Агаарын бохирдол ихэсч байна, хүүхдээ тэвэрч яваарай

Дэлхийн 200 гаруй орны нийслэл, хотуудад хийсэн агаарын бохирдлын судалгаагаар манай улс аман хүзүүдсэн болохыг “Time” сэтгүүл онцлоод хэд хонож байна. Өнгөрсөн арав гаруй жилийн турш бид агаарын бохирдолтой янз бүрийн аргаар тэмцсэн ч гавьтай үр дүнд хүрээгүй л байна. Утааны найрлагад агуулагдах хорт бодисууд байх ёстой хэмжээнээс даруй арав хорь дахин их гарсан байна. Энэ нь хүн амын дундах өвчлөлийг нэмэгдүүлж, ялангуяа бага насны хүүхдүүдийг амьсгалын замын өвчинд өртөмтгий болгох, янз бүрийн харшил, суурь өвчний үндсийг тавьж байгааг эмч нар анхааруулдаг. Нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан болон давхар исэл, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдлын 90 гаруй хувь нь дутуу шатсан нүүрснээс эх үүсвэртэй. Өнгөрсөн жил агаарын бохирдлын оргил үед хийсэн судалгаагаар нийслэл хотын утаа нэг нялх хүүхэд өдөрт зуун ширхэг тамхи татсантай тэнцэхээр болсон гэдэг. Мөн хотын хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагынхны сэтгэлийг түгшээсэн асуудал хэвээр байна.

Төв суурин газар амьдардаг хүүхдүүдийг хөдөө орон нутгийнхтай харьцуулахад өвчлөлд өртөх нь 12 дахин их. Тэр дундаа гэр хорооллын галлагаатай сууцанд амьдардаг хүүхэд орон сууцанд амьдардаг хүүхдийг бодвол тав дахин их ханиад шуухинаа, хатгалгаа тусдаг байна. Амьсгалын замын өвчний 53 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд уушигны хатгалгаа бага насны хүүхдийн эндэх шалтгааны эхний тавд орж байгаа аж. Хүүхдийг насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хурдан амьсгалж биеийн нэг килограмм жиндээ амьсгалаар авах хортой бодисын хэмжээ илүү байдаг нь тэдний бяцхан уушиг агаарын бохирдолд илүү өртдөгийг харуулж байгаа юм. Нөгөө талаас, хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаараа амьсгалдгаас агаарын хор нь хамраар шүүгдэлгүй тэдний хөгжиж гүйцээгүй уушигны эд эсийг гэмтээдэг талтай. Хамгийн ноцтой нь агаар дахь хамаг хүнд хортой нэгдлүүд газраас 50-60 см-ын зайд оршдог учраас эцэш эхчүүд агаарын бохирдолтой улиралд хүүхдээ хөтөлж биш тэвэрч явснаар хордохоос нь бага ч гэсэн сэргийлж чадах юм.

 

З.Намжилмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих