АТГ “цэнхэр” Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг уу

“Танай таван хүнийг бариад хорьчихсон байхад сонгуульд ялахыг чинь харна” гэсэн Б.Хурцын үг бол жинхэнэ факт. Нидэр дээрээ АТГ хэний тушаал заавраар ажиллаж байна вэ гэдгийг бэлхнээ харуулж буй үйлдлүүд ар араасаа цувсаар. Жишээ нь засаг дарга нарыг эрүүдэн шүүж буйгаа ид бах болгон тайлагнасан нь хэн дургүй хүргэснээ занаж, амьдаар нь тамладаг гучаад оны аймшигт хэлмэгдүүлэлтийг өөрийн эрхгүй санагдуулсаар ирлээ. Ардчилсан намын засаг дарга, газрын луйварчингуудын нэр ч АТГ-ын хормойн дор нуугдаж буй явдал үүнийг гэрчлэх биз. Тэдэнтэй тэмцэл өрнүүлэх нь нар баруунаас гарахын үлгэр агаад МАХН-ын дарга Н.Энхбаярт сургаар үүсгэсэн хэргийн сүрийг дэндүү дарагдуулахад гол утга учир нь оршиж байна уу гэлтэй.
“Ардчилал хэмээх үгийг 22 жил “ардчилалгүй” өмчилсөн Ардчилсан нам Ерөнхийлөгчөөрөө дамжуулж Авлигатай тэмцэх газрыг сонгуулийн хөзрөө болгон тоглож байна” гэх мессеж ч ард түмний дунд аль хэдийнэ тархлаа. Хорслоо дийлэхгүй хоёр хүүхэн бие биенээ хүзүүдэж унагаад байгаа юм шиг албин улс төр ард түмнийг залхааж байна. Ардчилсан намын гаралтай Засаг дарга Б.Бадраа, Ж.Батсуурь нарын дураараа дургилт АТГ-ын хараанд өртөхгүй байна гэвэл юу л бол. Б.Бадраагийн Өмнөговь аймгийн төвд 1.6 тэрбум төгрөгөөр хийсэн хүлээн авалт Н.Энхбаярын гэх арга ядсан, зохиомол хэргийн дэргэд дэндүү “ардчилсан” луйврын илэрхийлэл биш гэж үү. Хилийн наана, цаана хаус барьж эхнэр хүүхэд нь дуртай үедээ ирж очдог болтлоо тэр баян бүс нутгийн хөрөнгөөр туйлж буйг АТГ харахгүй байгаа хэрэг үү. Хүүхдийн паркийн газрыг өмчилсөн гэх хэсэг бүлэг хүмүүсийн нэрс нийгэмд цочроо өгчихөөд байхад АТГ нүдэн балай, чихэн дүлий суух нь юу вэ. УИХ-ын сонгуулийн өмнө “Сод Монгол”-ын гэх тодотголтой Ц.Анандбазарыг намынх нь байрны гадаа барьж хорих ажлыг Дорноговийн фракцийнхны хатгалгаар Б.Хурц зохион байгуулсан гэх юм билээ. АТГ ард түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Шударга байх ёстой. Ерөнхийлөгч биш, ард түмэн тэдний далайлт байх ёстой. Үүрэг зорилгоо ухамсарлая хүмүүс ээ.
Р.Сүрэнхорлоо
shock.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих