Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?

712-1647988657Өмнөд-Солонгосын-шинэ-Ерөнхийлөгч-Юн-Сук-Ёл-гэж-хэн-бэӨмнөд Солонгосын 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар  сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчийн 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа. Тэгвэл Солонгосыг удирдах шинэ ерөнхийлөгч дэлхийн анхаарлын төвд байна. Түүний талаарх товч мэдээллийг хүргэе.

Юн Сук Ёл 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Түүний аав Юн Ки Жун нь багш. Өмнөд Солонгосын Статистикийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч юм. Юн Сук Ёл Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Гэвч их сургуулийн төгсөх шалгалтдаа есөн  удаа унаж байжээ. Үүнийг 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай холбон тайлбарладаг. 1994 онд Өмнөд Солонгосын Дэгү мужийн прокурорт ажиллаж эхэлснээр хуульчийн карьераа эхлүүлсэн.
Тэрбээр 2016 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын-Хед холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байв. Юн Сук Ёл прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён-Бак, Пак Гын Хэ, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацийн удирдлагуудыг яллаж байсан аж. Улмаар Юн Сук Ёл 2019 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв.
Юн Сук Ёл өөрийгөө барууны консерватив үзэл баримтлалтай гэж тодорхойлдог. Мөн Өмнөд Солонгосын улс төр судлаачид болон тоймчид түүнийг либертари үзэлтэй гэж тодорхойлжээ. Харин Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлдог байна. Тэрбээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг.
Харин гадаад бодлогын тал дээр ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


URL: