Тансаг амьдралыг сурталчлахыг хориглосон хууль гарчээ

Хятад улсад тансаг амьдралыг ил тодоор сурталчлахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ.Энэ сарын 1-нээс эхлэн Бээжин хотын гудамжуудад байрлуулсан гоёмсог лимузин, бриллиантан шигтгээтэй бөгж, алдартай брэндийн цаг худалдаж авахыг санал болгосон зар сурталчилгааны самбаруудыг буулгаж эхэлсэн байна. Дээрх хуульд заасны дагуу «хааны», «дээдсийн зиндааны», «нэгдүгээр зэрэглэлийн» гэх мэт чимэг үгнүүдийг зар сурталчилгаанд ашиглахгүй ажээ. Хятадын эрх баригчид эдийн засгийн эрчимтэй өсөлттэй холбоотойгоор нийгэмд үүссэн баян, хоосны ялгааг гааруулахгүй байх зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.
Тансаг амьдралын эсрэг явуулж буй энэ арга хэмжээ нь дөрвөн сарын 1-ний инээдмийн өдөртэй давхцсан хэдий ч «тоглоом шоглоомоор» явуулж буй кампанит ажил огт биш юм.
Энэ сарын эхнээс хууль зөрчин, тансаг дээд зиндааныхны хэрэглэдэг барааны сурталчилгааг гудамжинд байрлуулсан тохиолдолд 30 мянган юань буюу 4600 орчим доллароор торгох ажээ.
Тус улсын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, уг арга хэмжээ нь уламжлалт зан заншлын үнэ цэнийг хадгалах зорилготой бөгөөд учир нь Күнзийн сургаалд баяжих хөрөнгөжихийг таашаадаггүй юм. Харин Хятадын эрх баригчид баян хоосны ялгаа маш ихэсч байгаагийн улмаас нийгэмд «тэсрэлт» гарахаас болгоомжилж байна гэж өрнөдийн хэвлэлүүдэд бичиж байна.

banjig.net


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих