Нялх ногоо зулгаасан жүжигчин бүсгүйчүүд

“Нялх ногоо зулгаасан” жүжигчин бүсгүйчүүд

1. Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва

Ард түмний хайртай жүжигчид, урлагийн тэнгэрт ёстой л нэг “од” болон гялалзаж театрын тайзан дээр өөрсдийн нэрийг тамгалж чадсан ахмад уран бүтээлчид болох МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын хайрын түүх ээдрээтэй, хачирхалтай эхэлсэн ч өдгөө хэн ч гайхахааргүй, харин ч хүндэлмээр, бахархмаар нэгэн сайхан гэр бүлийг бий болгосон билээ. Дөнгөж сургуулиа төгсөөд театрт жүжгийн сургуулилт үзэхээр очсон П.Цэрэндагва залуу урт хар гэзэгтэй, давхраатай хар нүдтэй, өнгөлөг бор арьстай, гоолиг жаахан бүсгүйг анх хараад л сэтгэл алдаржээ. Түүнийг анхны харцаар өөртөө дурлуулсан бүсгүй бол П.Цэрэндагваас 15 насаар эгч, театрын жүжигчин Д.Мэндбаяр байлаа. Тэр үед Д.Мэндбаяр айлын эхнэр байсан төдийгүй нөхөр нь П.Цэрэндагвын багш байсан гэдэг. Айлын амьдрал үймүүлж, гэр бүл салгана гэдэг хэтэрхий бусармаг үйлдэлд тооцогддог цаг байсан учир Д.Мэндбаяр театраасаа халагдаж, П.Цэрэндагва сургуулиасаа хөөгдсөн ч хорьж болдоггүй хайр сэтгэлээр учирсан хоёр нэг гэрт оржээ. Харин ингэж хайрын түүхээ ээдрээтэйхэн эхлүүлсэн хоёр одоо Монголын үлгэр жишээ, сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог.

2. МУГЖ С.Сарантуяа, О.Бат-Өлзий

“Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын төмөр” зэрэг монголын кино урлагт дээгүүр байр суурь эзлэх сайхан уран бүтээлүүдийг найруулсан жүжигчин О.Бат-Өлзийг МУГЖ С.Сарантуяагийн нөхөр гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Тэрээр эхнэрээсээ бас л нэлээд хэдэн насаар дүү. О.Бат-Өлзийтэй суухаасаа өмнө С.Сарантуяа амьдрал зохиож байсан төдийгүй хүүхэдтэй байсан. Хэдийгээр өөр амьдралтай, насны зөрүүтэй хэдий ч тэднийг холбосон сэжим нь хайр гэвэл үнэн. Тэд нийлсэнээр буруудаагүй, монголын сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмсэн юм. О.Бат-Өлзийгийнх гэдэг айл хоёр хүү, нэг охинтой. Нэг хүү нь “boom town”-ы гэдгээрээ олонд танигдсан Тамираа бөгөөд тэрээр аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж, Драмын театрын жүжигчнээр ажиллаж байгаа.
3.    3. МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү

Хошин урлаг төдийгүй драмын урлаг, дэлгэцийн уран бүтээлд ч “мөчөөгөө өгөхгүй” гэдэг шиг мундаг, чанартай, чансаатай дүр бүтээж чаддаг чадварлаг бүсгүй бол МУГЖ И.Одончимэг. Хамгийн хөөрхөн, хамгийн ухаалаг, хамгийн чадалтай жүжигчин хэн бэ гэсэн асуултанд хошин урлагийнхны ихэнх нь Одноог гэдэг. Зөвхөн хошин урлаг ч гэлтгүй үүнтэй санал нийлэх хүн олон байгаа биз ээ. Тиймдээ ч өөрөөсөө 14 насаар дүү залууг өөртөө дурлуулж, хайрлуулж чадсан одтой бүсгүй. Х-түц продакшны жүжигчин Т.Бархүүг сайхан залуу гэдэгтэй хүн болгон санал нийлдэг. Тэрээр “Хайранд нас хамаагүй ээ. Ийм сайхан хүнд дурлачихаад насны зөрүүгээс болоод хамт байж чадахгүй бол жинхэнэ тэнэг хүн биз дээ” гэж өөрсдийн хайрыг хүндэтгэн ярьдаг. Одноо анхны нөхөр буюу охиныхоо ааваас салсанаас хойш бараг хориод жил ганц бие амьдарсаар ийнхүү өөрөөсөө үе мултарсан олон дүү хүнтэй суусан юм. Түүний охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахаар СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байгаа.
4. Жүжигчин Г.Нарансолонго, С.Тэмүүжин

Х-түц продакшны уран бүтээлчдийг хоорондоо суудаг хоббитой гэж хошигнодог. Үнэхээр л эхлээд Л.Баттулга буюу Аглуу хамтлагийнхаа залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй нэг гэрт ороод удаагүй байтал МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү хоёр багагүй шуугиулсан. Тэдний шуугиан арай намжиж амжаагүй байтал жүжигчин Г.Нарансолонго, С.Тэмүүжин нарын яриа чих элсэж эхлэв. “Харьд одсон бүсгүйн заяа” хэмээх кинонд тоглож олны танил болж байсан жүжигчин Нарансолонгыг сайн жүжигчин, бас их хөөрхөн гэж хүмүүс ярьдаг. Харин Тэмкаг “boom town”-ых гэдгээр нь илүү мэддэг. Нарансолонго мөн л өмнө нь амьдралтай байсан. Тийм ч учраас тэдний хайр сэтгэлийг үгүйсгэсэн, хориглосон хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Тэмкагийн ээж, аав Нарансолонгыг өөрийнх нь хүүгээс олон эгч, хүүхэдтэй гэсэн шалтгаанаар нэлээд эсэргүүцэж байсан ч тэдний хайр аав, ээжийн хатуу хоригийг зөөллөж чадсан байна. Нарансолонго өнгөрсөн жил хүү төрүүлж охиноо дүүтэй болгосон бөгөөд тэд дөрвүүлээ аз жаргалтай амьдарч байна.
Н.Уранхас www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих