мэдэх нь

Төрийн тэргүүнтэй хүртэл тэрсэлдэн байж, галын шугамыг давсан С.Батболдын танхимын , шинэхэн нөхдүүд хаагуур, ямар ажил ямжуулав Тавхан сарын настай сайдын суудалд хол, ам, хэрүүл шуугиантайхан заларсан эдгээр эрхмийн хийж, амжуулсан ажлын талаар цухас дурьдъя.

Жадамбаа генералын хүү Энхбаяр Батлан хамгаалахын сайдын сэнтийд заларсныхаа дараахан өөрийн багаа бүрдүүлэхэд дор хаяж, хоёр өдрийг зарцуулсан. Цэргийн хуаранд өсч торнисон Алтай нутгийн хүү нутгийнхаа өвгөдийг өөд татсан хэргээр АН-ынхны эрүү шүүлтэд орж ч мэдэхээр байдал бий болоод буй.

Түүнчлэн сайд болоод танилцуулсан анхны ажил нь ямарваа жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийн хурал дээр танилцуулжээ. Хэрэв шинэхэн сайдын санаа иргэдийн эсрэг тусгай ажиллагаа явуулах үүрэг бүхий цэрэг бэлтгэхийг санаархаж буй нь тоггоогдвол АН-ын бүлгээс түүнийг суудлаас нь буулгах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэх болов.

Ямартай ч түүний хийсэн үйлдлүүд ийнхүү эхнээсээ асуудал үүсгэж эхэллээ. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн тухайд чамлахааргүй идэвхи, зүтгэл гарган, ажиллаж буй. Төрийн тэргүүнтэй хамт Оюутолгой, Тавантолгойн ажилтай танилцаж, сайдын эхний ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлж эхлээд байгаа.

Энэ салбарыг толгойлохоор болоход нь чамлаж байсан зарим нэг нь дуу алдаж байгаа гэх нь ч бий. Харин Төрийн нарийн бичгийн даргаас улс төрийн албанд шилжиж, сайдын сэнтийд заларлаа хэмээн ,шүүмжлэлд өртөж байсан Байгаль орчны сайд Д.Цогтбаатар модны хулгайчидтай тэмцэхээс эхэлж, модны захуудын үйл ажиллагаатай танилцсан.

Мөн хулгайчдын мөрийн мөшгихөөр болж, тэдний замаар ч явж үзсэн юм. Түүнчлэн энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж, хоёр сарын дотор дүгнэлтээ ирүүлэхийг үүрэгдсэн гэж байгаа. Өнөөх Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын тухайд ч С.Ламбаа сайдын ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж байсан. Халаа сэлгээ хийгээгүй. Мөн олны анхаарал татсан далайцтай ажлыг одоогоор хийгээгүй байгаа юм.

Харин Сангийн сайд Д.Хаянхярваагийн тухайд толгойд өөд татах завгүй яваа. Хамтарсан Засгийн газар бутрахтай зэрэгцсэн эдийн засгийн савалгааны асуудал түүний шүдний өвчин болоод буй. Мөн гурван талт хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх учиртай.

Гэтэл АН төсөвт тодотгол хийхийг тулгаж, улмаар асуудлыг “завсарлага” нэрийдлээр багагүй хугацаанд хойш татаад амжсан. Цагаан сарын өмнө нэгэнт цалингийн нэмэгдэл болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн хөгшидөд сая төгрөг олгож чадахгүй гэдгээ хэдэнтээ хэлсэн ч нийгмийн хүлээлт байсаар байгаа юм. Шатахууны үнийг бууруулах, бэлэн мөнгө ихээр тараах үед инфляцийг чөдөрлөх гээд түүнд толгой өөд татах зав алга.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих