МАХН гарахаараа, хөгшид үхэхээрээ айлгана

МАХН нэртэй Энхбаярын гэр бүлийн улс төрийн хүчин гэнэт Засгийн газраас чинь гарлаа гэсэн шантааж хийлээ. Гэр бүлийн нам гэдэг нь ийм учиртай юм. Саяхан МАХН-ын нэг ноён албан ёсоор “Н.Энхбаяр бол манай намын үнэт зүйл” гэж зарласан болохоор ингэж бичиж болно. Энхбаярын намын улс төрийн тактик бол өлсч цангаж үхэхээр айлган өрөвдүүлж, өөрийнх нь хүчтэй мэдээллийн хэрэгслүүдээр өдөр, шөнөгүй сонгогчдын тархийг угаах арга байдаг. Энэ мэх УИХ-ын сонгуульд амжилттай дүн үзүүлсэн. Бас энд тэндгүй өлсгөлөн зарлаж, суулт хийж орон нутгийн сонгуульд орсон боловч амжилт нь буурсан. Энхбаярын намын энэ шантаажлах мэх МАН-д цохилт өгч МАН-ыг хувааж чадсан. МАН-тай мөнхийн өрсөлдөгч Ардчилсан нам энэ гавьяаг нь өндрөөр үнэлж Засгийн газарт урьж оруулсан. Тэргүүн шадар сайдаа, Сангийн сайдаа дэд сайдтай нь, Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайд гээд гол албан тушаалаа харамгүй өгсөн.

Гэтэл тэд даварч эмнэлэгт шоронд байгаа даргыгаа суллахгүй бол Засгийн газрыг чинь унагана гэдэг мэхийг өөрсдийн хамтарсан Засгийн газартаа хийв. Өндгөө өгөхгүй бол сууж байгаа улиасыг чинь хуга мөргөнө гэдэг үнэгний үлгэр шиг юм болов. Алтанхуягийн Засгийн газар ямар хариу өгөх юм бүү мэд. Уг нь Монголын ард түмэн махаар дутна уу гэхээс МАХН-аар дутдаг тэр цаг өнгөрсөн. Ерөнхий сайд Алтанхуяг уг нь хамтраад ажиллая гэж бодсон юмаа. Болохгүй байгаа бол явбал яв даа гэж найрсгаар үдэх хэрэгтэй. МАХН-ын хэд явлаа гэхэд юун сайн юм бэ гээд битүүхэн алгаа ташаад сууж байгаа хүмүүс байгаа. Харамсалтай нь энэ шантааж бол Н.Энхбаярын өөрийнх нь дэглэсэн жүжиг, өөрийнх нь зохион байгуулсан шантааж биш. Н.Энхбаяр улс төрийн акц хийхдээ ийм арчаагүй мэх хийдэггүйг улс төрийн хүрээний ажиглагчид бүгд мэднэ.

Энхбаярыг 1996-2000 оны Ардчилсан намын дөрвөн Засгийн газар унагахыг, бас М.Энхболд, Ц.Элбэгдоржийн Засгийн газруудыг унагасан сценарийг би сайн мэднэ. Н.Энхбаяр бол эцсийн үр дүнг заавал тооцдог жүжгийн зохиолын жишээгээр бол төгсгөлийг нь сайн төгс хийдэг улстөрч. Шүүх хурал нь болох гэж байхад ийм арчаагүй хүүхдийн шантааж хийхгүйгээ мэднэ. Тэгвэл МАХН засгаас гарлаа гэж айлгах энэ шантаажийг хэн хийв. Парламентад суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болохоор Ч.Улаан, Д.Тэрбишдагва Тэрбишдагва болов уу нар энэ шантаажийг удирдаж М.Энхсайханыгаа би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй гэж хэлүүлэх тоглолт.

Тэрнээс МАХН засгаас гарах хоншоор дутна гэж МАН-ын ажиглагчид ярьж байна билээ. Эдийн засгийн том бүтээн байгуулалтад хэрэг болох мөнгө олоод ирлээ гээд бөөн баяр, царай нь гэрэлтчихсэн МАХН-ын шантааж тавьдаг тэр өдөр дөнгөж онгоцноос буулаа гээд Засгийн газрын 100 хоногийн концертод орж ирж харагдсан учраас Ч.Улаан лав оролцоогүй. Уг нь Засгийн газарт ажил сайн хийж чаддаг, төрийн эрх ашиг нэг хүний эрх ашиг хоёрыгоо ялгаж байвал аль намын хэн байх нь хамаагүй л дээ. МАХН-ын хувьд уг нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, С.Удвал нар бол Энхбаярын төлөө ажиллах уу, монгол төрийн төлөө ажиллах уу гэдгийгээ ялгах байтугай салгахтайгаа болсон төрийн дөрөө даахтайгаа улстөрчид. Тэгвэл Засгийн газраас гарна, Н.Энхбаярыг суллахгүй бол үхнэ гэсэн энэ арчаагүй шантаажийг хэн найруулсан байх вэ.

МАХН-ын их хурлын гишүүд дотор зөвхөн Н.Энхбаярын хувийн өмөөрөгч өмгөөлөгч хэдэн нөхөд бий. З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, дэд сайд Эрдэнэ хэн ч билээ. Тэд л ийм тоглолт хийж Н.Энхбаяртаа тал засах гээд бүүр хөгийн байдалд оруулан өмөөрч байгаа хүнээ нохойд барьдаг мод болгож байгаа юм. Бас Сангийн яам, Эрүүл мэндийн яам, болон мэргэжлийн агентлагуудад ажилд орох гэсэн хэдэн хүний шантааж энэ. Үнэндээ мэргэжлийн том яамны ажлын шаардлага битгий хэл харуул, үйлчлэгчид чадахгүй боловсон хүчин МАХН-д байхгүй.

Харин МҮАН бол төрийн нуруу өргөөд явчих чадалтай хүмүүс шат шатандаа бий. МҮАН-ын үнэт зүйл гэвэл арай ч ганц хүн биш үндэсний эрх ашиг гэсэн онол хүртэл бий. Харин МАХН бол ганц үнэт зүйлтэй, ганц хүнтэй улс төрийн хүчин. Ийм улс төрийн хүчин манайд л байдаг байх. Тэд өлсч цангаж үхнэ гэдгээрээ айлгаж, өрөвдүүлж шантаажилдаг ганц мэхээ нэг жилд даанч олон удаа давтан хийлээ. Хөгшид үхэхээрээ, хүүхэн явахаараа айлгана гэдэг шиг. Энхбаярынхан өлсөхөөрөө, МАХН явахаараа төр шантаажилдаг боллоо. МАХН-ыг хүсэлтийнх нь дагуу Засгийн газраас явуулчих. Цагаа тула­хаар тэд чадахгүй л байхгүй юу. Харин энэ удаагийн ээлжит шантаажийг эмнэлэгт байгаа Энхбаяр хийгээгүй байх.

Г.ДАШРЭНЦЭН

Эх сурвалж: Улаанбаатар таймс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих