Шүүх хурлыг телевизээр дамжуулах хүсэлт гаргажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн өмгөөлөгч  Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд “МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг манай улсад төдийгүй гадаадад ч хүмүүс ихээхэн анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монгол Улсад шүүх хараат бусаар бие даан, шударгаар ажиллах нөхдөл бололцоо бүрдсэн үү” гэдэг талаас нь сонирхож байна. Иймд эл шүүх хуралдаан Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй болох учиртай. Нээлттэй гэдэг бол сонирхогч хэн ч гэсэн, түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн байлцах боломжоор хангагдана гэсэн үг.

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, шүүн таслах ажиллагааны талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулахад түүний ажиллагааг ил тод болгох явдал нэн чухал ач холбогдолтой. Ийм учраас Сүхбаатар дүүргийн шүүх хуралдааны танхимд сонирхогч, хэвлэл мэдээллийнхэн багтах ямар ч боломжгүй байгааг анхааралдаа авч, түүнээс илүү том танхимд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг ийнхүү гаргаж байна.

Нөгөө талаар улс орон даяар цацагдах боломжтой телевизийн сувгаар шүүх хуралдааны ажиллагааг шууд дамжуулуулах хүсэлтийг мөн гаргаж байна. Эдгээр хүсэлт нь шударгаар шүүлгэх эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна гэдэгт итгэж байна” гэжээ.

Г.ДАРЬ


URL:

Сэтгэгдэл бичих