“Эрдэнэс таван толгой”-н хувьцаа боловсон дээрэм болох нь

Өнгөрсөн УИХ-аас гаргасан 51 дүгээр тогтоол ийм нэг залилан шиг “бантан”-г зуурч орхилоо. Энэ тогтоолоор Засгийн газар сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааг 933 төгрөгийн үнэтэй байхаар тооцож, үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах боломжийг нээсэн. Ингэснээр иргэд “Хувьцаа эсвэл мөнгө” гэсэн гэнэтийн сонголттой тулгарсан. Улмаар иргэдийн 50-иас илүү хувь нь хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь зарахаар болов. Компаниуд ч “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авах хүсэлтээ илэрхийлж, “ҮЦТТТХТ” ХХК-ийн дансанд 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол өмнөх парламентын сөрөг хүчнийхний нэрлэснээр “Боловсон дээрэм” байсан юм. Тийм ч учраас сонгуулийн дараа гарч ирсэн шинэчлэлийн Засгийн газрын зүгээс компани, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нэрлэсэн үнээр худалдаалах бодлогыг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Оронд нь Тавантолгойн IPO-г яаралтай хийж, хувьцааны жинхэнэ үнэ цэнийг тогтооно гэж шинэчлэлийн Засгийн газар амлаж буй.

Мэдээж иргэдийн хувьцаа жинхэнэ үнэ цэнээ олох нь чухал. Түүнчлэн Тавантолгойн хувьцаа зах зээлийн зарчмаараа олон улсын зах зээлд гарч, бодит үнэлгээгээ тогтоох ёстой. Гэвч энэ тохиолдолд сонгуулийн өмнө 20 гаруй тэрбум төгрөг зарлагадан байж, хувьцаа худалдан авсан 1000 гаруй аж ахуйн нэгжүүдийн мөнгийг яах вэ. Ядаж байхад компаниудын тушаасан мөнгө одоо болтол “ҮЦТТТХТ” ХХК-ийн дансанд байгаа эсэх нь эргэлзээтэй. Тухайн үед “Эрх баригч хүчин Тавантолгойн хувьцаагаар сонгуулийн мөнгөө босгох гэж байна” гэсэн хардлага өрнөсөөр байсан. Харин тэр үеийн эрх баригчид компани, аж ахуйн нэгжүүдийн мөнгөөр сонгуульдаагүй гэдгээ нотлоогүй гэдгийг сануулъя. Компаниудын мөнгийг хэрхэх талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодруулахад “Энэ асуудлыг Засгийн газарт оруулахаар бэлтгэж байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн төлсөн мөнгийг мэдээж буцааж төлнө. Хүний юмыг авсан бол буцааж өгч л таарна шүү дээ. Одоогоор компани, аж ахуйн нэгжүүдийн зүгээс ямар нэг гомдол ирүүлээгүй байна. Шийдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тогтсоны дараа мэдээлэл өгөх боломжтой” гэв. Мэдээж хувийн хэвшлийнхэнд мөнгийг нь буцааж өгөх нь гарцаагүй. Гэхдээ өмнөх Засгийн газрын хийсэн бантанг арилгаж, компаниудыг хохиролгүй болгох ёстой. 20 гаруй тэрбум төгрөгт хүү, алданги тооцох ч юм уу, ямар нэгэн арга байж болно. Тэгэхгүй бол нэгэнт хувьцаа худалдаж авна гээд мөнгөө өгчихсөн байгаа аж ахуйн нэгжүүд тийм амар бууж өгнө гэж үү. Хувьцаагаа буцааж өгөх төдийлөн сонирхолгүй байгаагаа “Монгол 999” үндэсний нэгдлийнхэн хэлж байсан.

Үндэсний компаниудын “Монгол 999” үндэсний нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Б.Лхагважав “Тавдугаар сард “Монгол 999” үндэсний нэгдэлд бүртгэлтэй 1000 гаруй компани тус бүр 100 ширхэг хувьцаа худалдаж авсан. Монгол компаниудын үнэлэмжийг нэмэгдүүлэх, монгол хүн Монголын баялагтаа эзэн суух боломжийг бий болгох гэж л ингэсэн. Түүнээс биш хувьцаа худалдаж аваад ашиг олох гэсэн санаа огт байгаагүй. Харамсалтай нь сүүлийн үед Засгийн газраас гарч буй шийдвэрүүд үндэсний компаниудын оролцоог бууруулах чиглэлтэй гарч байна. Ингэж болохгүй” гэсэн юм. “Монгол 999” нэгдлийн хувьд үндэсний хөрөнгө оруулалттай 1000 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн. Түүнчлэн тухайн үед компаниуд хөрөнгө, чадлаа арвижуулах гэж жижиг, сажиг компаниудыг худалдан авсаар байсан. Одоо шинэчлэлийн Засгийн газар компаниудад хувьцаа олгохгүй гэнгүүт үндэсний компаниуд хэрвээ гомдол гаргавал хэрхэн шийдэгдэх нь үнэндээ тодорхойгүй байна. Аз болоход Ч.Улаан сайдын мэдээлснээр бол одоогоор ямар нэгэн гомдол алга.

Харин иргэдийн хувьд нийт 1.5 сая гаруй иргэний 90 гаруй хувь нь мөнгөө байр орон сууцны урьдчилгаа төлбөр, сургалтын төлбөр хэлбэрээр авахаа илэрхийлээд байсан. Нөгөөтэйгүүр иргэдэд бэлэн мөнгө нь илүү хэрэгтэй байгаа гэдэг нь өнгөрсөн удаагийн санал асуулгаар тодорхой харагдсан билээ. Тиймээс Засгийн газар ийнхүү бэлэн мөнгө олгохгүй, зөвхөн хувьцаа олгохоор болсонд тийм ч таатай хандахгүй байгаагаа хэлж байна. Баянгол дүүргийн иргэн Ц.Туяа “Анх санал авахад нь мөнгөө авна гэдгээ илэрхийлсэн. Долдугаар сардаа багтаад л мөнгийг олгочихно гээд байсан. Одоо бол тэр мөнгө ч худлаа болсон биз дээ. Анхнаасаа л ингэж хуурах хэрэггүй байсан юм. Шинэ Засгийн газар өмнөх засгийн бодлогыг тодорхой хэмжээнд үргэлжлүүлэх л хэрэгтэй шүү дээ. Мөнгөө хурдан авахыг бодож байгаа хүмүүс олон байгаа байх” гэлээ. Харин иргэн Н.Гантулга “Хувьцаа юу, мөнгө үү гэдэг нь чухал биш. Шийдэл нь л хурдан гараасай. Би сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авах хүсэлт гаргасан. Одоо болтол алга байна. Засгийн газраас зөвхөн хувьцааг олгохоор ярьж байгаа талаар сонсоогүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол шударга бус юм шиг санагдаж байна. Бэлэн мөнгө тараах нь буруу байж болох ч сургалтын төлбөр, орон сууцны урьдчилгаа хэлбэрээр мөнгөө авах хүсэлтэй хүмүүсийн хүсэлтийг харгалзах хэрэгтэй” гэсэн юм.

Ямартай ч шинэчлэлийн Засгийн газарт иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд, цаашилбал, гадаа­дын хөрөнгө оруулагчид болон “Эрдэнэс Тавантолгой” компанийг хохироохгүйгээр зөв шийдлийг олох үүрэг ногдож байна. Өмнөх Засгийн газрын зуурсан энэхүү “Хувьцаа юу, мөнгө үү” гэдэг бантанг арилгах гэж бас нэг хэцүү ажил гарч ирэх нь дээ.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих