МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд сонгуульд оролцох боломжтой болсон билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны Бямба гарагт авахаар шийдвэрлэсэн бөгөөд санал авах ажлыг Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ын дагуу явуулахаар болсон байна.

Сонгогчийн бүртгэл хийх

“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д заасны дагуу гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө буюу 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газар /ЭСЯ/-т биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортаа авчрах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ.

Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
Иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
Хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
Одоо оршин сууж байгаа газрын хаяг;

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгах бөгөөд сонгогч буруу бүртгэгдсэн, давхардсан зэрэг зөрчилтэй асуудал илэрвэл Салбар комисст буюу тухайн ЭСЯ-нд лавлагаа явуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна.

Элчин сайдаар ахлуулсан Швед дэх сонгуулийн салбар хороо байгуулагдан ажилдаа орж байгаа бөгөөд сонгогчдыг 2012 оны 5-р сарын 11-нээс эхлээд 5-р сарын 31-нийг дуустал Стокгольм дахь ЭСЯ дээрээ өдөр бүр 08.00-17.00 цагийн хооронд бүртгэх болно.

Сонгогч саналаа өгөх

Сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны Бямба гарагийн 07.00-20.00 цагийн хооронд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны байранд авна. Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах бөгөөд саналын хуудсанд байгаа өөрийн дэмжиж буй зөвхөн 1 нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйнд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргаж болно.

2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ЭСЯ-нд биечлэн ирж, сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлээгүй иргэдийн саналыг авахгүй болохыг анхаарна уу.

Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл алдаатай бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст буюу тухайн ЭСЯ-нд гаргана. Дээрх хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээн авахгүй болно.

Та бүхнийг УИХ-ын 2012 оны сонгуульдаа идэхтэй оролцохыг хүсье!
МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Стокгольм хот                            2012.05.08


URL:

Сэтгэгдэл бичих