Хот хөдөөгүй суугаад л, хөгшин залуугүй уугаад л…

Сүүлийн өдрүүдэд Улаан­баа­тарын амьдрал  уйт­гар­тай, хэрүүл тэмцэл ихтэй бай­на аа.

Дээдсүүд  нь суудлаа олох­гүй дэнжигнэлдэж байх зуур доод­чуудынх нь амьд­рал до­ройтсоор өдөр хоногууд өнгөрч байна. Ядаж бай­хад өнөө маргаашгүй Утаан­баа­тарын харанхуй өдрүүд эх­лэх гэж байдаг.

Хаашаа л харна түгжирсэн зам дээр хөмсөг зангидсан жолооч нар, тэдний аясыг харж дайруулчих шахан гүйлдэх явган зорчигчид. Авто­бусны буудал бүрт овоорч бужигналдсан бөөн хүмүүс. Дайрч унагачих шахан уралдан давхилдах ав­тобус дараа дараагаараа шах­цал­дан ирэх боловч дотор нь хөл гишгэх газаргүй уурлаж бу­химдсан зорчигчид дүүрэн. Нудралцах нь хол­гүй байж арай чүү авто­бусанд орж амжвал авч давхих хөөргөн жолооч нарынх нь арагш, урагш нь савуулан тормослож, нугас тасал­чихмаар явдал суудал нь аймшигтай.

Багтах зайгүй автобусны ая тух, амгалан тайвныг бол ярих ч юм биш. Ба­чимд­сан сэтгэл дээрээ бөөн бухим­дал нэмж үүрээд бу­шуухан  л буухын мөрөөс болно. Арай гэж нэг юм  авто­буснаас буувал зам засварч­дын  зунжингаа овоолж хаясан элдэв хог нов­шинд таварцаглаж ойчих гээд, ухсан нүхэнд нь  унаж үх­чих гээд ээ дээ мөн ч яггүй дээ.

Урьд нь явган хүний зам байсан өнөөдрийн там дээгүүр дэгэнцэн догонцон харайлгаж явсаар гэртээ ороход   замын тоос шороонд дарагдсан тол­гойтой үс зэвхий саарал, өмс­сөн хувцас тамтаггүй  хир буртаг. Өдрийн бүх л бу­хим­дал, Улаанбаатарын амьд­­ралын нэг өдрийн тоос шорооноосоо салъя хэ­мээж, усанд цэмбийтэл орж, хоолоо идчихээд сэтгэл сэр­гээд зурагт харахаар дахиад л болж бүтэхгүй бүхэн дэл­гэц дүүрч,  ялимгүй амарч бай­сан сэтгэл рүү хүйтэн ус нэлс­­хийтэл цацах нь гайхаж цочмоор.

Ганцхан өдөрт 17 хүн цаг бусаар хорвоог орхилоо л гэнэ. Ургийн гажиг 30 хувь нэмэгдлээ л гэнэ. Жирэмслэлт 40 хувь буурлаа гэнэ. 15-17 насны хүүхдүүд элдэв цавуу, ахуйн хэрэглээний хий үнэртэж мансуурах нь сүүлийн хоёрхон сард  21 удаа бүрт­гэгдсэн. Гэтэл тэднээс дөрөв нь амиа алд­лаа л гэнэ. Согтуугаар тээв­рийн хэрэгсэл жолоодох нь эрс нэмэгдэж, амралтын өдөр 48 жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ л гэнэ. Аймшигтай. Аргаа бараад зураг­тынхаа сувгийг дээрээс нь доош дуустал гүйлгэсэн ч ихэнх сувгаар Монголын амьдралын аймшигтай дүр зураг, ухаж сэндийчсэн уур­хайн хаягдал, хогон дунд бос­­госон  овоохойдоо нүд, шүд нь гялалзаж суугаа орон гэргүйчүүд,  үгүй бол жагсаж тэмцэж сандал сууд­лаа булаацалдсан дарга нар л харагдана.

Амьдрал үргэжилсээр хэдий ч гялтайж гялайлгах юм тун ч ховор байна хөөр­хий. Ядаж байхад энэ өвөл аймшигтай хүйтэрч, тэр ч бай­тугай дэлхий шилгээж, аюултай сүйрэл болно хэмээн “орифлеймчин” Г.Оюунгэрэл, “Монгол аура” төвийн тэргүүн гэгдэх Б.Сарандаваа нар зэрэг далдыг хардаг шидтэнүүд орой бүр дэлгэц дүүргэн тачигнах нь  айж эмээсээр байгаад  атгахан бол­чихсон үнхэлцэгийг минь хагал­чих шахна.

Тэдний айлдсанаар бол дэлхий дэлбэрч, галав юүлэхэд тэсээд үлдэх ганцхан авралын орон нь монгол гэр гэж байгаа. Нээрээ бодоод байх нь ээ галав юүлж, газар хөдөлж байхад гэрийн маань унь л  толгой  дээрээс унахаас өөр сүйдтэй шийт­гэлийг монголчууд бид ам­сахгүй  шиг байгаа юм. Харин хүн төрөлхтний сүүлчийн ганц  хорогдох байр болсон монгол гэрийн үнэ ханш  арванхоёрдугаар сарын 21-нээс урьтаад талийж өгч байгаа нь бас л сэтгэл зовоож буй. Хамгийн гачлантай нь гур­ван өдөр таг харанхуйд тар­вага шиг гэртээ бүгэх бид түлээ, нүүрсээ сайтар базааж авахгүй бол хэцүүдэх нь тодор­хой. Тийм сүрхий аюул болох гэж байхад энэ муу сайн нүүрс тү­лээний ченжүүд үнэ ханшаа тэн­гэрт тултал нь хөөрөгдсөн нь бухимдаж тарчилсан сэт­гэ­лийг минь  бас л дахин зовооно.

Орон сууцанд амьдардаг мань мэтэд түлээ, нүүрсний үнэ  огтхон ч хамаагүй санагдавч зуу­хандаа хийх тэвэр түлээ, түмпэн нүүрсгүй, хөлдүү гэрт ходоод нь хонхолзон уйлж суугаа халтар жаалууд нүдэнд харагдаж, хоолой дээр дахиад л бөөн хар юм тээглэнэ. Орон сууцныханд ч ялгаагүй бөөн зовлон байж л байна. Өглөөнөөс орой болтол байн байн цахилгаан тасрах нь энэ зун, намрын хувьд жирийн үзэгдэл болсон. Хаяа дэрлэн шавааралдах  орон сууцны барилгуудыг халуун ус, цахилгаан, дулаанаар хангаж дийлэхгүй өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна. Муу амлаж ч байгаа юм биш. Энэ өвөл тас хөлдчихгүй шиг хавартай золгодог байгаа даа л гэж бодогдоно.

Цэвэр агаар төслийг 30 тэр­бум төгрөгөөр сан­хүү­жүүлж, Улаанбаатарын утааг 25 хувь буурууллаа гэж  бахирал­даад байсан хотын хуучин удирдлагууд  хаашаа зуг­таад алга болсон юм бүү мэд.

Сандал ширээгээ булаа­цалд­сан дарга нар үүрээ эвдүүлсэн шор­гоолж шиг  шавааралдаж бодит амьдралаас тасраад байгаа энэ л үед архи, там­хинд хордож, нөгөө ертөнц рүү зүй бусаар талийж одож байгаа гашуухан тавилантай монгол хүний тоо толгой өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Өнөө маргаашгүй цас орж тэсгим хүйтэн өвөл эхэлнэ. Энэ нийгмийн золиос болж хаягдаж гээдсэн орон гэргүй хүмүүс өдөрт 20,30-аараа  осгож эндэх нь тодорхой.

Өлсөж ядарч, даарч бээр­сэн тэдний өл залгадаг ганц­хан хоол, унд нь 1000-1500 төгрөгийн үнэтэй хятад техникийн спиртээр най­руул­сан архи нэртэй хор. “Бидний ходоод гэдэг чинь чонын ходоод л гэсэн үг” хэмээж ду­ниарт­сан уйтгартай нүдээр сүүмийн ширтэх согтуухан эр, түүнийг дагаж яваа хөх няц болсон нүүртэй хүүхэн  хоёр хаврын улиралтай эсэн мэнд золгох нь эргэлзээтэй.

Улаанбаатарын энэ их бухимдал, болж бүтэхгүй бүхнийг дагаад монгол хүний ёс жудаг, халуун сайхан сэтгэл хулжиж одсон нь  бүр ч аймшигтай. Орой үдэш ганц нэгээрээ явалтгүй болсон. Хаанаас дээрэмчин, тонуулчин гарч ирээд хүйтэн мэс тулгах бол гэхээс харагдсан бүхэн рүү хялалзаж, хөмхийгөө тас зуусаар харайлгана.

Улс эх орон маань хөгжөөд байна уу, хөлхөөд байна уу. Хүн ард нь дэвжээд байна уу дордоод байна уу. Хот хөдөөгүй суугаад л хөгшин залуугүй уугаад л. Зон олон маань нэг л зовсон шинжтэй харагдахгүй байна уу эрхэм дарга нар аа. Та нарыг эрх ямба, алба тушаалаа булаацалдан хэдэн хэсэг болчихоод архиралдаж байх хооронд монгол түмэн уруудаж, ядарч гүйцлээ. Хахир өвөл ч боллоо.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих