УИХ-ын дарга Ерөнхий аудитортой уулзлаа

З.Энхболд: Хууль болохгүй байна гээд явах биш засвар хийж байх нь чухал

УИХ-ын дарга З.Энхболдод Үндэсний Аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор Ч.Раднаа, Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч Б.Батбаяр, Тамгын газрын захирал Ц.Баатар нар өнөөдөр баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. УИХ-ын дарга З.Энхболдыг төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр ажиллах хугацаанд Монгол Улсын өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн зорилт, томоохон асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ч.Раднаа дарга хэллээ. Мөн тэрээр байгууллагынхаа одоогийн болон цаашдын үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм.

Үндэсний Аудитын газар эхний хагас жилд нэлээдгүй ачаалалтай ажиллажээ. Учир нь Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн аудитын байгууллагад нэлээдгүй үүрэг хариуцлага нэмэгдсэн байна. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдаж түүнийг дагалдан Төрийн аудитын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орж ажил үүрэг нь нэмэгдсэн гэлээ. Тус газар УИХ-ын Сонгуулийн хуультай холбогдуулж сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хориглосон зүйл, арга хэмжээнүүд орсон эсэхэд аудит хийж дүн шинжилгээ хийсэн байна.

Ингэхдээ хугацаа давчуу байсныг цаашид анхаарах хэрэгтэйг Ч.Раднаа дарга онцолсон юм. Түүнчлэн УИХ болон Төрийн аудитын сургалтын төв байгуулах, байрны асуудлыг шийдвэрлүүлэх төсөв хөрөнгө 2013 оны үндсэн чиглэлд тусгагдсан байгааг дуулгаад, энэ нь Монгол Улсын төрийн байгууллагуудын иж бүрэн цогцолбор болох, цаашлаад УИХ, Байнгын хороод, олон улсын байгууллагууд ч тэнд сургалт, семинар явуулах боломжтой болно гэж үзэж буйгаа хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, шинэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад ямар саад бэрхшээл гарч байгаа талаар саналаа бичгээр ирүүлэх хэрэгтэй. Хуулийг болохгүй байна гээд явах биш засвар хийж байх нь чухал гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн АНУ-ын Конгрессын дэргэд ажилладаг аудитын туршлагыг хэрэгжүүлвэл ямар вэ гэдгийг судлах хэрэгтэйг хэлсэн.  Энэ байгууллага   1 долларын чекийг хүртэл шалгадаг хариуцлагын өндөр түвшинд  ажилладаг байна.

Мөн УИХ-ын дарга Сангийн яамны худалдан авалт онлайнд шилжсэн эсэхийг тодруулж, орон нутагт мөнгө, хөрөнгө оруулалтыг шийдэхэд Үндэсний аудитын газар хяналтаа сайн тавьж, орон нутаг дахь аудитын хувийн компаниудтай хамтран ажиллах нь чухал гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих