ТАМИРЧДЫНХАА АМЬДРАЛЫГ НАСАН ТУРШИД НЬ БАТАЛГААЖУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасныг хүлээн авах ёслол Төрийн ордонд өчигдөр боллоо. Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олимпийн баг, тамирчдын ахлагч, Шадар сайд М.Энхболд, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид болон шигшээ багийнхан, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байв. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны наймдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдааныг даргалахдаа хэлэлцэн дэмжсэн саналаа уламжилсан юм. Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр дөрвөн сая, мөнгөн медальтныг гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулж, харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олимпийн зай, жинд алтан медаль авсан бол хоёр сая, мөнгө медальтанд нэг, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар боллоо.

Тамирчдад сар бүр, насан туршид нь мөнгөн урамшуулал олгох нь тэдний ахуй амьдрал, бэлтгэл сургуулилалт зэрэгт ихээхэн нэмэр болж, улам өндөр амжилт гаргах хүсэл, зоригийг бадраан, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах олон тамирчин төрөн гарахад томоохон түлхэц боллоо гэдгийг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, З.Ойдов, С.Бат цэцэг, Н.Түвшинбаяр нарын олимп, дэлхийн аваргын медальтнууд хэлж байлаа. Зарлиг хүлээн авах ёслолын дараа Олимпийн баг, тамирчдын ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийв. Манай улс энэ удаагийн олимпоос хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэн 56 дугаар байранд орсон. Харин нийт хүн амынхаа тоотой нь харьцуулахад дэлхийд долоодугаарт бичигдэх ам жилт үзүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

mongolnew.mn


URL:

Сэтгэгдэл бичих