”Аймаар” завгүй АТГ-ынхан

- Дарга нарынх нь хувь заяа нэг “тиймэрхүү” АТГ-ын шинэ юм шиг хуучирсан удирдлагууд ажлаа хийхийг одоо л харъя -  Чөтгөр шүглэсэн мэт дарга нартаа халгаатай байсан Авлигатай тэмцэх газар шинэ удирдлагуудтай болсоор нэлээд хэдэн сарын нүүрийг үзэв. Хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байдал нь хэвээр энэ хэдэн сард тус газраас гурван удаа л сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн болов. Бичиг цаастай зууралдаж, жилдээ нэг хөрөнгө орлогын мэдүүлэг авч, хэдэн хүнийг шалгасан болоод л өнгөрдөг. Иймхэн ажилтай, нүсэр байгууллага байгуулагдаад зургаа долоон жил болж байна. Хоёр даргаа “золионд гаргаснаас” өөр гавьяагүй АТГ-ынхан одоо ажлаа хийх цаг болсон юм биш үү. Авдаг цалин, ахуй хангамж нь бусдаас дээгүүр атлаа ажлынх нь бүтээмж “нойл” заачихаад байхад л АТГ-ыг байлгаад тэжээгээд, тэтгээд явахын хэрэг байна уу, ингэхэд.

Дэлхийд авлигаараа дээгүүрт ордог Монгол Улс АТГ-тай болсноор авлигын индексээрээ ухарсан уу гэхээс урагшлаагүй. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг цээрлүүлж, авлигыг бүрэн устгадаггүй юмаа гэхэд багасгах гол үүргээ ч бараг умартсан бололтой. Энэ мэт ажлыг тууштай хийж, иргэдийн итгэлийг алдахгүй байх ёстой АТГ-ынхан одоо харин юу хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Хэвлэлийн ажилтантай ажилтангүй АТГ ажилладгаараа ажиллана гэж сүржигнэж байсан шинэ дарга нарын цэргүүд өнөөдрийг хүртэл хэвлэлийнхэнд бүдэг бадаг мэдээлэлтэй л сууж байгаа. Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр нарын хамгийн сүүдд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр, он гарсаар АТГ-т гэмт хэргийн шинжтэй 39 гомдол ирсэн гэнэ лээ.

АТГ-ынхан үнэн хэрэгтээ иргэдийн мэдээллийн мөрөөр л мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Хэн авлига авсан, хэний хөрөнгө илүү дутуу байна, хэн авлига өгсөн байх магадлалтай байна гэх зэргээр захын нэг мөрдөн байцаагчийн ажлыг л хийж байгаа нь нууц биш. Уг нь мөрдөн байцаагч бүү хэл, эрүү, тагнуулынхнаас ч “аймаар” ажиллах ёстой газар юм билээ. Монголдоо л хамгийн шударга, шуурхай ажиллах ёстой энэ байгууллагынхан яг өнөөдөр бол маш завгүй байгаа. Учир нь жилийн жилд албан тушаалтнуудаас авдаг хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нь аваад дуусчихсан, эмхэлж цэгцлэх гээд маш их ажилтай байгаа. Жилдээ ганц удаа л хийдэг ажил нь энэ. Бүр тодруулбал, АТГ-ынхан тул, жараахайнуудаа ялгаж салгах гээд бөөн юм болж байгаа.

Дээрээ удирдлагатай гэж харагддаг ч үнэн хэрэгтээ дэд даргаараа удирдуулдаг болсон гэх яриа эднийхний хүрээнээс гарсан. Н.Ганболд нь хэдий АТГ-ын дарга гэгддэг ч үнэн хэрэгтээ Монголд хэсэг хугацаанд байгаагүй болохоор ихэс дээдсийнхний учир жанцанг төдийлөн ойлгохгүй, ерөнхийдөө бэлгэдлийн шинжтэй дарга гэх хүн ч бий. Дарга нь Н.Ганболд болохоос ажлыг нь дэд дарга Б.Хурц хийдэг гэх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гурван ч хүн энэ газрын дансанд орсон болохоор тэгж хардах үндэслэл бий. Томилгооны асуудалд Н.Ганболд дарга ганхийгээгүй юм гэнэ лээ. АТГ-ыг цэвэрлэх ёстой. Хамгийн цэвэр байгууллага бол АТГ байх ёстой.
Удахгүй 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэг тодорхой болно. Жагсаалт нь гарна гэсэн үг.

Нэгдсэн дүн нь гараагүй байхад л Цөмийн энергийн газрынхан болон цагдаа, мөрдөнгийнхөн хөрөнгө орлогоо хагас дутуу мэдүүлж, хууль зөрчсөн байна гэсэн мэдээлэл гадуур тархсан. Тэгвэл энэ жил Авлигатай тэмцэх газрынхан мөн л “жараахай”-нуудтай муур хулгана болж тоглох бололтой. Төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд бүгдээрээ үнэн зөвөөр хөрөнгөө мэдүүлнэ гэж лав байхгүй. Банкин дахь хадгаламж, компани пүүсээ аль хэдийнэ зохицуулчихсан байж таараа. Сонгууль хаяанд ирчихээд байхад хөрөнгө орлогоо худал мэдүүлж, хов живэнд хутгалдахыг бодох тэнэг хүн тэдний дунд нэгээхэн ч үгүй. Авлига өгсөн, авсан хэргээр шалгагдаж байх ёстой хэд хэдэн хүн өнөөдөр УИХ-д байж л байна. Томчуудын хувьд АТГ-т шалгагдлаа гэхэд өршөөгдөнө, арай дөнгүүрүүд нь уучлагдана, харин жараахайнууд л ажилгүй болж гудамжинд гарна. Энэ бол АТГ-ынхны л ажил. Байгуулагдсан цагаасаа хойш ийм л байсан.

Жинхэнэ “акул”-уудтай тооцоо хийхээр зориг шулуудаад байсан анхны дарга Б.Дангаасүрэн нь харийн нутагт хуралд суухаар яваад үүрд ирээгүй, хоёр дахь дарга Ч.Сангарагчаа ч бас л “томоохон хэрэг”-ийн үзүүрээс атгаж аваад алдаж, өөрөө буруудаж, намтартаа нэг муухай гуншин нэмснээс цаашгүй. Үнэн мөнөөр явж, олигархиудтай нэгийгээ үзэх гэсэн дарга нарынх нь хувь заяа нэг иймэрхүү АТГ-ын шинэ юм шиг хуучирсан удирдлагууд ажлаа хэрхэн хийхийг одоо л харъя даа. Хөрөнгө орлогын мэдүүлгээ эмхлүүлээд “аймаар” завгүй байгаа Авлигатай тэмцэх газрынханд ажлын амжилт хүсье.

У.ТӨМӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих