Ж. Батзандан нарт хууль яагаад үйлчилсэнгүй вэ?

7 дугаар сарын 1-ний хэрэг үндсэндээ эцэслэн шийдвэрлэгдэв. Хэдийгээр буудах тушаал өгсөн эсэх, хэн гэдэг цагдаа галт зэвсэг хэрэглэн хүний амь хохироосон эсэх нь тодорхой болоогүй байхад Сүхбаатар дүүргийн шүүх Ч. Амарболд нарын цагдаагийн экс дарга нарт хорих ял оноолоо. Шүүгдэгсэд болон тэдний ар гэрийнхэн нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж гомдолтой үлдэв. Тэднийхээр бол үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан, улмаар байгууллага, иргэний өмч хөрөнгө, эрх чөлөө, үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдын эрүүл мэнд, амь насанд халдсан хүмүүс уснаас цэвэр гарч байгаад л гомдолтой байгаа бололтой.
Цагдаа бол бидний л адил Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхтэй Монгол Улсын иргэн. Гэтэл 7 дугаар сарын 1-нд халдлагад өртсөн цагдаа нараас гурав нь амь насаараа хохирлоо шүү дээ. Энд хэн буруутай гэж? Гэгээн цагаан өдөр аймшигтай балмад хэрэг үйлдсэн этгээдүүд хаана явна вэ?
Хамгийн харамсалтай нь Монголд Улсын түүхэнд гарч байгаагүй тийм хэрцгий хэрэг явдал гарах хөрс суурийг тавьсан улстөрчид, хийрхэгчид ямар нэгэн хариуцлага хүлээсэнгүй. Бүгд л юу ч болоогүй юм шиг мандан бадарч явна.  Төрийн толгойд гарах нь гарч,  зарим нь УИХ-д нэр дэвшүүлж амжив. Тэд шударга ёсны тухай ярьж чадаж байгаа нь гайхмаар. Тухайлбал,7 дугаар сарын 1-ний хэргээр урьдчилан хорих газар саатуулагдаж, улмаар Өршөөлийн хуульд хамрагдсан Ж. Батзанданд ямар ч буруу байхгүй гэж үү?
Энэ ноётон өнөөдөр Баянзүрх дүүрэгт сонгуулийн сурталчилгаагаа хэдийнэ эхэлчихсэн “Хэрвээ би шатахгүй юм бол, Хэрвээ чи шатахгүй бол шатаж дүрэлзэж чадахуйц хүнийг нь сонгож түнэр харанхуйд өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ оруулья” гэсэн өөртөө зориулсан “афоризм”-ыг олны таны хүнээр хэлүүлсэн шигээ хараа өндөр алхаж явна. Шатаадгаа “шатаачихсан” хүн шүү дээ, уг нь. Тэгээд ч Ж. Батзандан шиг гэгээн цагаан өдөр гэрэлт наран дор бусдын өмчийг шатаахад хүргэсэн хүн одоо хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгож авсан биз ээ.
Тэр муухай адал балмад хэрэг гарахад нөлөөлсөн эрхмүүдэд үйлчилдэг хууль алга. Харин үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчид, тэдний тухайн үеийн удирдлагад бүх бурууг үүрүүлж 7 дугаар1-ний хэргийг шийдсэн нэр зүйгээд өнгөрөхийг шударга ёс гэж үзэх боломжгүй билээ.

Н. Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих