Н.Соёлмаа: Бэлэн зэлэн хараалын үг, унтуу… Энэ бол миний баг

Энэ эмэгтэйн Монголын хувцас загварт оруулсан хувь нэмрийг үнэлэхгүй өнгөрөх аргагүй. Үндэсний хувцасны давтагдашгүй соёл, гайхамшгийг чухам Н.Соёлмаа загварын тайзнаа анхлан дархалсан гавьяатай. Тэгвэл өнөөдөр тэр хотын төвд, Гранд оффис”-т “Soyolmaa” бутикээ нээчихсэн сууна. Бүхий л дизайнеруудын хүсэл мөрөөдөл энэ биз.
Хэлэх гэснээ хаа ч, хэнээс ч айж, ичихгүйгээр ил шулуухан хэлчихдэг, хэдэр ёдор үгтэй, хачин жигтэй ааширхуу дизайнөр бүсгүйг урьж, амжилт, карьер гэх мэт албархуу сэдвээр яриа дэлгэлээ.

- “Soyolmaa” бутик өмнө нь Дөчин мянгатад байсан. Одоо буурь сэлгээд улам гоё болчихож. Ер нь бутикийн “зах зээл”, хэрэглээ манайд ямар түвшинд байх шиг байна?

- Би бүүр эхнээс нь ярья. Ерээд онд бөөн бужигнаан болж байлаа шүү дээ. Тэр үед ТҮЦ их байлаа. Тэр ТҮЦ-үүдийг буулгаж хаяад оронд нь том том байшин бариад нөгөө ТҮЦ-ийнхэн чинь тийшээгээ ороод лангуу түрээслээд суучихлаа. За тэгээд, тэр хүмүүс чинь явцын дунд хөл, гар дээрээ зогсоод ирнээ дээ. Тэгээд эцэст нь чадалтай хэд нь бутик нээдэг. Энэ бол дэлгүүрийн бизнесийн хууль. Дэлхий нийт ийм жишгээр явж ирсэн.
Миний хувьд мэргэжпийн загвар зохион бүтээгч хүн. Насаараа хувцастай ноцолдсоор байгаад дуусна. Тиймээс ямар ч байсан өөрийн нэрийн дэлгүүртэй, хувцас хунараа оёдог оёдлын цехтэй боллоо. Энэ бол бүх дизайнеруудын мөрөөдөл. Долоон жил түрээсээр ч явж үзлээ, нэг давхрын байр худалдаж авч орж ч үзлээ. Тэгж тэгж хамгийн сүүлд энийг авсан. Маш олон газраар явж судалсан. “Жигүүр Гранд”-ын энэ барилга нэгдүгээрт, байрлал сайтай, нөгөө талаар уг барилга нь дизайн маш сайтай юм. Гурав, дөрөвдүгээр хороолол эсвэл 40, 50 мянгатын амбаар шиг юмнуудад би байхыг хүссэнгүй. Бутик чинь өөрөө байшин барилга, дизайн доторх засал энэ тэр нь их гоёмсог байх ёстой. Хаяг адресс нь хүртэл их өөр байх ёстой гээд олон зүйл бий л дээ. Ямар бараа таваар зарах гэж байгаагаасаа шалтгаалаад лангуу нь хүртэл өөр байх ёстой. Жишээлбэл, эрэгтэйчүүдийн барааны тасаг гэхэд дэлхий нийтэд тогтсон жишиг байдаг. Манайх тэр жишигт ойртуулах гэж оролдсон. Ямар ч байсан таван жилдээ болно гэж бодож байгаа. Таван жилийн дараа интерьерээр дахиад шинэчилнэ.

- Танайхаар ер нь ямар түвшний хүмүүс үйлчлүүлж байна?
- Энийг хүмүүс аягүй их асуудаг. Би хүнийг сайн муу гэж дугаарлаж үздэггүй. Энэ бол миний араншин. Ядуу ч бай, баян ч бай бүгд мах цусанд төрсөн хүн. Яахав, өнөөдөр ийм байлаа ч маргааш яахыг яаж мэдэх юм. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Би дундаж амьдралтай хүмүүст үйлчлэхийг хүсэж байна. Энэ бол масс. Хоёрдугаарт, ийм хүмүүстэй харьцахад амар байдаг юм. Тэд их сэтгэпээсээ ярьдагаас гадна юу хүсэж байгаагаа ний нуугүй хэлж чаддаг юм.

- Та массад үйлчилмээр байна гэж байна. Гэтэл биднийг дуурайх дуртай гадны нэртэй дизайнерууд тухайн нийгмийнхээ элит хэсэг, одуудад үйлчилж, haute couture хийж байж имиж, брэндээ бий болгодог. Гэтэл та эсрэгээрээ…
- За одууд гэж байна. Тэр дуучин, жүжигчнээ хэлээд байна л даа. Тэр хүмүүс над дээр ирдэг. Би тэдэнд таарсан аятайхан хувцас хийж өгөхийг боддог. Гэхдээ би өөрөө тэдэн дээр гүйж очоод хувцсаа надаар хийлгээч гээд явж чаддаггүй юм. Угаасаа хүн гуйж түүж явах ДУРгүй хүн. Тэр хүмүүс өөрсдийнх нь нэр хүнд, карьер, өнгө зүсэнд хэрэгтэй гэж бодож байвал өөрсдөө над дээр ирэх ёстой байхгүй юу. Тэр хүмүүст би том жижиг, сайн муу гэхгүйгээр үйлчилнэ.
Надад хангалттай нэр хүнд байгаа. Үүнээс илүү учиргүй их нэр, сүр хүсээд байх шаардлага алга. Одоо байгаа байдал маань надад таалагдаж байна.

- Загвар зохион бүтээгчийнхээ хувьд мөрөөдлөө биелүүлчихсэн гэсэн үг үү?
- Биелүүлчихсэн гэж бодож байгаа. Хотын төвд сайхан байранд өөрийн гэсэн бутиктай. Болоо. Үүнээс илүү юу хэрэгтэй юм. Хүн хэрвээ хоёр амьдардаг байсан бол магадгүй илүү их эд хөрөнгөтэй болох юмсан гэж бодох байсан байх. Нэг амьдардаг хорвоод  Дэлхийн бүх хог новшийг цуглуулна гэвэл хүний нас, амьдрал хүрэлцэхгүй. Тэгж явдаг хүмүүсийг би гайхдаг юм. Эрүүл мэндээ сүйтгэн сүйтгэн хэдэн төгрөгний араас ухаан жолоогүй  гүйгээнэ. Тэгээд л хэл аманд ороод, амьтан хүнд ад үзэгдээд. Тэгэх ямар хэрэг байна аа. Хүн үр хүүхэддээ юм үлдээх гэж явна л даа. Гэхдээ заавал мөнгө, эд хогшил биш юм.
Тэгэх тусмаа ард түмний мөнгө, хөрөнгөөр бий болгосон баялаг хүнд хоол болдоггүй. Үрэн таран хийгээд эсвэл хүнд алдаад дуусна. Жишээлбэл, загварын ертөнцөөс Гуччи байна, Версаччи, Шанель, эд нар чинь бүүр подвалаас эхэлсэн улс шүү дээ. Дайн дажин, эдийн засгийн хямрал тэр бүхнийг даваад өдий зэрэгт хүрсэн. Энэ бол хөдөлмөрийн үр дүнд бий болсон баялаг. Ийм зүйлийг өв залгамжилж байгаа үр хүүхэд нь авч явж чаддаг. Тэгэхгүй пал, цүл гэж орж ирсэн мөнгө юм болохгүй дээ.
Миний хувьд бас л подвалаас эхэлсэн. Долоон жил яс хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр сэтгэл хангалуун явж байна. Миний хүүхдүүд ээж минь үүнийг хийхийн тулд яаж байлаа гэдгийг мэдэх болохоор аваад явж чадна.

- Охидууд тань таны мэргэжлийг өвлөх нь үү?

- Үгүй. Огт өөр. Эдийн засаг, хэл, олон улсын харилцаа гэх мэт. Тав, зургаан хэлтэй. Надаас огт өөр салбарынх.
- Та сая стрессгүй амьдрах талаар ярьж байна. Гэтэл таныг харж байхад өнөөгийн нийгэмд бухимдаж, цухалдаад нервтээд байх шиг харагдах юм?
- Хүн хүний араншингаас шалтгаалаад нерв янз бүрээр илэрдэг. Хүн болгон өөрийн гэсэн зан чанартай байх ёстой. НамайгСоёлмаа, чамайг Урнаа гэдэг шиг араншин өөр өөр байна гэсэн үг. Би наанаа ингээд янз бүрийн юм яриад, хараалын үг хэлээд байгаа юм шиг боловч тэр зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнд эсвэл тархиндаа оруулдаггүй байхгүй юу. Бэлэн зэлэн хараалын үг, уур унтуу… Энэ бүхэн чинь миний баг. Нэг үгээр хэлбэл сум нэвтрүүлдэггүй хантааз гэх юм уу даа. Тэрнээс биш үнэн сэтгэлээсээ уурлаад, шаналаад байгаа юм биш. Би төрөлх араншингаа ингэж ашиглаж байгаа юм. Үүнээс болж миний бие хаа муудах, даралт өгсөж, уруудах юм огт байхгүй.
Би гэртээ бол өөр байдаг. Эргэн тойрныхоо хайртай хүмүүстээ би их зөөлөн ханддаг. Тэдэндээ үргэлж тусалж дэмжиж, хүндэлж, сэтгэл санааг нь өргөхийг хичээдэг. Эдгээр хүмүүс бол миний гэр бүл, ах дүүс, найз нөхөд хамт олон маань юм. Би хэнтэй яаж харьцахаа мэдэлгүй яахав. Гэтэл нэг сайхан инээж, ханиагаад, даруу төлөв царайлаад явж байгаа хүмүүс цаанаа л асар их сэтгэлийн бухимдалтай, стресстэй явдаг байхгүй юу. Шөнө нь нойр хүрдэггүй, янз бүрийн эм тан, зарим нь ганцаараа архи уудаг гэж байгаа. Хүн ер нь дотроо байгаа зүйлээ гаргаж байх ёстой гэж би боддог юм. Нууж ерөөсөө болохгүй. Тэглээ гээд хэн хохирох юм бэ? Тэр хүн өөрөө л хохирно. Зарим нь бүдүүлэг, хараалын үгхэлж байг л дээ. Дүрэм хаана байгаа юм. Бусад хүн чамайг юу гэх нь чухал биш, хамгийн түрүүн өөрийгөө бодох хэрэгтэй байхгүй юу. Би яамаар байна, юу хүсээд байна. Соёлмаа чамд энэ ямар байна. таалагдаж байна уу, үгүй юу? Өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй. Дээр нь зөн совин гэж чухал юм байна. Ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө чагнаж, зөн совингоо мэдэрч, ирээдүйд болох үйл явдлыг таамаглаж. түүнд үзүүлэх хариу үйлдлээ урьдчилж бодож байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд өөрийнхөө зөн совинг хөгжүүлж чаддагүй юм аа. Дотоод сэтгэлээ чагнаж чадахгүй, дээр нь баригдмал, хүлэгдмэл. Дүрэм, журам, барьерт баригддаг. Эмэгтэй хүн тэгэх ёсгүй, ингэвэл муухай гэж байх жишээтэй. Энэ муухай, энэ сайхан гэж ангилал бий болгодог. Муухай юм сайхан, сайхан юм муухай болох үе байна ш дээ, бас. Бүх юм минут, секундээр хэмжигдэж өөрчлөгдөж байна, цаана чинь.

- Таны энэ хурц араншин таны карьерт нөлөөлдөг үү?

- Нөлөөлдөг. Гэхдээ дизайнер хүмүүс ихэвчлэн ийм хурц араншинтай байдаг. Би ер нь авьяастай хүмүүсийгхүндэлжхайрла, тэдний гаргасан эвгүй зан харьцаа, хувийн амьдрал гэх мэтийг нь уучилж, өршөөж сурцгаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр авьяаслаг хүмүүсийн дуулсан дуу, тоглосон жүжиг, зохиосон зохиол, яруу найраг бидний амьдралд асар их энерги өгч байдаг. Тэдний асаасан галд бид тойрч суугаад бүлээцэж байна. Яагаад гэвэл тэд арай өвөрмөц сэтгэж, өвөрмөц амьдарч байж тэр уран бүтээлийг хийж байгаа шүү дээ. Ялих шалихгүй юмаар битгий тэднийг өөнтөглөөд байгаач.
Би таниас өөр нэлээд хэдэн дизайнертай уулзаж байсан. Тэдний дунд тийм их хурц араншинтай хүмүүс байгаагүй дээ?
Тэгвэл тэд нар нэг их хол явахгүй. Чиний мэргэжил дээр плюс чиний имиж байх ёстой. Ер нь хурц ааштай хүмүүс их мэдрэмтгий байдаг юм.

- Өөрийнхөө имижийг тодорхойлооч?

- Миний имиж яг өөрийнхөөрөө байх. Би хэн нэгнээс шалтгаалж өөрт таалагдахгүй байгаа зүйлийг хийдэггүй. Хэзээ ч.

- Та анх Монгол үндэсний хэв загвартай хувцас гаргаж ирж байсан санагдана. Одоогийн Монголын дизайнеруудыг ажиглаж байхад ихэвчилэн үндэсний авангард хэв загвартай хувцаснууд эсвэл амьдралаас тасархай өдөр тутам өмсөх боломжгүй хувцас хийх нь элбэг байх юм…
- Би 1999 онд “Монголын гайхамшигт хатад” гэсэн нэртэй коллекцоо гаргасан юм. Долоон жил өнгөрч байна. Тэрнээс хойш бүх хүмүүс монгол хатад гэдэг загвар хийдэг боллоо. Бүгд. Бага зэргийн өөрчлөлт оруулаад л хийгээд байна. Өөр маш их сэдэв байна, гэтэл тэрийгээ л тойроод байдаг. Би хэрвээ юмыг өмчлөх сэтгэлтэй байсан бол тухайн үед патент авчих байсан. Гэтэл хувцас гэдэгбол ард түмний өмч байдаг. Миний хамгийн их дургүй хүрээд байгаа юм миний энэ загваруудыг бүр улиг болгочихож. Бүх шоу цэнгээнд нөгөө л хэдэн үндэсний загвартай хувцас нь явж байх юм. Өөр сэдэв алга уу?

- Дэлхийн хувцас загварын нийслэлийг Милан, Парис гэдэг. Яагаад?
- Яагаад гэвэл энэ дэлхийн бүх загварыг энэ хоёр хотод л хийдэг. Хэдэн мянган жилийн өмнөөс л хийлээ шүү дээ. Тэдэнд хувцас загварын бүх үндэс, технологи нь байдаг. Америкчууд хувцас хийх юм уу, үгүй шүү дээ. Сансар, мансараа л хийнэ. Япончууд цахилгаан бараагаа хийнэ. Миний хувьд Италийг шүтдэг. Франц косметик руу яваад орчихсон. Итали бол яг язгуурынх байдаг.

- Та эмэггэй хүнийхээ хувьд хувцаслалт, гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

- Эмэгтэй хүнийхээ хувьд би хамгийн түрүүнд эрүүл мэнддээ анхаардаг. Долоо хоногт гурван удаа бассейнд явна, саунд явна. Өдөр болгон тогос шиг гоё явдаг хүүхэнд би дургүй. Эмэгтэй хүн нэг өдөр муухай, нэг өдөр сайхан явж болно шүү дээ. Энэ бол сонирхолтой гэсэн үг. Нэг өдөр будаггүй, үс зүс нь нэг тиймэрхүү гудамжаар тэнээд явж байж болно ш дээ. Нөгөө өдөр бүр танигдахын аргагүй гоё болчихсон явж байдаг. Тэгж байж амьдрал чинь сонирхолтой болно. Өмссөн хувцсыг чинь хараад хүмүүс чамд янз бүр хандана. Энэ их сонин байдаг юм. Байнга гоё байдаг зүйлээс хүн их амархан уйддаг.

- Тэгвэл таны хамгийн гоё хувцас юу вэ?

- Надад хамгийн гоё нь гээд байх хувцас байхгүй. Ер нь тийм юм гэж юу байсийм. Хамгийн тийм юм, ийм юм гэдэг чинь туйлшрал. Одоо тэгээд бүгдээрээ л өмд өмсөөд гүйдэг болж дээ. Платье бол эмэгтэй хүнийг их тийм гоё зөөлөн, уянгалаг харагдуулдаг. Манай хүүхнүүд тэгээд шинэ жилээр л нэг өмсөх юм даа, хөөрхий. Хар гутал өмсвөл хар цүнх. шар гутал өмсвөл шар цүнх байх ёстой гэж ойлгодог. Шал инээдтэй бас өрөвдөлтэй. Энэ чинь социализмын үеийн сэтгэлгээ шүү дээ. Зааваг бүх хувцас хоорондоо зохицсон байх албагүй. Одоо дэлхий нийтээр зонхилж байгаа девиз, стиль юу вэ?Дуртай таалагдсан бүх өнгийь хувцсаа холиод өмс. Зохицсон байх албагүй. Зөвхөн чамд өөрт чинь таатай, ая тухтай байх ёстой. Гол философи нь ая тухтай байх. Бусад хүмүүст гоё харагдах албагүй. Тэдний бодол чамд түй ч хамаа байхгүй. Ер нь зөвхөн хувцаслалт биш аксессуар, интерьер, хоол бүх юманд ая тухтай байх нь чухал болсон цаг.

- Таны гоо сайхны идеал юу вэ?

- Гоо сайхны идеал аа. Мэдэхгүй, надад тийм идеал мидеал байхгүй. Нэг зүйлийг төгс төгөлдөр гэчээд насаараа түүнийг шүтээд сууж байх юм уу? Энэ чинь буруу гээд би хэлээд байна шүү дээ. Энэ дэлхий дээр тийм идеалный юм гэж байдаггүй. Өнөөдөр гоё байсан зүйл маргааш өөрчлөгдөнө. Яахав, дуртай дуучин, дуу гэж байна. Би бол монгол дуу сонсох дургүй. Харин морин хуурын аялгуу их сайхан. Гадаад дуу сонсдог. Пинк Флойд, Куин, за хаа нэг орос дуу.

- Эмэгтэй хүнд нэг бол карьер хөөх эсвэл гэр бүл гэсэн хоёр сонголт байдаг гэсэн яриа байдаг. Таны сонголт карьер байсан уу?

- Нэг бол карьер, нэг бол гэр бүл гээд хачин юм ярих юм. Тэгээд одоо карьераа хөөж байгаа нь энэ гээд насаараа гэр бүлгүй тэнэг юм шиг явах юм уу? Хоёулантай нь явна, за. Карьераа ч хийнэ, нөхөртэйгээ ч амьдарна. Ингэж л амьдрах ёстой байхгүй юу. Манай хүүхнүүд бүгд ингэж чадаж байна ш дээ.

- Хүн болгонд амжилтанд хүрсэн өөрийн гэсэн зарчим бий. Та зарчмуудаасаа хуваалцаач?

- Эхлээд маш том мөрөөдөлтэй бол. Зорилго тавь. Мөнгөгүй байж болно. За тэгээд мөрөөдлийнхөө дагуу юутай болмоор байна, юунд хүрмээр байна гэдгээ маш тодорхой бич, зур. Том байшинтай болмоор байгаа юм уу, гоё машин, гоё дэлгүүртэй болмоор байна уу? Өөрийгөө ямраар төсөөлж байна тэрийгээ ургуулан бод. Том босс болмоор байна уу эсвэл их хурлын гишүүн, ерөнхийлөгч ерөнхий сайд. Тэр бүхнийхээ зургийг өрөөндөө наа. Ц.Элбэгдоржийн нүүрийг урж аваад оронд нь өөрийнхөө нүүрийг наачих. Ингээд маш зугуухнаар урагшаа алх. Том алхаж болохгүй. Гүйж бүр ч болохгүй. Гүйх л юм бол нүхэнд унана. Маш их тооцоотой, болгоомжтой зугуухнаар урагшил. Дээр нь ухаантай бай, юмыг мэдэрч бай. Хэрэглээгээ шууд багасга. Өдөрт мянган төгрөгөөс илүү зарлага битгий гарга. Эцэст нь амжилтанд хүрнэ. Цаг хугацаа байхгүй гэж айх хэрэггүй. Хангалттай байгаа.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсье.

Н.Уранчимэг /”Гранд хүмүүс” ном/


URL:

Сэтгэгдэл бичих