О.Ариунзул: Европын загварын ертөнцөд хөл тавина

Энэ удаа бид “Шилмэл загвар” төвийн гэрээт загвар өмсөгч О.Ариунзултай уншигчдаа уулзуулж байна. Тэрбээр “Big fish” киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй юм. Түүний хүсэл мөрөөдөл,  хобби, зорилгын тухай сонирхсон юм.

-Тө өөрийгөө товчхон танил­цуулахгүй юу?

-Намайг Оюунбаатарын Ариунзул гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн банкны эдийн засгийн гуравдугаар курст сурдаг. “Шилмэл загвар” агентлагт гурав дахь жилдээ гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байна.

-Та аль нутгийнх вэ. Эсвэл хотын унаган хүүхэд үү?
-Үгүй ээ. Би Дорнод аймгийнх.

-Загвар өмсөгч болох гараагаа хэзээ эхэлсэн бэ?
-Дорнод аймагт 13 настайдаа “Үнсгэлжин” наадамд оролцож өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр шал­гараад хотод “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулж байсан.  Энэхүү наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд “Шилмэл загвар” төвийн багш нар байсан. Загвар өмсөгч болох гараагаа ингэж  л эхэлсэн. Үүний дараа “Шилмэл загвар” төвийн багш нараар хичээл заалгаж 14 настайдаа “Хаврын гоёл” наадамд оролцож байсан. Түүнээс хойш Дорнод аймагтаа 10 жилийн сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд орсон.

-Таны гаргаж байсан амжилт гэвэл?
Хоёр жилийн өмнө “Гоёл-2011” наадамд оролцож Германы “Grundig brand”-ийн нүүр царай гэсэн шагналыг авсан. Мөн Өвөрмонголын Ордос хотод болсон “Монгол туургатны гоо бүсгүй, гоо залуу” шалгаруулах тэмцээний шилдэг 10-т багтаж байсан. Мөн “Азийн топ модель” өргөмжлөл хүртэж байсан.

-Одоо хийхээр төлөвлөж байгаа ажил?

-“Шилмэл загвар” төвийн 2013 оны цаг тооны бичигт зургаа авахуулахаар Дархан хот руу явах гэж байна. Мөн ирэх сард зохиогдох “Гоёл-2013” наадамд агентлагаа төлөөлж оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.

-Таны ирээдүйн зорилго?
-Юуны өмнө их сургуулиа амжилттай төгсөхийг хүсч байна. Мөн агентлагаа төлөөлж оролцдог томоохон загварын наадамд амжилттай оролцох нь миний ойрын зорилго. Ирээдүйд Европын загварын ертөнцөд хөл тавьж, эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг хүсч явдаг.

-Та дуучин Б.Амархүүтэй хамтарч “Cool love” дууг дуулсан шүү дээ?

-Тийм ээ, Би дуулах дуртай. Намайг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвт­рүүлгийн ерөнхий найруулагч Б.Бор­хүү тенор хоолойтой гэдэг. Б.Борхүү манай “Шилмэл загвар” агентлагтай хамтарч ажилладаг юм.

-Таны хобби юу вэ?

-Би дуулах, бүжиглэх дуртай.

-Өөрийнхөө зан аашийг тодорхойлохгүй юу?

-Өөрийгөө төлөв даруу гэж тодорхойлно. Мөн гэр бүлийн хүмүүжил сайтай гэж хэлмээр байна.

-Та загвар өмсөгчдөөс хэнийг хүндэлдэг вэ?

-Топ модель Уянга эгчээс үлгэр дуурайлал их авдаг. Монголоос анх удаа “Азийн топ модель” наадамд оролцоод нэгдүгээр байрт шалгарч байсан, ухаалаг эмэгтэй гэж хүндэлдэг.


URL:

Сэтгэгдэл бичих