“П.Даш нар чанга дэглэмтэй ангид ял эдэлнэ”

ОБЕГ-ын дарга асан, комиссар П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэдний хэргийн талаар Нийслэлийн ерөнхий шүүгчийн туслах А.Сарантуяа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6 жил, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оноосон юм. Гэвч оноосон ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулан, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дарга нар “Бидэнд хийсэн гэм буруу байхгүй. Нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Харин шүүхтэй заргалдсан тэдний хэргийг хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс П.Даш нарт дээрхи ялыг оноосон байгаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах А.Сарантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-П.Даш, Л.Алтангэрэл нарын хууль зөрчсөн үйлдлүүдийг тодруулахгүй юу?  

-ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа П.Даш нь тус газрын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэлтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Тодруулбал, Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээг байгуулан 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгэхдээ зах зээлийн өндөр үнээр  шатахуун худалдан авч, зөрүү 237.400.000 төгрөгийг хувьдаа завшсан. Мөн П.Даш нь “Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн буудай худалдан авах гэрээг байгуулан 1.3 тэрбум төгрөг шилжүүлсэн. Дараа нь давтан гэрээ байгуулж, 199.336.000 төгрөгийн авлага үүсгэж, улаан буудайг зах зээлийн өндөр үнээр худалдан авч 142.000.000 төгрөгийг үрэгдүүлэн, 341.336.000 төгрөгийн хохирол учруулсан. Л.Алтангэрэл нь ганцаараа нэг ширхэг нь 9000 төгрөгийн үнэтэй байсан М-140 маркийн радиаторыг 5000 төгрөг болгон бууруулж, өөрийн “Аргалант бороо” ХХК-ийн нэрээр авч, байгууллагадаа 30.800.000 төгрөгийн хохирол тус бүр учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

-Хан-Уул дүүргийн шүүхээс дээрхи хэргийг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан өршөөж байсан. Энэ удаа дээрхи хуулльд хамрагдаагүй юм уу?

-Энэ удаа ч гэсэн тэдний хэрэг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдсан. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар тэднийг 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Улмаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан, 3 жилийг хасч биечлэн эдлэх ялыг 3.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

-ОБЕГ-т учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үү?

-Иргэний хуульд зааснаар П.Дашаас 460 сая төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг гаргуулж, ОБЕГ-т олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Д.ЖАРГАЛ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих