С.Нарангэрэл: Давж заалдах гомдлоо шүүхэд өгсөн

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу, биеийнх нь зарим хэсэг мэдээгүйжсэн талаар хэвлэлүүд мэдээлэх болов. Энэ талаар түүний өмгөөлөгч, академич С.Нарангэрэл “Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал тааруу байна. Хувь хүний өвчин эмгэгийг нь олонд дэлгэх нь хориотой учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Харин давж заалдах гомдлын тухайд өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн. Шүүх хурлыг удахгүй товлох байх гэж найдаж байна. Бид хурлыг аль болох хурдан хугацаанд хийлгэх сонирхолтой байгаа. Учир нь хилс хэрэгт гүтгүүлж шийтгүүлэх нь хэн хүний сэтгэлзүйд хүнд тусна шүү дээ. Хэргийг бүрдүүлэхийн тулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүүгийн хуулийг зориуд мушгиж тайлбарласан нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн.

Үүнээс гадна манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчсөн” гэв.

Д.Дэлгэрэх


URL:

Сэтгэгдэл бичих